Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас энэ оны 04.15-05.15 хүртэл тус аймгийн уул уурхай бүхий сумдын нутаг дэвсгэрт Төрийн хяналт шалгалтын тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Ашигт малтмалын тухай, Газрын хэвлийн тухай, Байгаль орчны тухай багц хуулиуд болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартын хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт хийж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах талаар холбогдох хууль тогтоомжуудад нийцүүлэн хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.
Хяналт шалгалтад тус аймгийн долоон сумыг хамарсан Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа, тэсэрч дэлбэрэх бодис, тээвэрлэлт, гаалийн хяналтын талбайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ажуйн нэгж байгууллагууд зэрэг нийт 91 аж ахуй нэгж байгууллага хамрагдсан. Шалгалтаар хүний амь нас, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэх өндөр эрсдэл бүхий 3 уурхайн үйл ажиллагааг зогсоож, үүнээс олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа 1, зам тээвэрлэлтэй холбоотой 2 аж ахуйн нэгж, 2 байгууллагын үйлдвэрийг лацдан зогсоож, зөрчил гаргасан 81 аж ахуй нэгжийг Зөрчлийн тухай хуулийн дагуу торгож, 675 заалт бүхий 45 албан шаардлага, 105 заалт бүхий 21 зөвлөмж, 3 акт үйлдсэн байна.
Дээрх арга хэмжээ тооцсон аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй боловч Ашигт малтмалын тухай, Байгаль орчны тухай, Автотээврийн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиудыг удаа дараа зөрчин хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлөх өндөр эрсдэл үүссэн тул холбогдох хуулиудын дагуу арга хэмжээ авчээ.
Гүйцэтгэлийн хяналт шалгалт үргэлжлүүлэн хийгдэнэ.