У.Хүрэлсүх: Махны үнэ 10,000 төгрөгөөс дээш гарах юм бол Ч.Улаан та огцрох ёсттой шүү
Монгол улс 70 сая малтай. Харин махны үнэ өндөр байна. Ийм нөхцөлд махны үнийг өсгөхгүй байх. Хавар хахир цагт иргэд арван дөрөв, арван таван мянгаар мах худалдан авдаггүй байх ёстой. Үүнийг хийхийн тулд Засгийн газраас махны нөөц бэлтгэн үнийг зохицуулах гэж жил бүр олон тэрбум төгрөг зарцуулсаар ирсэн билээ.
Гэвч энэ жилийн хувьд махны үнэ кг нь арван таван мянган төгрөг хүрч, нөөцийн мах нь олдохгүй, иргэдийн бухимдлыг төрүүлсэн билээ. 2019 онд махны нөөц бэлтгэхийн тулд 4,9 тэрбум төгрөгийг төсөвт суулгаж, махны нөөц бэлтгэсэн билээ. Гэвч махны нөөц бэлтгэсэн нэртэй боловч, хэрэглэгчдэд хүрэхдээ махны үнэ хэт өндөр байсан учраас хүн бүр халаглаж, Засгийн газрыг буруугаж байсан билээ.
Манай улс хүн амын дотоодын хэрэгцээнд жилд дунджаар 10-12 сая толгой мал хэрэглэдэг. Бид дотоодын махны хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй цаашид жил бүр 9 сая толгой мал буюу 180 гаруй мянган тонн мах экспортлох боломжит нөөц бий. Энэ ч утгаараа 2018 оны экспортын гүйцэтгэлээр 70,4 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортлоод байна. Энэ нь мах, махан бүтээгдэхүүний экспортын хэмжээг 50 мянган тонн хүргэнэ гэсэн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилт биелэгдсэн үзүүлэлт бөгөөд хонин толгойд шилжүүлснээр 4,4 сая малыг экспортод гаргаж, 154.1 сая ам.доллар буюу 400 орчим тэрбум төгрөгийн орлого олжээ.
Махны төрөл, экспортолсон улсаар нь авч үзвэл, өнгөрсөн онд Азербайжан, БНАСАУ, БНХАУ, Вьетнам, Иран, Испани, Казакстан, Катар, Киргизстан, Малайз, Арабын нэгдсэн Эмират улс, ОХУ, Хонконг, Узбекстан, Япон гэсэн 15 улс орон руу хонь, ямаа, үхэр, адууны мах, махан бүтээгдэхүүн экспортолсон байна. Үүнийг өмнөх онуудтай харьцуулахад экспортын мах, махан бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэж, дулааны аргаар боловсруулсан махны экспорт өссөн үзүүлэлт юм.
Хэдийгээр мах экспортлох тухай нааштай мэдээ байгаа ч нөгөө талд нь дотоодын махны зах зээлийн үнэ хэт өсч байгаад засгийн газраас анхаарч эхэлжээ.
Тухайлбал өнөөдөр Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тодорхой үүрэг даалгаварыг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан болон бусад албаныханд өглөө.
У.Хүрэлсүх: Махны үнэ хэт өндөр байна. 70 сая малтай гэж бид ярьж байгаа ч иргэд 15 мянган төгрөгөөр кг мах авч идэх болчихоод байна. Үүний буруутан нь төр засгийн бид. Мах экспортлох тухай ярихаасаа өмнө эхлээд дотоодын махны үнийг зохицуул. Ирэх жил махны үнэ өсөхгүй байх тал дээр яам ажиллах ёстой. Хэрэв энэ асуудалд анхаарал хандуулахгүй бол Ч.Улаан сайд та ажлаа өгөөрэй. Та толгойгоороо энэ асуудлыг хариуцах ёстой шүү.
Үндэсний статистикийн газраас явуулсан мал тооллогын дүнгээс харахад Монгол Улс 2013 онд 45,1 сая, 2014 онд 51,9 сая, 2015 онд 55,9 сая, 2016 онд 61,5 сая, 2017 онд 66,2 сая мал тоолуулж, мал сүргийн тоо жил тутамд дунджаар 5 саяар өсчээ. Монгол улсын нийт мал сүргийн 5,9 хувь нь адуу, 6,5 хувь нь үхэр, 0,6 хувь нь тэмээ, 45,4 хувь нь хонь, 41,2 хувь ямаа эзэлж байна.