Өнөөдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас сургуулийн өмнөх боловсролын байгууллага буюу цэцэрлэгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтынхаа талаарх мэдээллийг өглөө.
Тус ээлжит, төлөвлөгөөт шалгалтаар 274 цэцэрлэгийн үйл ажиллагаанд шалгалт явуулж боловсрол, эрүүл ахуй, барилга техник, хүнсний чанар стандарт, байгаль орчин зэрэг таван чиглэлээр явуулсан байна. Шалгалтаар 2860 зөрчил илрүүлж 44 сая төгрөгийн торгуулийг оногдуулсан хэмээн НМХГ-ын зүгээс бахдан ярьж байна.
Шалгалтад хамрагдсан хувийн цэцэрлэгийн 25% нь мэргэжлийн эрхлэгч байхгүй. 53% нь мэргэжлийн багш дутагдалтай, 23% нь мэргэжлийн гэрчилгээ аваагүй туслах багштайгаар үйл ажиллагаа явуулж байжээ. Нөхцөл байдалдаа тааруулан үйл ажиллагаа явуулж байгаа гэдгээ хувийн цэцэрлэгийн эрхлэгч нар тайлбарласан байна.
Мөн хувийн цэцэрлэгийн 84% нь зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулдаг гэнэ. Эдгээр зөрчилд үндэслэн 40 гаруй сая төгрөгийн торгуулийг НМХГ-аас тавьсан байна.
Энэхүү шалгалтаар 20 цэцэрлэг бага эрсдэлтэй, харин 63 цэцэрлэг дунд эрсдэлтэй, 25 цэцэрлэг өндөр эрсдэлтэй хэмээн гарчээ. Өндөр эрсдэлтэй 25 цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох хүсэлтийг НМХГ-аас Нийслэлийн боловсролын газарт уламжилсан байна.
Харин төрийн өмчийн тодотголтой 6 цэцэрлэгийн эрхлэгчид сануулах арга хэмжээ авах зөвлөмжийг мөн хүргүүлжээ. Учир нь Зөрчлийн тухай хуулиар Хувийн хэвшлийн цэцэрлэгт мөнгөн торгуулийн арга хэмжээ авдаг, харин улсын буюу төрийн өмчийн цэцэрлэгийн албан тушаалтанд сануулах арга хэмжээ авахаар зохицуулсан байдаг гэнэ.
Эндээс харахад төр нэрийн дор зөөлөн сандалд суусан албан тушаалтны толгойг илж, харин өөрийн хөрөнгөө гаргаж, нийгэмд тулгамдсан асуудлыг бага ч болов нимгэлэх гэсэн хувийн хэвшлийг торгох, шийтгэх, хаах, хориглох гэсэн хуулийг эрх баригчид 2017 онд Зөрчлийн нэртэйгээр гаргасан бас нэг жишээ энэ болж байна.
Нөгөө талдаа бизнесийн орчинг сайжруулж, хувийн хэвшлээ дэмжих болно хэмээн амласан МАН-ын амлалт худлаа байсан гэдэг нь Төрийн гаргаж байгаа шийдвэр, хувийн хэвшлийг айлгах арга ухаанаас нь харж болохоор байна.
МАН амладаг ч маргааш нь мартдаг гэдэг үг үнэн гэдгийг өнөөдөр цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж, мөнгөн торгуульд өртсөн, бас үйл ажиллагаагаа хаалгах дээрээ тулчихсан бизнес эрхлэгчид амсч сууна. Тэд төрийн хүлээх үүргийг дундлах гэж, түмний тулгамдсан асуудлаас шийдэх гэж цэцэрлэг байгуулж, гэртээ түгжигдэж үлдэг олон хүүхдийн амь насыг хамгаалах гэсэн биш эцэст нь төрийн төмөр нүүрийн дор үйл ажиллагаагаа хаалгаж, өрөнд орох дээрээ тулж байх шиг байна.
МАН-ынхан хүүхдийн төлөө шийдвэр гаргадаг бас нэг жишээ бол хүүхэд харах үйлчилгээг зогсоосон шийдвэр. Уг нь өнгөрсөн парламентын үед гаргасан нүдээ олсон шийдвэрийн нэг нь хүүхэд харах үйлчилгээ байсан гэдгийг олон хүн хэлдэг. Харин 2019 оны төсөвт уг үйл ажиллагааг дэмжиж байсан зардлыг хасч баталсан билээ.
Жилд цэцэрлэгт хамрагдах шаардлагатай 250 орчим мянган 2-6 насны хүүхдэд байдаг.Эдгээрээс 70-80 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадалгүй гэртээ үлдэж байна. 2018-2019 оны хичээлийн жилд 20 гаруй мянган хүүхэд гэртээ түгжигдэн үлддэг байна. Эдгээр хүүхдийн 6 мянган орчим нь айх айдасгүй, өвлийн хахир хүйтэнд халуун хоол, харах хүнтэйгээр өдрийг өнгөрөөдөг байв. Харин үүнийг нь МАН амлалтаа мартаж цуцалчихсан билээ. 5,8 тэрбум төгрөгийг хүүхдүүдээс харамласан МАН-ын шийдвэр олон хүүхдийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулж байгаа гэдгийг өнөөдөр ухаарах цаг болжээ.
Ухаарахын оронд дахиад л 2-6 насны хүүхдүүдийг гэртээ үлд гэх шийдвэрт хүрч байх шиг байна. Үүний илэрхийлэл нь НМХГ-аас гаргаж байгаа 25 цэцэрлэгийн үйл ажиллагааг хаах шийдвэр юм.
Угтаа бол алдааг нь засч, асуудлыг нь шийдвэрлэх арга зүйн зөвлөгөө өгч дэм болж зохицуулах нь төрийн үүрэг баймаар юм. Гэтэл хувийн хэвшлийг мөнгөн торгуульд өвдөг сөхрүүлж, хаах гэж хавчин гадуурхана. Харин төрд байгаа хувалз мэт шимэгч албан тушаалтанд сануулах арга хэмжээ авдаг гаж хуулийн тогтолцоогоо засвал ямар вэ? МАН-ынхан минь!!!