Л.Болд, Ж.Батзандан, С.Жавхлан нараар туг хийсэн ШИНЭ нам үүсэн байгуулагдаад удаагүй билээ. Гэвч тус нам өдөр бүр хүрээгээ тэлж, улс төр, бизнесийн томоохон төлөөлөл тус намын шадар гурван дайчинд очиж наалдах болсон байна.
ШИНЭ нам нь 2020 оны сонгууль, цаашлаад 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил, улс төрчийн түших цэг нь болох зорилгоор байгуулагдсан. Хэдийгээр тус намыг АН-аас хөөгдсөн Ж.Батзандан, Л.Болд нар байгуулсан мэт харагдавч, жинхэнэ үүсгэн байгуулагч, гол хөзөр нь өөрийг тус намд тамгалж хараахан амжаагүй байна. Тэгэх боломж өнөөдөртөө байхгүй учир ийнхүү уг намын туг нь Л.Болд, Ж.Батзандан, С.Жавхлан нар болон намирч явна.
Шинэ нам 2020 оны сонгууль ямар ч системээр явсан дор хаяж 3-5 суудал Улсын их хуралд авна гэсэн хэт том төлөвлөгөөг өвөртөлчихсөн гэнэ. Тус намд МАН болон АН-ын олон нөлөө бүхий улс төрч ирж нэгдэх сурагтай. Нэгдээд эхэлсэн тухай ч мэдээлэл дуулдаж байна.
ШИНЭ нам ийнхүү хүчээ зузаатгаж суух хооронд АН нам адлагдаж, ард олны дэмжлэгээс хөндийрч эхлэв бололтой. Энэхүү шалтгааны нэг үзүүр нь яах аргагүй ШИНЭ намын улс төрчдийн явуулж байгаа бодлого, ярьж байгаа сэдэв нөлөөлж байгаа нь гарцаагүй юм. ШИНЭ намын лидер хэмээх нэрийг зүүж эхэлсэн Ж.Батзандан, С.Жавхлан нар Баянзүрх дүүрэгт дэмжлэг өндөртэй. Мөн орон нутагт тэднийг дэмжих олон нийт олон байгаа тухай улс төрийн хүрээнд бор шувуу нисч эхэлжээ.
Харин Л.Болдын хувьд АН-ын Хан-Уул дүүргийн олон сонгогчийг өөртөө татчихсан нэгэн. Тус тойрогт 10 гаруй жил мөлхөж яваа түүний хувьд дэмжигчдээ АН-аас аваад л гарах магадлалтай. Ер нь Л.Болдын нөмөр нөөлөгт байдаг, түүнийг сонголтоо хэмээн үздэг Хан-Уулын сонгогч нар аль хэдийн ШИНЭ намын шинэхэн үнэмлэхийг өвөртлөхөөр зэхэж эхэлсэн бололтой. Нэг үгээр хэлбэл Хан-Уул дүүрэгт АН адлагдаж, ШИНЭ нам шуурга мэт түрэн орж мэдэх юм.
ШИНЭ намын мөрийн хөтөлбөр, дүрэм журмыг боловсруулах томоохон ажлын хэсэг гарсан сурагтай. Тус намын уг ажлыг МАН болон АН-ын гишүүн байсан ч дарга нартайгаа үг, эв олж чаддаггүй, ард түмэнд бас ч гэж чамгүй үнэлэгдчихдэг улс төрч нар багтаж байгаа гэх мэдээлэл чих дэлсэв. Мөн томоохон эрдэмтэн, судлаач нар ч багтсан сурагтай.
ШИНЭ намыг бараадсан дараагийн цуваа нь бизнесийн төлөөлөл гэнэ. Мөнгөтэй, хөрөнгөтэй, бас чамгүй амжилттай яваа бизнес эрхлэгч нарын төлөөлөл ШИНЭ намын гишүүн болж, бас араас нь дэмжлэг үзүүлэхээр сэтгэл шулуудан ирж байгаа сурагтай. АН бас МАН-д чамгүй хандив өргөдөг байсан нэлээд томоохон 3 бизнес эрхлэгч ШИНЭ намын гишүүн болж санхүүжилтийг нь босгох ажлыг гүйцэтгэж байгаа гэнэ шүү.
ШИНЭ намыг бараадаж байгаа гишүүдийн олонхи нь АН-ыг адалж, ШИНЭ намыг мандуулахаар ирсэн гэдэг тайлбарыг тавьж байгаа сурагтай. Нэг үгээр хэлбэл ШИНЭ намын гишүүд нь АН-ыг адалж, МАН-ын зүхэж байгаа бололтой.