Зайсан толгойг эзэлсэн Собт трейд ХХК-ийн газрын зөвшөөрлийг цуцлаач С.Амарсайхан даргаа!!!
Зайсан хилл хэмээн газар байгуулагдаад чамгүй хугацаа өнгөрөв. Хэдхэн жилийн өмнө тусгай хамгаалалттай, өөдөө өгсөх шат, авто машин гардаг хэсгээс нь өөр ажил хийгдэхгүй мэт ойлгож ирсэн хотын иргэдийн хувьд өнөөдөр мэл хөхөрч, цэл гайхаж яваа гэхэд болно.
Гэнэт л эрх мэдэл, хөрөнгө мөнгөтэй нэг нь Зайсан толгойн хажуу бөөрийг ухаж, барилга барихаар ажиллаж эхэлсэн. Эсэргүүцсэн, тэмцэл өрнүүлсэн ч тусыг эс олж өнөөдөр Зайсан хилл хэмээн цогцолбор баригдчихаад байгаа билээ.
Уг барилгын газрын зөвшөөрлийг 10 орчим жилийн өмнө Собт трейд ХХК гэгч авч байжээ. Тус компани нь эрх мэдэлтэн ард нь байдаг, эсвэл хэн нэгэн улс төрчийн халаасны компани гэх хардлага явж ирсэн.
Уг компаний албан ёсны хаяг нь Оюуны ундраа группийн байранд байрлаж, тэр сэжмээр нь хэвлэлийнхэн Оюуны ундраа группийн охин компани хэмээн таамаг дэвшүүлж ирсэн билээ.
Собт трейд ХХК-ийн үүсгэн байгуулагч нь С.Ганбат буюу одоогийн хотын дарга С.Амарсайханы төрсөн ах. Түүний хувьд нэлээд хэдэн компанийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч бөгөөд Собт трейд ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг юм байна. Ийм мэдээлэл Улсын бүртгэлийн албанд байна.
Ийнхүү хотын дарга С.Амарсайханы ахын эзэмшлийн Собт трейд ХХК нь Зайсан толгойн эргэн тойронд хэд хэдэн газар эзэмшдэг гэнэ. Энэ тухай Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас мэдээлэл хүсэхэд Зайсан хилл цогцолборын 4,41 га талбай, мөн хажуу талд нь буюу Бурхантай хөшөөний зүүн талд 1,3 га газар эзэмшдэг юм байна. 1,3 га газар дээрээ 200 гаруй авто машины зогсоол барьж, саяхнаас ашиглаж эхэлсэн гэх мэдээлэл байна.
2002 оноос мөрдөж эхэлсэн Монгол улсын газрын тухай хуулиар бол үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай газрын зөвшөөрлийг дуудлага худалдаагаар авах ёстой байдаг. Зайсан хилл цогцолборын 4,41 га, мөн авто машины зогсоол барьсан 1,3 га зэргийг эзэмшдэг нь Собт трейд ХХК нь эдгээр газраа ямар нэгэн дуудлага худалдаагаар аваагүй бололтой. Учир нь албаны хүмүүсийн тайлбараар бол дуудлага худалдаагаар авсан гэх мэдээллийг гаргаж өгөхгүй байна. Харин зөвшөөрлийн 2007, 2008, 2012 оны орчим авсан гэх цаг хугацааны тойм дүрслэл хэлж байгаа нь асуудлыг цаана асуудал байна гэдгийг хардуулах шиг. Үүний зэрэгцээ Зайсан скуэр худалдаа үйлчилгээ, оффиссын зориулалттай барилгын газар ч Собт трейд ХХК-ийн нэр дээр байдаг тухай дам яриа явдаг. Хэрэв тийм бол Зайсан толгойг тойрсон газруудад ноён суусан Собт трейд ХХК-ийн газрын тусгай зөвшөөрлийг цуцлах эр зориг Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан танд байна уу?
Төв талбайн өмнөх зогсоолын газрыг зөвшөөрлийг цуцалж даналзсан С.Амарсайхан, Хан-Уул дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт Номин констракшн ХХК-ийн зөвшөөрөлтэй газрын гэрчилгээг цуцалж попорсон С.Амарсайхан та дахиад нэг попорчиход боломж байна. Энэ бол Зайсан толгойг тойруулсан гадас атгачихсан төрсөн ахын тань эзэмшлийн Собт трейд ХХК-ийн газрын тусгай зөвшөөрлүүд юм.