Ардчилсан намын дарга С.Эрдэнэ хэдэн хоногийн өмнө сүртэй агаад даржин мэдэгдлийг хийсэн. Тэр нь засаг төр болохгүй байна. Эрх баригч МАН ажил хийсэнгүй. Иймд АН асуудлыг сөхөн гаргаж, эрх баригчдад шахалт үзүүлэхийн тулд бүтэн сар жагсаал цуглаан зохион байгуулна хэмээн мэдэгдсэн билээ.
Сүржин нэртэй ч даржин жагсаал маягийн зүйл өдөр бүр л өрнөж байх шиг байна. Хамгийн сүүлд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах тухай жагсаал Хууль зүй дотоод хэргийн яамны үүдэнд болов. Өнөөдөр үргэлжлэнэ гэнэ.
Ардчилсан намын зүгээс хамгийн их хэмлэж байгаа салбар нь Эрүүл мэнд. Тус салбарыг толгойлж байгаа Б.Сарангэрэл сайдыг огцруулахын тулд олон ч жагсаал зохион байгуулав. Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа толгойлж уг ажлыг хийж байна. Гэхдээ яг үнэндээ үр дүн алга. Нөгөө талаас нь харах юм бол үнэхээр л Б.Сарангэрэл гэдэг хүн огцрох ёстой юу? Гэх асуулт урган гарна. Сүрьеэ гэдэг өвчин өнөөдөр гарчихсан биш. Өмнө нь байсан, олон жил тэмцэл өрнүүлж байгаа гэх мэтээр Б.Сарангэрэл болон түүний нөхөд арьсаа хамгаалж байна.
Уг нь бол ёс зүйн хэм хэмжээ, албан тушаалтны ухамсарт үйлдэл нөлөөлдөг бол өнөөдрийн засгийн газрын тал нь огцрох хэмжээний үг, үйлдлийн алдаа гаргачихсан нь үнэн. Үүнийг сөрөг хүчин уухайлан дэмжиж, учирсан хохирол хэмээх том тоо гарган түмэн олонд хүргэх мэт жагсаал цуглаан зохион байгуулах нь зөв.
Гэвч У.Хүрэлсүхийн засгийн газар ёс зүй ярьж албан тушаалаа өгдөг хүмүүс биш. Тэд үүнийгээ ЖДҮ хэмээх албан тушаал, санал өгсөн кнопийн наймаагаараа бүрэн баталчихсан. ЖДҮ-чдээс хэн өнөөдөр хариуцлага хүлээчихсэн юм вэ? Ганц Я.Содбаатар сайд л албан тушаалаасаа татгалзаж, УИХ-ын гишүүн гэх сэтэртэйгээ үлдэх шив. Бусад нь хулгай хийсэн биш. Зээл авсан. Зээлээ төлж байгаа гэх мэтээр өнөөдөр загнаж, зандарч явна. Ийм хүмүүсээс ёс зүйн харицлага нэхээд хэрэггүй.
АН асуудлыг углуургаар нь гаргаж ирэхгүй бол өндөр рейтингтэй улс төрчөөр толгойлуулсан Засгийн газар ганхах битгий хэл нүдээ ч ирмэхгүй гэдгийг ойлгож, асуудлыг арай өөрөөр харах цаг болжээ.
Ардчилсан нам жагсаал цуглаан зохион байгууллаа гээд нэр хүнд нь өсч, дэмжлэг нь нэмэгдсэн үү гэвэл үгүй. Харин ч эрх баригчдад нэмэх үнэлгээ болж очих магадлал тун өндөр байна.
Ардчилсан намын асуудал бол дотроо байгаа. Гэхдээ тэр асуудлаа хойш тавиад, эрх баригч МАН-тай өрнүүлэх тэмцлээ түр зогсоож байгаад хийх ажил өмнө чинь байна. С.Эрдэнэ даргаа та намаа, түмэн олныг бодож байгаа л бол бүхнийг харлуулах гэж эсэргүүцэхийн оронд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх ажилд өөрийнхөө хувь нэмрийг оруулж хайрла.
МАН-ын толгойлсон ажлын хэсэг Үндсэн хуулийн өөрчлөлтийн Ерөнхий дүрслэлийг гаргаад ирлээ. Одоо Баасан гарагт хэлэлцэж эхлэх гэж байна. Уг хэлэлцүүлгийг шат шатанд нь сайжруулах, нэмэлт санааг тусгах, илүү боловсронгуй болгох тал дээр хамгийн их хүч хаях хүмүүс бол сөрөг хүчин. МАХН-ын О.Баасанхүү хүртэл АН-ын зөвлөлд багтаж, завсарлага авах эрх үүсгэх тухай стандарт бус шийдвэр ярьж эхлэв. Харин АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат бөөрөнхий хариулалт өгч суухын оронд шүүрч аваад асуудлыг ул суурьтай шийдээсэй билээ.
АН алалцаж суусаар байтал МАН нэгдээд магад үгүй маргаашийн ялалтынхаа төлөө Үндсэн хуулиа өөрчилж мэднэ шүү.