Жил бүрийн тавдугаар сарын гурав дахь долоо хоногийн бямба гаригт “Автомашингүй өдөр” зохион байгуулж, энэ үеэр “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн болдог. Бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих ажлын хүрээнд энэ арга хэмжээ болдог бөгөөд энэ жил “Автомашингүй өдөр” тавдугаар сарын 18-ны бямба гаригт болох юм. Тиймээс Тээврийн цагдаагийн алба, нийслэлийн удирдлага тухайн өдрийн 07.00-18.00 цаг хүртэл Улаанбаатар хотын зарим автозамын хөдөлгөөнийг хязгаарлах юм байна.
Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам буюу Энхтайвны өргөн чөлөө, “Өгөөж” үйлдвэрийн урд уулзвараас УДЭТ хүртэлх Сөүлийн, Хуримын ордны урд талын П.Гэндэнгийн, Континентал зочид буудлын дэргэдээс Яаралтай түргэн тусламж 103-ын уулзвар хүртэлх Элчингийн, Бага тойруу, Бээжингийн, Токиогийн гудамжны автозамын хөдөлгөөнийг хязгаарлаж, автомашингүй бүс болгох аж. Эдгээр уулзвараас дотогш Д.Сүхбаатарын талбай хүртэл иргэд унадаг дугуй, дугуйт тавцан (скүүтер), дугуйт тэшүүр (ролик) болон явганаар замын хөдөлгөөнд оролцох боломжтой.
ТЦА-ныхан тухайн өдөр иргэдийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр 299 цэгт 300 гаруй алба хаагч ажиллах бөгөөд нэмж Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн 60 сонсогч хамтран үүрэг гүйцэтгэхээр төлөвлөжээ.