Өрсөлдөөнд ялагч болох магадлалтай улс төрчийн нэг нь Н.Энхбаяр. Түүнийг МАХН-аас УИХ-ын нөхөн сонгуульд өрсөлдүүлэх шийдвэр гаргав. Нөхөн сонгууль болох тов гарахад л өрсөлдөх нь тодорхой байсан эрхэм бол Монгол улсын Ерөнхийлөгч асан, Ерөнхий сайд асан, УИХ-ын дарга асан Н.Энхбаяр байлаа.
Тэр өнөөдөр нэр дэвших нь албан ёсоор баталгаажиж байна. Гэхдээ нөхөн сонгуулийн хороо түүнийг бүртгэж авах ёстой.
Гэвч Н.Энхбаяр өрсөлдөөнд ялалт байгуулж чадалгүй өвдөг шороодох магадлал тун өндөр юм. Учир нь Хэнтийн 42-р тойрогт болох нөхөн сонгуулийг хойшлуулах шийдвэр гаргахаар Үндсэн хуулийн цэцэд асуудал өрнүүлээд байгаа билээ. Өмнө нь нэг удаа уг асуудлыг Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр хойшлуулж чадсан. Энэ удаа ч хойшлуулах магадлал өндөр гэдгийг улс төрийн хүрээнийхэн таамаглаж суугаа.
Үүнийг баталгаажуулах мэт бор шувуу нисч эхэлсэн нь ҮХЦ-ийн хурлын тов юм. Ирэх 7 хоногт тус хурал болно. Үүний зэрэгцээ эрх баригч МАН-аас дуучин Эрдэнэбат нэр дэвших тухай явган яриа юм. Энэ нь эрх баригч намд уг сонгуулийг явуулах сонирхол байхгүй гэдгийн илэрхийлэл.
Ийнхүү нэр дэвшилт нь эхэлж байгаа нөхөн сонгууль болохгүй нөхцөлд эх санасан газар 9 шөнө хоосон гэгчээр Н.Энхбаяр өрсөлдөөнд орж чадалгүй өвдөг сөхөрч, 2020 оны сонгуулийг хүлээх магадлалтай юм.