Парламентат уг нь сөрөг хүчний бүлэг бий. Гэвч уг бүлэгт даацтай бодлого ярьдаг. Эрх баригчдын оруулж ирсэн хуулийн төсөл, хөтөлбөр, бодлогыг шүүрч аваад зөв бурууг нь дэнсэлчих чадалтай улс төрч тун маруухан байна. Ганц эмэгтэй улс төрч болох З.Нарантуяа л хааяа томоохон эдийн засгийн ач холбогдолтой хуулийн төсөл дээр ярихаас өөр энэ бүлэгт хэл нь ажиллаж, хэрүүл хийдэг ч хүн алга. Ж.Батзандан гэж бүхнийг харлуулах гэж орилдог нөхөр Намын даргын сонгууль гээд алга болсон. АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ ч мөн ялгаагүй тэгээд л яваа. Тэр ч бас намын бүлгийн дарга гэхэд сулхан ажиллаж байгаа нь үнэн. Өнгөрсөн хугацаанд сөрөг хүчний орон зайг сулдуулж, сулруулах ажлыг л тэр бүлгийн даргын хувиар гүйцэтгэсэн гэхэд болно. Б.Наранхүү гэж гишүүн АН-ын бүлэгт байдаг. Байдаг л нэртэй болохоос бүлгийн хуралдаа ч тэр, чуулганы хуралдаанд ч тэр сууж бараг л харагдахгүй. Хийдэг ажил, хэлдэг үг гэж маруухан. Дундговийнхон л сонгочихоод байгаа болохоос дүр эсгэсэн улс төрчийг үгүйлэх олон нийт алга. Түүнийг УИХ-ын гишүүнээр хэдэнтээ сонгогдсон гэдгийг хэлж мэдэхгүй, таньж мэдэхгүй түмэн энэ улсад байна. Хааяа нэг Л.Болд гишүүн ярьж байгаа харагдана. Гэвч бас л оновчтой шийдэл гаргаад олон түмний хэрэгтэй мэдээллээр хангах нь ядмаг. Яг түүнтэй ижилхэн эрхэм бол Б.Пүрэвдорж. Ховдоос сонгогдсон гишүүний туршлага нимгэн байна. УИХ-ын дэд дарга болсон Я.Санжятав гэдэг хүн ёстой таг болчихож. Уг нь төрийн бодлогод хамгийн ойр, мэдээлэл сайтай байх учиртай. Гэтэл бусдыгаа мэдээллээр хангаж бүхнийг хэлээд байх болов уу гэтэл байдаггүй ээ.
Өнөөдөр л гэхэд АН-ын бүлэг хуралдахгүй. Тус бүлгийн 9 гишүүний 6 нь чөлөө авчихжээ. Тухайлбал: ИХ-ын гишүүн Л.Болд, Б.Наранхүү нар гадаад томилолттой, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ж.Батзандан, Д.Эрдэнэбат нар намын даргын сунгаандаа яваад завгүй байгаа бол УИХ-ын гишүүн Д.Муратын ар гэрт ажил явдал гарсан гэнэ. Ингэж л сөрөг хүчнийхэн ажлаа хийж сууна. Харин эрх баригч нам 65-уулаа. дээр нь сөрөг хүчний орон зай нь байгаа ч ажлаа хийдэггүй учир амар байгаа л болов уу даа.