Шударга бусын хонгилд хэлмэгдэгсдийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус холбоо өнгөрсөн сарын 16-нд байгуулагдсан юм. Энэ хугацаанд 83 хүнээс санал хүсэлт тэдэнд иржээ. Тэдгээр хүмүүс нь хууль хяналтын байгууллагын хууль бус ажиллагаа, захиалгат хэлмэгдүүлэлтэд өртсөн талаараа санал гомдлоо ирүүлсэн байна. Иргэдийн гомдлыг Шударга бусын хонгилд хэлмэгдэгсдийн холбооны хуульчдын баг судалж байгаа талаар тус холбооны тэргүүн Л.Гансүх мэдээллийн үеэр хэллээ.
Мөн эхний ээлжинд гурван иргэний хэлмэгдсэн асуудлаар УИХ-аас байгуулагдсан хүний эрх, шударга ёсыг хангах ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Х.Нямбаатар болон ЦЕГ-ын дэргэдэх мөрдөн байцаах албаны тусгай субьектын үйлдсэн гэмт хэргийг шалгах хэлтсийн удирдлагад хандаж буй аж.