Ингэхэд, ардчиллын алтан партизан, Ардчилсан намын лидер Л.Болдыг Ардын намын "цагаан хоолой" болчихсон зарлагч хийж явна чинээнд хэн саналаа. Юм ийм айхтар аж.
Нэрт эрдэмтэн, соён гэгээрүүлэгч, Шинжлэх ухааны доктор, профессор Сономын Лувсанвандангийн хүү түүнийг яах аргагүй элит гэр бүлээс гаралтай гэж тодотгодог. С.Лувсанвандангийн нэрэмжит Гоо зүйн дээд шагналыг тэр жилийнхээ онцлох хүнд олгож ирсэн. Монголын их утга зохиолын хамгийн уянгалаг эрдэмтний үргэлжлэл гээд бодоход Л.Болдын хувь хүний ертөнц бол ховорхон тохиол юм. Монголд дэлгэрсэн ардчилсан хувьсгалыг гардаж явсан хүн гэсэндээ хүний эрх, эрх чөлөөний мэдрэмжтэй, хүний эрхийн асуудлаар чуулган дээр дуугарчихдаг цөөхөн гишүүний нэг нь гэж улс төр сонирхогчид түүнийг үнэлж байлаа. Дөрвөн удаа хууль тогтоох дээд байгууллагад гишүүнээр сонгогдож, хоёронтоо монгол төрийн сайдын албанд зүтгэсэн тэрбээр улстөрчдийн хувьд ёстой нөгөө “аядуу зөөлөн” нь байв даа. Л.Болд гишүүн юу яалаа, жагслаа, тэмцлээ, урлаа, тасадлаа гэж дуулдаагүй дэг. Гэтэл одоо...
Өөрийнхөө байгуулсан “Голомт” банкийг бусдадаа булаалгасан гэх үеэс л улс төр, бизнесийн хувьд ганцаар явдаг болсон. Ганцын зовлон их юм гэж цоо шинэ намд ханьсаад байгаа С.Жавхлан нь ярина лээ. Нээрэн ч тэр үү, ганцаарчилсан тоглолт нь яван явсаар Ардчилсан намыг хагарсан шил шиг тарж бутрахад хүргэчихлээ. “Л.Болд гишүүн намаа хаясан. Үгүй. АН нь шахсан. Үгүй, Л.Болд л урваад явсан” гэдэг ийм яриа үлдэж, ардчиллын алтан хараацай гишүүн маань Ж.Батзандан, С.Жавхлан хоёртой нэг уяанд очоод орчих юм. Хайран чиг ардчилагч. Хайран чиг эрэмбэ.
Монголын түүхэнд хар толбо үлдээсэн долдугаар сарын 1-ний хэргийг өдөөж, ард түмнийг турхирсан хэргээр “ганцад” орж явсан Ж.Батзандантай барилдлагатай болчих ч гэж. Ордны хашаа руу морьтой цогиж орж, 21 оны хувьсгалыг санагдтал хувьсгалжиж, хөдөөжиж давхисан С.Жавхлан гишүүнтэй ижий ахай болтлоо л Л.Болд дордоо юу гэмээр зураг харагдах аж. Ж.Батзандан, С.Жавхлан, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан гэсэн хэдэн хүүхдүүдтэй гүйлдэж, парламентын засаглалыг хазайлгах дөхсөн гэхээр юу ч гэхэв. Монголд хөгжиж яваа парламентын засаглалын үндэс хөрсийг өөрөө бүтээлцсэн байтлаа, даанч яав.
Тагнуулын дарга асан Б.Хурцыг Элчин сайдаар томилох тухай асуудал байнгын хорооны хурлаар ороход нэгэн нууц яриа дэлгэгдэж, Л.Болд гишүүнийг ноцоочихсон. “Л.Болд гишүүн Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхад хоёр гурван асуудалд орсон. Хойд Солонгост зэвсэг зарах гээд 300 мянган доллар авсан. Танаас болж хоёр хүн Хойд Солонгост цаазлуулсан. Танаас болж Батлан хамгаалах яамны генерал ял авсан. Молекул гэж найзынх нь хүүхдүүд асуудалд орсон. Та шударга хүн мөн үү. Би цааш нь ярих уу, яах уу” гэснээс хойш л Л.Болд гишүүн тал талын нээнтэгт ороод явчихсан. Мөн Л.Болд гишүүн Хөгжлийн банкнаас 30 тэрбум төгрөгийг өөрийн “Богд” банкныхаа харилцах дансанд хүү төлөлгүй авсан байна гэж Их хурлын гишүүн мэдэгдсэн. Энэ өвөлжин Засгийн газрыг хамгаалаад, жагсаал хийсэн нь цаанаа ийм учиртай гэж хардахаар байна гэж олон нийт ярьсан. Юутай ч өнөөдрийн зургаар Баянхонгор нутгаараа тал тохой татаж, Ерөнхийлөгч Х.Баттулгын хонхорыг бараадан түүний дэглэсэн улс төрийн үзэгдлийн голлох хэсэгт “утсан хүүхэлдэй” мэт хөдөлж байгаа нь ил болчихсон биш гэж үү.