Хэнтийн нөхөн сонгуулийг хойшлуулах асуудлыг МАН захиалж Х.Баттулгын баг гүйцэтгэв үү?

Хэнтийн нөхөн сонгуулийг хойшлуулах асуудлыг МАН захиалж Х.Баттулгын баг гүйцэтгэв үү?

Хэнтий аймагт болох нөхөн сонгуулийн тов зарлагдаж, улс төрийн намууд тус сонгуульд оролцох эсэхээ Сонгуулийн ерөнхий хороонд уламжлаад байгаа билээ. Одоогийн байдлаар 12 улс төрийн хүчин Хэнтий аймагт болох УИХ-ын нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлжээ.

Мэдээж хэрэг тус нөхөн сонгуульд гол өрсөлдөөн 3 намын хооронд болно хэмээн улс төрийн хүрээнийхэн ажиглаж байна. Эрх баригч МАН-ын хувьд өнгөрсөн 3 жилд хэрхэн ажилласан вэ? гэдэг дүнгээ тавиулах учиртай. Тус тойргийн сонгогчдийн итгэлийг хүлээж сонгогдсон Д.Гантулга нь тодорхой шалтгааны улмаас асуудал үүсч, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн билээ. Иймд МАН-ын хувьд тухайн нэрийг цэвэрлэх, мөн намынхаа өнгөрсөн ажлыг дүгнүүлэх гэх мэт хүндхэн тулаанд оролцоно.

Харин сөрөг хүчин болох АН-ын хувьд өнгөрсөн сонгуулиар өвдөг шороодсон гашуун түүхээ давтахгүй, Ирэх 2020 оны сонгуульд нэр сүртэй орохын тулд хамгийн боломжит өрсөлдөгчийг нэр дэвшүүлэх биз.

МАХН-ын хувьд эргэн мандах боломж нь энэ удаагийн сонгууль хэмээн харж байгаа. Тэдний хувьд найрсагаар чулуу хөөлгөх болсон. Энэ нь уг сонгуульд хэн ч танихгүй нэг эрхэм тус намаас өрсөлдөнө хэмээн ярих болов. Үнэн хэрэгтээ тус сонгуульд өрсөлдөх бэлтгэлээ эртнээс базаасан эрхэм бол Н.Энхбаяр. Хэнтий аймагт ажиллаж, Э.Бат-Үүлтэй хүртэл нөхөрлөх болсон нь Хэнтийн сонгуульд бэлдэж буй илэрхийлэл болов уу.

Энэ өдрүүдэд Хэнтий аймагт МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажиллаж байна. Түүний хувьд чухам яагаад заавал Хэнтий аймаг. Тэр дундаа Хэнтий аймгийн Жаргалтаан суманд иргэдтэй уулзаж, орон нутагт ажиллав гэдэг анхаарал татаж байгаа сэдэв. Энэ тухай АН-ын УИХ дахь зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат: Нөхөн сонгуульд бэлдэж, тойрог усалж явна хэмээн хардаж буйгаа илэрхийлсэн. Үнэн байх магадлалтай л зүйл.

Гэхдээ үүний хажуугаар бас нэг тоглоом өрнөж эхлэв.  Судлаач Д.Ганхуяг гэгч эрхэмийн гаргасан үйлдэл юм. Түүний хувьд чим чимээгүй сууж байсан атлаа гэнэт л Үндсэн хуулийн цэцэд асуудал дэвшүүлж эхлэв.

Судлаач Д.Ганхуягийн зүгээс "Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн энэхүү мэдээллийг гаргаж байна" гэжээ.

УИХ-ын 49-р тогтоолоор Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн байдаг. Д.Гантулга нь УИХ-ын тухай хуулийн 6,6,3 гэсэн заалтыг үндэслэн УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байдаг юм.

УИХ-ын тухай хуулийн 6.6.3. гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан; хэмээн заасан байдаг билээ.

Энэхүү үндэслэл нь Үндсэн хууль зөрчсөн байна хэмээн судлаач Д.Ганхуяг Үндсэн хуулийн цэцэд гаргасан гомдолдоо тусгасан байна.

АН-ын дарга С.Эрдэнэ: АН-ын хувьд Хэнтий аймгийн 42-р тойрогт болох нөхөн сонгуулийг явуулах зайлшгүй шаардлагатай гэж харж байгаа. Гэтэл МАН-ын зүгээс аль болох явуулахгүй байх. Энэ асуудлыг хойшлуулах арга сүвэгчилж байна. Өмнө нь МАН-ын гишүүн Үндсэн хуулийн цэцэд хандаж асуудлыг хойшлуулсан. Энэ удаа мөн л МАН-ын гишүүн Цэцэд асуудал гаргаж тавив. Гэхдээ бүр Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг эргэн сэргээх тухай ярьж байна. Энэ бол ард олныг доромжилсон хэрэг  хэмээн байр сууриа илэрхийллээ.

Судлаач Д.Ганхуяг нь олон төрлийн улс төрийн нийтлэл бичдэг нэгэн. С.Эрдэнэ даргын хэлж байгаачлан МАН-ын гишүүн биш.  Харин АН-ын гишүүн хэмээх тодотгол цахим орчинд байдаг. Нэг хэсэг иргэний хөдөлгөөнийхөнтэй нийлж, улс төр өрнүүлж явсан. Тэр дундаа Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх Уянгатай ойр нэгэн. Энэ утгаар нь авч үзэх юм бол судлаач Д.Ганхуяг нь Ерөнхийлөгч Х.Баттулгатай ойр хэмээх тодотгол илүү ойртож очих юм.

Иргэн Д.Ганхуяг нь Үндсэн хуулийн цэцэд УИХ-ын 49-р тогтоол буюу УИХ-ын гишүүнийг чөлөөлөх эсэх асуудлыг шийдсэн шийдвэр нь Үндсэн хууль зөрчсөн хэмээх гомдол гаргасан явдал нь улс төрийн захиалгатай ажил хэмээх хардлага АН болон МАХН-аас гарч байна. Нөгөө талдаа зарим жижиг намуудын төлөөлөл энэхүү үйл явцыг МАН-ын захиалгаар Ерөнхийлөгчийн баг гүйцэтгэж байна хэмээн хардаж суугаа юм.