Хэдхэн сарын өмнө намаасаа хөөгдөж, шударга, үнэний төлөө золиос боллоо хэмээн хашхирч байсан Ж.Батзандан намын дарга болоод авав. Тэр өмнө нь нам байгуулж, түүгээрээ тэмцэл өрнүүлж байсан нэгэн.
2004-2008 оны хооронд гудамжинд жагсаал, цуглаан зохион байгуулж, түүнийхээ үндэс суурин дээр нам байгуулж, уг намынхаа дарга сэтэртэйгээр сонгуульд өрсөлдөж, ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй гудамжинд тэмцэл өрнүүлж явсан. Мөн Монголын түүхийн хар өдөр хэмээн хожим тэмдэглэгдэн үлдэх 2008 оны 07 сарын 01 өдрийн үйл явдлын зохион байгуулсан хүмүүсийн нэг хэмээн асуудалд унаж, шалгагдаж байв. Үүнийхээ дараа байгуулсан намаа орхиж, АН-ын бөөрөнд ирж наалдан асуудлаас мултарсан нэгэн бол Ж.Батзандан. Тэр хэрэв АН-ын гишүүн болоогүй байсан бол 2008 оны 07 сарын 1-ний өдрийн үйл явдалд ямар нэгэн байдлаар буруутгах байсан байж мэднэ. Гэвч тэр өдөр юу болсон, хэрхэн залуус хэлмэгдэж, улс төрийн золиос болсон гэдгийг Монголчууд мартаагүй.
Иргэний хөдөлгөөний намын дарга болоод амжилт олоогүй Ж.Батзандан АН-ын гишүүн болж, УИХ-д нэр дэвшин ялалт байгуулж, өнөөдрийн Ж.Батзанданг бий болгосон билээ. Харин тэр АН-ын хаалгаар гуйж орсон бол хөөгдөж гарсан нэгэн мөн. Түүнийг намын гишүүнээс хасах шийдвэрийг С.Эрдэнэ тэргүүтэй АН-ын өнөөдрийн удирдлага гаргасан.
Ж.Батзанданг АН зүгээр л хөөчхөж байгаа хэрэг биш. Цаашлах юм бол АН-ын даргын эрх мэдэл, С.Эрдэнэ гэдэг хүн 2020 оны сонгуульд намаа ахалж орох эсэх, цаашлаад 2021 онд АН-аас хэн нэр дэвших зэргийг шийдэх томоохон улс төрийн нүүдэл буйн учир С.Эрдэнэ гуйж орж ирсэн Ж.Батзанданг хөөж гаргасан нь тэр.
Ж.Батзандан зүгээр ч хөөгдөөд гарчихсангүй. Харин ч АН-ын өнгөрсөн жилүүдийн нэгэн дүр төрх болсон Л.Болдыг дагуулаад гарав. Хэдийгээр Л.Болдыг нам нь хөөгөөгүй ч тэр зөрүүдэлсэн, бас Ж.Батзанданг бараадхаар шийдсэн. Тэр шийдвэрээ дагаж, нөгөө талдаа бас улс төрийн эрх ашгийн үүднээс асуудалд хандав.
Ийнхүү нэг нь хөөгдөж, нөгөө нь гомдсон хүүхэд царайлан намаасаа гарсан 2 гишүүн өнгөрсөн саруудад аймаг, орон нутгаар явж, иргэдтэй уулзаж, эгнээндээ С.Жавхлан гишүүнийг нэгтгэж, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл хэмээх нам байгуулахаар болов. Уг намын анхдугаар үүсгэн байгуулах их хурал өчигдөр Төрийн ордонд боллоо. Хатуу гишүүнчлэл үгүй, дэмжигч нар дээрээ суурилан үйл ажиллагаа явуулах болно хэмээх ШИНЭ намын даргаар Ж.Батзандан 100% саналаар сонгогдлоо.
Уг намын дээд шүүх бүртгэн авах, хэрэв тэгсэн нөхцөлд жинхэнэ утгаараа улс төрийн намын үйл ажиллагаа явуулна. Дээд шүүх бүртгэн авах нь гарцаагүй гэдгийг улс төрийн хүрээнийхэн таамаглаж байна. Учир нь Ж.Батзандангийн үг, бас үйлдэл бүхнээс Ерөнхийлөгч Х.Баттулгын байр суурийг дэмжих хандлага өнгөрсөн 2 жил ажиглагдав. Ийм нөхцөлд улс төрийн хүрээнийхэн ШИНЭ намын амин сүнс нь Ерөнхийлөгч Х.Баттулга хэмээн таамаг дэвшүлж байна.
Ингэж хардах эрх хүн бүрт байгаа. Учир нь Ерөнхийлөгч Х.Баттулга 2017-2018 онд АН-тайгаа зуузай холбон явж ирсэн. Гэвч 2018 оны сүүлээс эхлэн С.Эрдэнэ, Х.Баттулга нар хоёр тийш харж, асуудлыг нэг шугамаар ойлголцох чадамжгүй болсон билээ. Энэ цагаас эхлэн Ж.Батзандан гэдэг хүн С.Эрдэнэ гэдэг хүний эсрэг дуугарч, бас АН-ын шийдвэрийн эсрэг зогсох болов. Үүнээс л ШИНЭ намын цаана дэмжлэг үзүүлэгч нь Ерөнхийлөгч Х.Баттулга хэмээн таамаглах хүн олон байна.
2020 оны сонгуульд ШИНЭ нам дангаараа эсвэл эвсэл байгуулан орно. Харин парламентат суудал авах нь хамгийн чухал. Үүний төлөө тус намын лидер хэмээн хэлэгдэх Ж.Батзандан, Л.Болд, С.Жавхлан нар анхаарал хандуулах нь гарцаагүй. Тэднийг суудал авахуулахын төлөө Ерөнхийлөгчийн баг ажиллах боломжтой юм.
Харин 2021 оны сонгуульд хэрэв Х.Баттулга гэдэг хүнд АН боломж олгохгүй, нэр дэвшүүлэх эрх өгөхгүй бол тэр шууд л ШИНЭ намаас нэр дэвших алс хэтийн бодол тээж, асуудалд хандаж буй нь энэхүү үйл явдал байх магадлалтай юм. Ийм бор шувуу улс төрийн хүрээнийхэн дунд аль эртнээс нисч эхэлжээ.