Ардчилсан нам бүлэггүй болж, зөвлөл хэмээх нэрийн дор зүдэрч яваа. Нэг үгээр хэлбэл хууль тогтоох байгууллагад хувь гишүүн нь үг хэлэхээс өөрөөр халдан довтолж, хариуцлагатай хандах боломжгүй гэсэн үг. АН-ын хэдэн гишүүн чанга орилсон ч хуулийн хүрээнд УИХ-ын үйл ажиллагаанд нөлөөлөх боломжгүй болсон.
Уг нь АН 9-үүлээ 2016 оны сонгуулийн дараа бүлэг байгуулж байв. Ардчилсан нам 9 хүний нөлөөгөөр хууль тогтоох байгууллагад хүчтэй ажиллах боломж байлаа. Гэвч С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат гэх хүмүүсийн үг, үйлдлийн буруу гишгэлт. Тус бүлгийн эд эс нь байсан Ж.Батзандан, Л.Болд нарын нэгдүгээр хүнээсээ авсан заавар зөвлөгөө нь өнөөдөр АН-ын бүлгийг зөвлөл болгочихсон билээ.
Гэвч зөвлөл нэрээр зүгээр л бархирч суухын оронд бүлэг болж, буцаад хүчтэй эсэргүүцлийг эрх баригч талдаа үзүүлэх боломж АН-д бий болов. Ганц дайчин ганцаардахгүй хэмээн өнгөрсөн он жилүүдэд эрх баригч МАН-тай үзэлцэж яваа О.Баасанхүү гишүүн АН-ын зөвлөлд багтая гэнэ.
2016 оны сонгуулийн дараа МАН-ын 65 гишүүнийг сандаргаж, өөрийнхөө эсрэг турхируулж чадаж байсан О.Баасанхүү яг үнэндээ өнгөрсөн хугацаанд АН-ын бүлгээс илүү ажилласан гэхээс дутаагүй шүү. Тэр МАН-ын гишүүдийн ирцийг бүртгэсэн. Тэр МАН-ын болохгүй байгаа улс төрчдийг улаан нүүрэн дээр нь үгэн бөмбөгөөр шүршсэн. Энэ бүхнээрээ АН-аас илүү байсан.
Харин өнөөдөр тэр Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх торгон агшинд АН-ын зөвлөлтэй нэгдэж, ажиллая. Бүлэг болж эрх баригч МАН-ын эзэрхийллийг зогсоох, үндсэн хуулийн өөрчлөлтийг зөв талруу нь эргүүлье хэмээн ярьж байна.
АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат: О.Баасанхүү гишүүн бидэнтэй албан бусаар уулзахдаа АН-ын зөвлөлтэй хамтарч ажиллая гэж ярьсан нь үнэн. Гэхдээ бидний хувьд О.Баасанхүү хувь гишүүнийхээ хувьд хүсэлт тавьж байна уу, намаа төлөөлж хүсэлт тавьж байна уу гэдэг нь ойлгомжгүй байгаа. Өнөөдрийн /даваа гараг / байдлаар АН-ын зөвлөлд хүсэлтээ ирүүлээгүй байгаа.
УИХ-ын гишүүн, МАХН-ын гишүүн О:Баасанхүү: “Миний бие өнөөдөр УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатад тус намын зөвлөлд нэгдэж, улмаар хүчтэй сөрөг хүчин байгуулахад хамтран ажиллах утга бүхий албан бичиг хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл, МАХН-аас гаралгүйгээр, намаа төлөөлж АН-ыг УИХ-д бүлэгтэй, хүчтэй сөрөг хүчин болгоход нэгдэж байгаа юм. УИХ-д Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэхэд хүчтэй сөрөг хүчин байх шаардлагатай. Үүнтэй холбогдуулан УИХ-д суудалгүй намууд Ерөнхийлөгчид үндэсний зөвшилцөх зөвлөл байгуулах хүсэлт ирүүлсэн байна. Энэ нь сөрөг хүчин сул байгааг илэрхийлж байгаа юм. 2016 онд МАН-д 65 суудал буюу Үндсэн хууль өөрчлөх эрхийг, АН-д 9 гишүүнтэй бүлэг байгуулах эрх, МАХН-д нэг суудал буюу Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхийг сонгогчид олгосон. Гэвч МАН Үндсэн хуулийг өөрчлөхдөө, ард түмнийхээ саналыг сонсохгүй, эрх дураараа хандаж байна гэсэн шүүмжлэл их байна. АН-ын бүлэг сөрөг хүчин болж, ард түмний өмнөөс байр сууриа илэрхийлэх ёстой” гэв.
Ийнхүү үндсэн хуулийн өөрчлөлтийг МАН-ын 64 дур мэдээд шийдэх эрхийг өгөхгүй байя. Хуулийн хүрээнд бүлэгтэй болж завсарлага авах, цаашлаад саналаа оруулах хэмжээнд ажиллахын тулд АН-ын зөвлөлд нэгдэнэ хэмээн О.Баасанхүү ярьж байхад АН-ын зөвлөлийн дарга шальдар булдар хариулалт өгч байгаа нь инээдтэй юм. О.Баасанхүү хувь хүний хувьд өгнө үү, намын хувьд хүсэлт гаргана уу? Ер нь өнөөдөртөө тэр чухал биш. Харин ч хамгийн чухал нь үндсэн хуулийн өөрчлөлт. Тус өөрчлөлтөд АН-ын бүлгээр дамжуулаад тэднийг дэмжигч иргэдийн санал тусах нь чухал юм. Иймээс элдэв маяг хөөлгүйгээр, асуудлыг дэвэргэж аргацаахгүйгээр О.Баасанхүүг намынхаа зөвлөлд багтааж бүлгээ дахин байгуулах нь олон түмэнд тустай гэдгийг ойлгож бодоорой Д.Эрдэнэбат даргаа..