Ардчилсан үндсэн хууль мөрдөгдөж эхэлсэн 1992 оноос хойш байнга ярьдаг, бичдэг нэг сэдэв бол Засгийн газрын тогтвортой ажиллах хугацааны тухай. Нэг засгийн газрын бүрэн эрхийн хугацаа нь хуулиар бол 4 жил. Гэвч нэг засгийн газрын үйл ажиллагаа явуулдаг дундаж хугацаа 1,5 жил. Мөн нэг засгийн газар үйл ажиллагаагаа эхлээд л шууд л асуудал үүсдэг, УИХ-аар хэлэлцэгдэж эхэлсэн гажуудал нь сайд нарыг шүд сугалах замаар огцруулах гэж УИХ-ын гишүүн тогтоолын төсөл барьж гүйдэг явдал.
Үүнийг хязгаарлаж өгсөн ч ерөнхий сайдыг огцруулах замаар засгийн газрыг айлгадаг явдал хэвээрээ байна.
Иймд үндсэн хуулийн 28 хувийг өөрчлөхөөр зэхсэн энэ удаагийн парламент Засгийн газрын үйл ажиллагааг тогтвортой явуулах, сайд нар нь УИХ-ын гишүүний аманд өртөхгүй байх хамгаалалтыг хийж өгөхөөр болжээ.
Нэгдүгээр том өөрчлөлт бол Ерөнхий сайдын эрх мэдэл юм. Одоо Ерөнхий сайд гүйцэтгэх засгийн тэргүүн боловч, томилох сайд, гаргах шийдвэр, хэрэгжүүлэх бодлого нь нэг бол Ерөнхийлөгч, эс бол УИХ-аас шууд хамааралтай явдаг. Үүнийг өөрчилж шууд л Ерөнхий сайд толгой даан шийдэх боломжийг Үндсэн хуулиар олгохоор болжээ. Тэр дундаа Засгийн газрын бүрэлдэхүүнийг Ерөнхий сайд толгой мэдэн шийднэ.
Ерөнхийлөгчтэй зөвшилцөх шаардлага байхгүй, УИХ-аас дэмжлэг хүсэх ч үгүй. Өөрөө томилж, өөрөө огцрууулах юм байна.
Мөн үе үеийн засгийн газар дээр яригддаг нэг асуудал бол давхар дээл. УИХ-ын гишүүн, сайд болдог бичигдээгүй хуультай. Өнөөдрийн засгийн газрын Ерөнхий сайдаас бусад нь УИХ-ын гишүүн байна. нэг үгээр хэлбэл засгийн газар өөрийнхөө шийдвэрийг өөрөө баталж, бас өөртөө хяналт тавьж байгаа гэхэд болно. Иймд энэ асуудлыг цэгцлэхийн тулд Засгийн газарт ердөө л 4 УИХ-ын гишүүн алба хашиж болно гэж Үндсэн хуулиар зохицуулж өгөх гэнэ.