Байлдааны зориулалттай их хэмжээний сум алдагдсан хэрэгт холбогдуулан гурван хүнийг саатуулжээ
Төв аймгийн Алтанбулаг сумын Аргал хоёрдугаар багт байрлах Зэвсэгт хүчний 311-р ангиас их хэмжээний бууны сум хулгайд алдагдсан ноцтой хэрэг гарсан байна. Тодруулбал, тавдугаар сарын 6-ны өдрийн 10:10 цагт тус ангиас “Хулгайд эд зүйл алдагдлаа” гэх мэдээлэл Төв аймгийн цагдаагийн газарт ирүүлжээ.
Цагдаагийн алба хаагчид тус ангийн алба хаагчид болон шинжээч эмчийн хамтаар мэдээллийг шалгах зорилгоор үзлэг хийжээ. Өмнөх тооллогын баримт, одоо байгаа зэвсгийг тоолж, агуулахаас юу алдагдсанг нь тогтоож, цэргийн ангийн агуулахыг хариуцсан ажилтан зэргээс асуумж авчээ. Гэтэл тавдугаар сарын 4-ний өдөр тус цэргийн анги эд зүйлийн ээлжит тооллого хийх үеэр 7,62 мм-н голчтой 16,350 ширхэг бууны сум алдагдсан байсныг мэдсэн байна.
Энэ хэргийг Эрүүгийн цагдаагийн албанаас Төв аймгийн цагдаагийн газартай хамтран шалгаж байгаа бөгөөд уг хэрэгт холбогдуулан гурван хүнийг баривчлан саатуулжээ.
Шалгалтаар цэргийн ангиудаас алдагдсан байлдааны зориулалттай их хэмжээний сум нь хууль бусаар сум зардаг зохион байгуулалттай этгээдүүдийн гараар орсон байсан нь тогтоогдсон байна. Их хэмжээний байлдааны сум алдагдсан хэрэгт шалгалтын ажиллагааг явуулж, хууль бусаар байлдааны сум, хэрэгслийг зарж борлуулдаг бүлэг этгээдүүдээс 45.000 орчим сумыг хураан авчээ.