“Хүүхдийн инээмсэглэл дор Монгол туургатны эв нэгдэл энхжин батжиг” уриан дор энэ сарын 25-нд Монголын хүүхдийн ордонд зохион байгуулагдах уг наадмын талаар Дэлхийн Монгол угсаатан эх үрсийн нийгэмлэгийн тэргүүн Ж.Нямаа хэлэхдээ ““Өхөөрдөм гоёо” наадам маань зөвхөн хувцас загварын наадам биш. Загварын их наадам, өв соёл, байгаль дэлхийтэй танилцах аялал, “Хүнлэг сэтгэл” хүмүүнлэгийн ажил гэсэн гурван хэсгээс бүрддэгээрээ онцлогтой. Тухайлбал, манай нийгэмлэг Ёс зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран монгол ёс заншил хийгээд монголчуудын уламжлалт ёс суртахууны хүмүүжил төлөвшлийг хүүхэд багачуудад хэрхэн өвлүүлэн уламжлуулах талаар анхаарч ажилладаг. Энэ жилийн наадмынхаа хүрээнд хүүхдүүдийн ёс суртахууны төлөвшил, хүмүүжил рүү чиглэсэн жүжигчилсэн тоглолтыг мөн Монголын хүүхдийн ордонд үзүүлэх юм” хэмээн онцоллоо.
“Өхөөрдөм гоёо” загварын наадам нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих гол зорилготой учраас загвар зохион бүтээгчдийг мэргэжлийн, мэргэжлийн бус гэж ялгахгүйгээр оролцох хүсэлтэй хүн бүр бүтээлээ танилцуулдгаараа давуу талтай аж. Наадамд оролцохоор бүртгүүлсэн хүүхэд багачуудад ч мөн адил тэгш боломж олгож, бүгдийг нь нэг сарын сургалтад хамруулан, тайзны соёл, биеэ авч явах, өөрийгөө илэрхийлэх чадварт сургадаг юм байна. Мөн наадамд оролцсон бүх хүүхэд багачуудыг хамруулсан “Өхөөрдөм гоёо-Өв соёл” аяллыг зохион байгуулж, үүгээрээ дамжуулан монгол туургатан орны багачууд хоорондоо илүү дотно ойртон танилцах боломжийг олгодог гэдгийг тус нийгэмлэгийн тэргүүн Ж.Нямаа хэлэв.
Мөн наадмын хүрээнд хийгддэг нэг томоохон ажил нь “Өхөөрдөм гоёо-Хүнлэг сэтгэл” хүмүүнлэгийн ажил бөгөөд өнгөрсөн онд зорилтот бүлгийн 250 хүүхдийг иж бүрэн хувцасласан бол энэ жил алслагдсан сумын цэцэрлэг буюу Дундговь аймгийн Гурвансайхан сумын цэцэрлэгийн тоглоомын талбайг иж бүрэн тохижуулах, гаднах талбайг жимсний модоор цэцэрлэгжүүлэх ажлыг эхлүүлээд байгаа аж.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс