“Түгжил”-үүд намын дарга болох эрх бий юу
АН-ын VI их хурал СТӨ-нд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдрийн хурлаар ярьсан гол асуудал нь намын дүрмийн шинэчлэл бус өнгөрсөн жилүүдийн алдаа оноог дэнслэх явдал байлаа. Мөн иргэдийн чих тавин хүлээж байсан намын шинэ даргын асуудлыг хэлэлцэхгүй хойшлуулсан бөгөөд ирэх хоёрдугаар сардаа багтаан шинэ дүрэм, шинэ дарга, шинэ зохион байгуулалттай шинэчлэгдсэн АН бий болохыг зарлав.
Гэвч АН-ын их хурлын төлөөлөгчдийн дунд намын шинэ даргын сунгаанд оролцогсдын нэр урдчилсан байдлаар тодорч, 4-5 хүн нэр дэвших эрхээ өвөртөлсөн бололтой.
АН-ын даргад экс дарга Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, С.Эрдэнэ, Р.Амаржаргал нарын нэрс яригдаж байгаа бөгөөд эдгээр хүмүүст намын дарга хийх чадамжаас гадна нэр дэвших эрх ч байхгүй гэдгийг намын их хурлын зааланд шивэр авир ярилцаж байгаа юм.
Учир нь Ж.Батзандан, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Р.Амаржаргал нарын намын даргад нэр яригдаж буй эрхмүүд АН-ын Засгийн газрыг унагаахад гар бие оролцож, намын дүрмээ зөрчиж байсан хариуцлага, ёс зүйгүй хүмүүс байгааг АН-ын VI их хурлын төлөөлөгчид хэлж байна.
“Поп” Ж.Батзандан намын даргад тэнцэх үү?
Ж.Батзандангийн хувьд Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах МАН-ын бүлгийн тогтоолын төсөлд гарын үсэг зурсан цорын ганц АН-ын гишүүн юм. Түүгээрч зогсохгүй огцруулах асуудлыг чуулганаар хэлэлцэхэд дэмжсэн кноп дарсан байдаг. Өдгөө эл асуудал намын их хурлаар эргэн сөхөгдөж, Ж.Батзандан тэргүүтэй эсрэг кноп дарсан нэр бүхий гишүүдэд хариуцлага тооцож, намын даргад нэр дэвшүүлэхгүй байх нь зөв гэдгийг төлөөлөгчид хэлж байна. Үүнээс гадна, Ж.Батзанданг намаас хөөх асуудлыг дүүргийн намын хорооны түвшинд хэлэлцэж, АН-ын 200 үүрийн 2000 гишүүн гарын үсэг зурж намаас хөөхийг шаардсан байдаг.
“Кноп андуурдаг” Д.Эрдэнэбат
Намынхаа эсрэг хамгийн хачирхалтай байдлаар ажилласан хүн бол УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат. Н.Алтанхуягийн Засгийн газыг огцруулах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед Д.Эрдэнэбат “кноп андуурсан” гэх хачирхалтай, жаахан хүүхдийнх шиг шалтгаанаар өөрийн намын байгуулсан Засгийн газраа огцруулах санал өгч байлаа. Ингэснээр байнгын хороон дээр дэмжигдсэн асуудлыг чуулганаар хэлэлцэж Н.Алтанхуягийн Засгийн газар огцорч байсан юм. АН-ын Засгийн газрыг унагаах, засаглалыг ганхуулах хэмжээний чухал асуудлыг шийдвэрлэж байхад кноп андуурч дардаг хариуцлагагүй, ёс зүйгүй хүн намын даргын ажил хийж чадна гэдэгт гишүүд дэмжигчид эргэлзэж буй.
Р.Амаржаргал эв нэгдлийг хадгалж чадах уу
АН Засгийн эрх барьж байх үед Р.Амаржаргалын нэр намын дарга, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад байнга яригддаг. Гэвч түүнийг намын эв нэгдлийг хадгалж, намаа удирдан чиглүүлж чадахгүй хүн гэж дүгнэсэн нь олон. Үүнийг ч батлах гэсэн мэт тэрээр намынхаа эсрэг санал өгч, өөрийн Засгийн газраа огцруулчихсан. Өдгөө бүлэглэл фракцийг байхгүй болгох, намыг эвнэгдэлтэй болгох асуудал өндөр хэмжээнд яригдаж байгаа үед өөрийн намаа хагалан бутаргаж, дэгээдэн унагаж байсан хүн намын дарга хийх ёс зүй байхгүй л болов уу.
С.Эрдэнэ намын нэр хүндийг унагаах уу?
Н.Алтанхуягийг огцруулахад нүдээ аниж, чихээ даран тусалсан хүмүүс бол чуулганы хуралдаанд ирээгүй гишүүд. Өөрөөр хэлбэл, чуулганаа тасалж “түгжилдсэн” С.Эрдэнэ, С.Одонтуяа, М.Батчимэг, Д.Ганхуяг, Г.Баярсайхан, Д.Арвин нарын гишүүд хэрэв чуулгандаа ирж саналаа өгсөн бол Н.Алтанхуяг огцрохгүй үлдэх байсан.
С.Эрдэнэ гэдэг хүний хувьд намын дарга болохын тулд бүхий л хувилдааныг хийж байгаа гэсэн бор шувуу Ардчилсан намын их хурлын төлөөлөгчдийн дунд өрнөх болжээ. С.Эрдэнэ нь өөрийн ажиллаж байсан засгийн газраа огцруулах хуралд ирж санал өгөлгүй зугтаж, шууд бишээр дэмжсэн гэж намынхан нь үздэг.
Имижийн хувьд ч АН-ын нэр хүндийг улам доош унагах биз. Учир нь түүний талаар “С.Эрдэнэ вангийн хошуу”, “Нийгмийн даатгалын мөнгө идсэн” гэх мэтээр сайнаасаа илүү муу мэдээ мэдээлэл хөвөрдөг.
Өдгөө хүчин төгөлдөр үйлчилж буй АН-ын дүрэмд өөрийн байгуулсан Засгийн газраа унагсан тохиолдолд хөөх заалт бий. Намын хяналтын хороо ч тогтоол гаргаж дээр нэр дурдагдсан АН-ын гишүүдэд хариуцлага тооцох тогтоол гаргасан байдаг.
Гэвч одоог хүртэл тэдэнд хариуцлага тооцоогүйгээс гадна зарим нь намын даргад нэр дэвшээд явж байгаа нь АН-д хариуцлага, ёс зүй, шинэчлэл үгүйлэгдэж байгааг бататгаж байна.
Намын дарга Н.Алтанхуяг буюу уруудаж яваа онгоцонд АН эргэн суух уу?
Өдгөө намын даргад нэр дэвшигчдээс үлдсэн ганц хүн нь Н.Алтанхуяг. Тэрбээр яах аргагүй АН-ын лидерийн нэг мөн хэдий ч намын эв нэгдлийг хангаж чадалгүй, олон жил намын эрх барих дээд байгууллагад салхи нэвтрүүлж шинэчилж чадаагүйн улмаас өнөөгийн ялагдалд хүргэсэн гол хүн.
Даарин дээр давс гэгчээр хүргэн Г.Дэнзэнгийн хэрэг, ах дүү хамаатан садангаараа авлигын хэрэгт холбогдож өдгөө АТГ-т шалгагдаж ард иргэдийн дунд ч нэр хүндээ алдаж эхэлсэн. Өөрөө хүртэл сэжигтэн болж “оймсоо гозойлгох” дээрээ тулаад байгаа Н.Алтанхуягийг АН даргаараа сонговол уруудаж яваа онгоцонд эргээд суусантай ижил зүйл болох биз.