Н.Алтанхуяг АТГ-т хандаж, С.Эрдэнийг шалгуулахаар гомдол гаргалаа

Н.Алтанхуяг АТГ-т хандаж, С.Эрдэнийг шалгуулахаар гомдол гаргалаа

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг АТГ-т хандаж байгаа талаараа мэдээлэл хийлээ. Тэрбээр “Капитал банкинд байршиж байсан иргэдийн 240 гаруй тэрбум төгрөг эрсдэлд орчихоод байна. Энэ асуудалд УИХ-ын гишүүн С.Эрдэнийг шалгаж өгөөч гэж АТГ-т гомдол гаргаж байна" гэлээ. 

Энэ гомдлыг гаргах болсон гурван шалтгаан байгаа аж. Нэгдүгээрт, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр тэтгэвэр, халамжийн мөнгийг янз бүрийн банканд байршуулахад эрсдэл үүсэж байна гэж 2-3 жил ярьсан. Гэвч ажил хэрэг болоогүй. АТГ энэ асуудлыг шийдэж 240 гаруй тэрбум төгрөгийг олж өгөх болов уу гэсэн горьдлого тээж байгаагаа дурдав.  

Хоёрдугаарт, С.Эрдэнэ улайм цайм худал ярьж байна. Банкинд мөнгө байршуулж байгаа асуудал надтай ямар ч хамаагүй гэсэн. Гэтэл С.Эрдэнэ  сайд болсныхоо дараа Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл гэдэг байгууллагыг толгойлдог болсон. Тэр байгууллага нь иргэдийн тэтгэвэр, эрүүл мэндийн даатгалын мөнгийг арилжааны банканд байршуулдаг журам баталсан. С.Эрдэнийн гарын үсэгтэй. Тэр журамд аль банкинд байршуулахыг заавал С.Эрдэнээс асууж зөвшөөрөл авна гээд заачихсан. Өөрөө хийсэн үйлдлээ надад хамаагүй гэж байгаа нь их муухай юм. Тиймээс бичиг цаасыг нь нягтлаад үнэн мөнийг нь тогтоох хэрэгтэй. 

Гуравт, хуулийн байгууллагын шинэ удирдлагуудыг би танихгүй. Ямар ч байсан Ц.Элбэгдорж, М.Энхболдын тавиулууд өөрчлөгдсөнд баяртай байна. Ард түмний төлөө, шударга үнэний төлөө ажилладаг хүмүүс тавигдсан үгүйг мэдмээр байна гэж сэтгүүлчдэд ярилаа.