Дубайн гэрээгээр Монгол улсын газар нутгийг барьцаалах эрхийг өгчихсөн

Дубайн гэрээгээр Монгол улсын газар нутгийг барьцаалах эрхийг өгчихсөн

Ч.Сайханбилэгийн толгойлж байсан Засгийн газар Оюу толгойн уурхайн хөрөнгө оруулагч талтай Дубайд очиж гэрээ байгуулсан билээ. Энэхүү гэрээ нь Монголын эрх ашгийг зөрчсөн, хөрөнгө оруулагч талд хэт нааштай хандсан уршигтай гэрээ гэх шүүмжлэл тухайн цаг үеэс гарч өнөөдөр хүртэл үргэлжилж байна.

Эргэн сануулахуй

Дубайд хийгдсэн Монгол улсын засгийн газар, Рио Тинто ХХК хооронд байгуулсан гэрээ нь Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө нэртэй 2009 онд байгуулсан Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар хийгдсэн гэрээ байдаг. Энэхүү гэрээнд хэд хэдэн ноцтой, Монголын эрх ашгийг хохироосон заалт орсон тухай улс төрийн хүрээнийхэн ярьдаг билээ.

Тухайлбал Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтанд зарцуулах нэрээр 4,2 тэрбум ам долларын зээлийг олон улсын банк, санхүүгийн байгууллагаас авах. Энэхүү зээл нь шууд Оюу толгойн далд уурхайд зарцуулагдахгүй. Тэрхүү зээл нь Рио Тинто ХХК-ийн төвд шилжиж, тус компаний хэрэгжүүлж байгаа бусад төсөлд зарцуулагдах юм. Харин тэрхүү 15 банкинд тавьсан зээлийг Монгол улсын засгийн газар 34%-ийг нь төлөх эрсдэлтэй нүүр тулж байгаа билээ. Энэ мэтээр 5 том зөрчил байгаа тухай тэр үеийн УИХ дахь МАН-ын бүлгээс байгуулагдсан ажлын хэсэг дүгнэлтээ гарган танилцуулж байсан билээ.  

  • 1.Энэ “гэрээ”-гээр 4.2 тэрбум долларыг гаднын банкуудаас авах болж байгаа. Ерөнхий сайдын тайлбар хийгээд олон нийт уг 4.2 тэрбум долларыг далд уурхайн бүтээн байуулалтад зориулж Оюутолгой компани авна гэж ойлгож байгаа. Гэтэл “Дубайн гэрээ”-гээр бол 4.2 тэрбум долларыг Оюутолгой төсөлд бус, “Рио Тинто” компанид татан төвлөрүүлж ашиглахаар тусгажээ. Энэ нь Монголд хохиролтой бөгөөд, уг зээлийг Рио Тинто ”толгой компани” гэдгээр өөр дээрээ авч зарцуулаад хүү, хураамжийг нь Оюутолгой ХХК төлөхөөр болжбайгаа нь олон улсын дүрэм журам, бизнесийн хэм хэмжээнээс давсан үйлдэл гэж ажлын хэсэг дүгнэжээ. Оюутолгой компанийн нэрээр авч байгаа учраас уг зээлийн 34 хувийг Монголын тал төлөх юм.
  • 2.Оюутолгой компанийн нийт хөрөнгийн 34 хувийг Монголын Засгийн газар эзэмшдэг. Тийм учраас Засгийн газрын хөрөнгийг барьцаалах болбол УИХ-аас заавал зөвшөөрөл авах тухай хуулийн хэд хэдэн заалт байдаг юм байна. Гэтэл энэ зөвшөөрлийг авалгүйгээр УИХ-ын бүрэн эрхэнд халдаж Оюутолгойн компанийн хөрөнгө, ашиглалтын тусгай зөвшөөрлийг барьцаалан зээл авахаар болсон нь хууль зөрчсний дээр Монголын талыг эрсдэлд орууллаа гэжээ.Өөрөөр хэлбэл, Монголын парламентын мэдэх асуудлыг УИХ-ын өмнөөс “Эрдэнэс-Оюутолгой” компани шийдэж байгаа нь хуулийн зөрчил болсон бололтой.
  • 3.2009 онд баталсан Хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгчдийн гэрээнд зааснаар талууд зөвхөн бичгээр харилцан тохиролцсоныг “гэрээний өөрчлөлт” гэж үзэхээр зохицуулсан байдаг байна. Гэтэл Дубайд төлөвлөгөө гэдэг нэрээр албан бичиг үйлдэж гарын үсэг зурснаар 2009 оны гэрээ өөрчлөгдөж байгаа юм байна. Тийм учраас “Дубайн гэрээ” нь Хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгчдийн гэрээнээс давж үйлчлэх эрхзүйн баримт бичиг гэж ажлын хэсэг дүгнэжээ.
  • 4.2010 онд баталсан ТЭЗҮ-гээр бол Оюутолгой төслөөс Монголын талын хүртэх өгөөж нэрлэсэн үнэ цэнээр 53 хувь гэж байжээ. Харин сая “Дубайн гэрээ”-гээр нийт үр өгөөжийн 53 хувь гэж томъёолсон нь Монголын талын хүртэх өгөжийг тодорхойгүй болголоо гэсэн байна.
  • 5.Дубайд төлөвлөгөөнд гарын үсэг зурснаас хойш ажлын тав хоногт багтаанОюутолгой компанийн Оюутолгой компанийн 2010-2014 оны нийт дөрвөн жилийн Санхүүгийн тайлангуудыг тэдний ирүүлсэн хувилбараар нь шууд батлах үүргийг Сангийн яаманд тулгасан нь хууль зөрчиж байна гэжээ. Хуульд, гурван улирал дараалан санхүүгийн тайлангаа ирүүлээгүй компанийн улсын бүртгэлийг хүчингүй болгох заалт байдаг юм байна. Энэ зөрчлөөс нь гадна Оюутолгой компанийн ирүүлсэн хувилбараар санхүүгийн тайланг үг дуугүй батал гэж байгаа нь татвар зэрэг санхүүгийн зөрчлөө нуух боломжийг Оюутолгой компанид олгож байна гэжээ.
  • 6.Оюутолгой компани нь анхны хөрөнгө оруулалтаа хоёр тэрбум доллараар хэтрүүлж, 1.4 тэрбум долларыг санхүүгийн баримт нотолгоогүй зарцуулсан, манай талаас татварын зөрчил гэж 130 сая доллар тавиад 30 сая болгосон. Эдгээрийн татвараас бусдыг нь шийдэгдсэн хэмээн хүлээн зөвшөөрсөн нь Монголын тал цаашид асуудал тавих бүрт бууж өгөх жишиг эхлүүлээ гэж буруутгасан сурагтай.

Харин тухайн үеийн Шударга ёс эвслийн төлөөлөл Дубайн гэрээний 4.3 а, 4.3 б, 4.4, 4.5, 5.6 заалтыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм хэмээн мэдэгдэж байсан билээ.  Эдгээр заалтыг сийрүүлэх юм бол...

4.3 Ил уурхайн Үе шаттай холбогдох зардлууд 2010 оны ТЭЗҮ-д зааснаас зөрсөн асуудлыг бүрэн ойлгох үүднээс удаа дараа хийсэн шалгалт, аудитууд, түүний дотор Монгол Улсын Засгийн газрын гурван сайдын хамтарсан тушаалын дагуу гүйцэтгэсэн шалгалтын дараагаар Талууд дараах ойлголцолд хүрэв.

Үүнд: (a) Ил уурхайн Үе шатны нийт зардал нь батлагдсан хөтөлбөр, төсвийн дагуу зарцуулагдсан бөгөөд тэдгээрийг ОТ ХХК-ийн санхүүгийн тайлангуудад үнэн зөвөөр тусгаж эдгээр тайлангуудаа Сангийн яаманд мэдүүлсэн;

(b) Зардлын зөрүү нь шаардлагатай хэмжээнд тайлбарлагдсан бөгөөд Ил уурхайн Үе шатны зардалтай холбоотой сөрөг үр дагавар бүхий дүгнэлт, Талуудын хооронд үл ойлголцол байхгүй.

 

4.4 Монгол Улсын Сангийн яам нь энэхүү Төлөвлөгөөг байгуулснаас ажлын 5 (таван) хоногийн дотор ОТ ХХК-ийн мэдүүлсэн 2010, 2011, 2012, 2013, 2014 онуудын санхүүгийн тайлангуудыг хүлээж авч баталгаажуулна. 4.5 Энэхүү Төлөвлөгөөний 4.4-д заасны дагуу ОТ ХХК-ийн санхүүгийн тайлангуудыг Монгол Улсын Сангийн яам хүлээн авснаас хойш ажлын 2 хоногийн дотор Монгол Улсын Татварын Ерөнхий газар нь: (a) ХөОГ-ний 2.33-т заасан хөрөнгө оруулалтын татварын 7 хөнгөлөлтийн ХөОГ-ний 2.26-ын дагуу тооцсон хуримтлагдсан дүн нь 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 646’260’000 ам.доллароос багагүй байгааг баталгаажуулна; (b) ХөОГ-ний 2.26-ын дагуу тооцсон ОТ ХХК-ийн шилжүүлэн тооцох алдагдалын дүн нь 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 256’580’000 ам.доллароос багагүй байгааг баталгаажуулна.

 4.5 Энэхүү Төлөвлөгөөний 4.4-д заасны дагуу ОТ ХХК-ийн санхүүгийн  тайлангуудыг Монгол Улсын Сангийн яам хүлээн авснаас хойш ажлын 2  хоногийн дотор Монгол Улсын Татварын Ерөнхий газар нь:

(a) ХөОГ-ний 2.33-т заасан хөрөнгө оруулалтын татварын  хөнгөлөлтийн ХөОГ-ний 2.26-ын дагуу тооцсон хуримтлагдсан дүн  нь 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 646’260’000 ам.доллароос багагүй байгааг баталгаажуулна;

(b) ХөОГ-ний 2.26-ын дагуу тооцсон ОТ ХХК-ийн шилжүүлэн тооцох  алдагдалын дүн нь 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн  байдлаар 256’580’000 ам.доллароос багагүй байгааг баталгаажуулна.

5.6 Монголын тал нь Далд уурхайн Төслийн зээлдүүлэгчдийн зүгээс тавих Монгол Улсын хууль тогтоомж, ХөОГ, НӨОДТХНГ-нд нийцэж буй бүхий л шаардлагуудыг хангахад хэрэгцээтэй бүх арга хэмжээг авч хэрэгжүүлж, дэмжиж ажиллана. Үүнд Далд уурхайн Төслийн Санхүүжилтийн гэрээнүүдийн дагуу шаардагдах барьцаалах эрхийг Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд бүрэн баталгаажуулах ажил багтана. Зээлийн санхүүжилт авахад шаардагдах энэхүү барьцаанд ОТ ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд, ХөОГ болон НӨОДТХНГ-нд тусгагдсан ОТ ХХК-ийн эрхүүд, ба ОТ ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө хамаарна.

 

Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний санхүүгийн тайланд 3 сайдын хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг шалгалт явуулж, зарим санхүүжилт нэртэй хөрөнгө оруулалтыг Монгол улсын тал хүлээн зөвшөөрөх боломжгүй гэх дүгнэлтийг гаргаж байсан билээ. Энэ нь тухайн үеийн Шадар сайд Д.Тэрбишдагва, Сангийн сайд Ч.Улаан, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нарын хамтарсан тушаал юм. Уг тушаалаар Оюу толгой ХХК-ийн гаргаж өгсөн 2009-2012 онд хийсэн хөрөнгө оруулалтаас нь 1,8 тэрбум ам долларын зөрчил илрүүлж акт тогтоож байсан билээ. Үүнээс улбаатайгаар оюу толгойн хөрөнгө оруулагч тал маргаан үүсгэж, олон улсын санхүүгийн байгууллагаар дамжуулан Монгол улсын засгийн газарт шахалт үзүүлж байв.

УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуйн сайд Ч.Улаан:  2010-2012 оны хооронд 1.8 тэрбум ам.долларын зөрчил илэрснийг задалж тайлбарлая.  Монгол Улсад огт хийгдээгүй, гадаадад хийгдсэн хөрөнгө оруулалтыг ч хүртэл манай талын төлөх зээлд оруулаад биччихсэн байгаа юм. Оюутолгойд  бараа материалыг хэт өндөр үнээр авдаг. Хятадаас нэг тонн цементийг 50 ам.доллараар авдаг байхад Оюутолгойд 110 ам.доллараар, нэг тонн тутмын тээвэрлэлтийн зардал 5-7 ам.доллар байхад 70 ам.доллараар тооцсон байна. Түүнчлэн “Петровис”  компанийн нефтийн  агуулахыг засварлахад 3. 3 тэрбум зарлагадснаа хөрөнгө оруулалтын зээлд оруулсан. Бээжинд зөвшөөрөлгүй төлөөлөгчийн газар байгуулчихаад 30 сая ам.доллар тусгасан. Үндсэн хөрөнгөө буруу тооцдог, ажил үйлчилгээний зардлыг өсгөж боддог, ажил үйлчилгээг давхардуулж бичдэг, төлбөрийг нэмэгдүүлж төлдөг, өөр компанийн барааг өөрийнхөө нэр дээр оруулж ирдэг   зэрэг зөрчил маш олон бий. Оюутолгойн бүтээн байгуулалтын тал хувийг хийсэн гэх Хятадын компанитай  анх 495 сая ам.долларын ажил хийлгэнэ гэж гэрээ байгуулсан атлаа 1 тэрбум 71 сая ам.доллар шилжүүлсэн байдаг. Өөр компанийн барааг өөрийнхөө нэр дээр оруулж ирж татварын хөнгөлөлт эдэлсэн тохиолдол ч илэрсэн. Тэр ч байтугай Лондонд байдаг толгой компанийн зардлыг Монголын хөрөнгө оруулалтын зээлд оруулсан байсан гээд боддоо. Биднийг дэндүү доромжилж байгаа биз дээ. Рио Тинто, Айвенхоу майнз компанийн удирдлагын зардлыг зээлд оруулж тооцсон байсан.хэмээн 3 жилийн өмнө өгсөн ярилцлагадаа дурдаж байжээ.

Дубайн гэрээ байгуулагдах үед Оюу толгойн хөрөнгө оруулалтын зардлыг 7,9 тэрбум ам доллар хэмээн тайлбарлаж байв. Харин үүнээс 1,1 тэрбум ам доллар нь бодит хөрөнгө оруулалт буюу Оюу толгойн уурхайн бүтээн байгуулалт, барилга байгууламж, машин техник, тоног төхөөрөмжинд зарцуулагдсан байдаг. Харин үлдсэн нь үйл ажиллагааны урсгал зардал буюу цалин, үйлчилгээний зардал зэрэгт зарцуулагдсан байжээ.

Дубайн гэрээний хамгийн том уршиг нь Монголын хүртэх өгөөжийг даруй 15 жилээр хойш нь сунгасан явдал. Үүгээр зогсохгүй Монгол улсын их хурлаас зөвшөөрөл авахгүйгээр Оюу толгойн уурхайн бүх лиценцийг гадаадын банкинд барьцаалах юм. Нэг үгээр хэлбэл Монгол улсын газар нутгийн нэг хэсгийг барьцаанд тавих эрхийг Ч.Сайханбилэгийн засгийн газар Дубайд гүйж очоод зөвшөөрчихсөн явдал хэмээн УИХ-ын гишүүд халаглаж байгаа билээ.

Үүгээр зогсохгүй 1,8 тэрбум ам долларын зөрчилд оногдуулсан татварын байцаагчын актыг хүчингүй болгож, толгойг нь илсэн. Монгол улсын 34%-даа төлөх өрийг нэмэгдүүлсэн, авах ашгийг хойшлуулсан. Мөн 2009 онд байгуулсан Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд туссан Оюу толгой төслөөс Монголын талын хүртэх хувийг тодорхой бус болгосон гэх мэт асуудал дагуулсаар байгаа билээ.

Өнөөдөр Оюу толгойн гэрээг шалгах УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэх эсэх тухай яриа УИХ-ын хүрээнд хөвөрч байна. Нөгөө талд нь УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг Оюу толгойн талд өгсөн гэх гэм зэмийн тухай ч улс төрчид ярих боллоо. Иймд энэ асуудлыг яриад өнгөрөх биш шийдэх хэрэгтэй гэдгийг  Дубайн гэрээ байгуулагдсны дараах улс төрчдийн үг, үйлдэл бэлхэн харуулж байна.

Үргэлжлэл бий...

Б.Ууганбаяр