Энэ сарын 20-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын 2-р багийн нутаг Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай бүс, Хаг-Туулын бэлчрийн гацаа гэх газарт ой хээрийн түймэр гарчээ. Түймэр гарсан тухай мэдээллийг малчид өдрийн 12 цагийн үед тус сумын байгаль орчны байцаагчид мэдэгдсэн байна. Улмаар сумын удирдлагууд аймгийн онцгой комисс руу яаралтай мэдэгдэж, сумаас 12 хүний бүрэлдэхүүнтэй хоёр машин түймрийн голомт руу хөдөлжээ.
Түймрийн голомтод Төв аймгийн онцгой байдлын комисс, Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газар, Эрдэнэ сумын иргэдийн төлөөлөл зэрэг 50 гаруй хүн гурван өдрийн турш ажиллажээ. Түймрийг өчигдөр /2019.05.23/ оройны 7 цагийн үед бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар 250-300 орчим га газрыг түймэрт автсан гэдгийг Эрдэнэ сумын Байгаль орчны улсын байцаагч Гэрэлт-Од мэдээллээ.
Мөн энэ үеэр түймрийн голомтод ажилласан Эрдэнэ сумын залуус эхээс дөнгөж төрсөн хандгайн хос хотолыг /тугал/ гал түймрийн аюулаас аварсан байна. Тодруулбал, ойн түймрээс үүдэн ховордсон Шивэр хандгайн нялх хос хотол нь ширүүн галд шатах аюулд өртөөд байжээ. Золоор нутгийн залуус олж харж гал түймрийн голомтоос гаргаж, түймэр бүрэн унтарсаны дараа олдсон газрынх нь ойролцоо буцааж тавьжээ.
Б.БАДРАЛМАА
эх сурвалж: АNEWS.MN