Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян мэдээлэл хийж, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон бусад асуудлыг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийн талаар байр сууриа илэрхийлэв.
Э.Эрдэнэжамъян: Ажлын хэсгийн шалгалт, дүгнэлт улсын нууцын зэрэглэлтэй байгаа. Гэтэл МАНАН-гийн үлдэгдэл болсон УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Оюутолгой компанид ажлын хэсгийн дүгнэлтийг өгч, улсын нууцыг задруулсан байна. Энэ бол Эрүүгийн хуульд заасан ноцтой гэмт хэрэг. Улсын нууцыг задруулаад зогсохгүй тагнуул хийж, эх орноосоо урвасан гэмт хэрэг болно. Д.Дамба-Очир гэдэг хүн 2008 оны УИХ-д байсан, Оюутолгойн гэрээг байгуулахад оролцсон хүн. Тэр утгаараа Оюутолгой компаниас хамаарал бүхий компаниараа дамжуулан ажил үйлчилгээ авах замаар авлига авсан байж болзошгүй. УИХ-аас томилогдсон ажлын хэсгийн нууцыг задруулсан үндэслэлээр энэ хүнд хариуцлага тооцохыг шаардаж байна. Тагнуулын байгууллага Д.Дамба-Очир гэдэг хүн Оюутолгойтой ямар холбоотой гэдгийг нэн яаралтай шалгаж, хэрэг үүсгэх ёстой. АТГ ч энэ хэргийг авч хэлэлцэх хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлэв.