Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх шийдэмгий, бас шуурхай байна гэх магтаал олон нийтийн дунд хөвөрч эхэлжээ. Ийм хөөсрөлт түүнийг шадар байхаас л эхлэлтэй. Харин өнөөдөр хөөсрөлт хэвээрээ байна уу? Эсвэл бодит хөөрөлт болж хувирсан уу гэдгийг сайн тунгаах ёстой. Гаргаж байгаа шийдвэр, ярьж хэлэх өгүүлбэр, албан тушаалтанд хандах хандлага, асуудлыг шийдэх шийдвэр зэрэг нь ард олны төлөө мэт харагдаж байгаа учраас түүнийг хий хоосон магтаал, хэт хөөргөсөн хөөсрөлт биш байх магадлалтай.
Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх айхгүй, ард олны итгэл алдахаас л айна гэсэн үгэндээ хүрэх гэж чармайж байх шиг. Түүний үйлдэл, үг бүрээс энэ хандлага ажиглагдана. Тухайлбал хамгийн сүүлд Тос тосон бумбын нурууны эргэн тойронд байсан уул уурхайн лиценцийг цуцлав. Мөн орхон голыг бохирдуулж байсан уул уурхайг хааж өглөө. Малчид баярлаж, гол шүтсэн хүмүүс шаагиж байна. Харин нөгөө талд нь уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд уйлж, зарим нь нинжа бүүр илүү сүйтгэнэ шүү гэх сүрдүүлгийг явуулж эхэллээ. Харин гуравдагч этгээдүүдийн зүгээс аль алинд нь үл итгэж, асуудлын мөн чанар нь хариуцлагаас зугтаасан аж ахуйн нэгжүүд төртэй хуйвалдан татвар төлөгчдийн мөнгөөр шархаа нөхөх гэж байгаа юм биш биз хэмээн асуудлыг цаад талыг харах гэж хичээж сууна. Одоогоор аль нь болох нь хараахан мэдэгдээгүй л сууна. Ямартай ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх шийдлээ, шийдвэр гаргаж, бас дор буй хүмүүсээрээ хэрэгжүүлж чадлаа. Одоо дараагийнх нь...
Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх яг л энэ шийдэмгий зангаа нэг зүйл дээр хатуу харуулмаар байна. Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг 2009 онд С.Баярын тэргүүлсэн засгийн газар байгуулж, тухайн үеийн сангийн сайд С.Баярцогт, Уул уурхайн сайд Зоригт, Байгаль орчны сайд Л.Гансүх нар гарын үсэг зурж 250 сая ам долларыг авч бөөн баяр хөөр болж байв. Энэ цаг мөчөөс л эхлэн тус гэрээг тойрсон шүүмжлэл өрнөж, өнөөдрийг хүрлээ. Нэг талаасаа хамгийн муу хөрөнгө оруулалтын гэрээ. Монгол улсын хамаг баялгийг хамж аваад хожим нь өр л үлдэх гэрээ хэмээн шүүмжлэгч нар тайлбарладаг. Харин өмөөрөгч нарын зүгээс тухайн цаг үедээ хамгийн зөв шийдэл болсон. Үүний ачаар Монгол улсын эдийн засаг сэргэж, 2010, 2011 онд Монгол улсын эдийн засаг өндөр өсөлттэй гарч, азийн бар болох тухай яриа гарч байлаа хэмээн шаагина.
Гэвч үнэн хэрэгтээ Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ нь Монгол улсын эрх ашгийг нэгдүгээрт эрэмбэлж чадаагүй. Харин хөрөнгө оруулагч талын эрх ашгийг хэт хамгаалсан. Уул уурхайн эрсдлийг хөрөнгө оруулагч бус баялгаа өгөх Монгол улс үүрчихсэн гэрээ болчихжээ гэдэг нь илүү тод харагдах болов. Үндэстэн дамнасан том аж ахуйн нэгжүүд жижиг эдийн засагтай Монгол улсыг энэ жилүүдэд хэт удирдаж, бас дуртай үедээ тонгорч ирлээ.
2015 онд Ч.Сайханбилэгийн засгийн газрын байгуулсан Дубайн гэрээ нь Оюу толгойн 2009 онд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг муужруулчихсан мунхаг үйлдэл гэдгийг өнөөдөр олон хүн шүүмжлэх болжээ. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байсан С.Баярцогт хүртэл 2009 онд өөрийнх нь байгуулсан гэрээг дордуулсан өөрчлөлтийг 2015 онд хийсэн хэмээн ам алдсан сурагтай. С.Баярцогтын хувьд 2015 оны Дубайн гэрээнд оролцоогүй гэдгээ хэлдэг билээ. Үүнээс харах юм бол Ч.Сайханбилэгийн засгийн газрын Оюу толгойд бууж өгсөн булчимгүй алхам нь өнөөдөр бус маргаашийн хор хөнөөлтэй алхам болсон гэдгийг судлаач нар тайлбарлах боллоо.
Дубайн гэрээ яагаад хийгдэх болсон вэ? 2013 оноос эхлэн Оюу толгойн хөрөнгө оруулагч нар далд уурхайн ажлаа зогсоох шийдвэр гаргасан. Учир нь 2013 оны төсөвт Оюу толгойгоос татвар нэмж авах, мөн далд уурхайн хөрөнгө оруулалтыг дураараа нэмэхгүй, УИХ-аар асуудлыг ярих ёстой гэсэн улс төрчдийн байр суурийг сонссон Оюу толгойн хөрөнгө оруулагч нар гэдийсэн хэрэг. Үүнээс улбаалж хоёр тал яриа хэлэлцээр хийсний дараа буюу 2015 онд Дубайн гэрээ байгуулсан билээ.
Дубайн гэрээний гол зүйл заалт нь Оюу толгойн хөрөнгө оруулагч талын авах зээлийн хэмжээг 6 тэрбум ам доллар болгон өсгөж өгсөн. Мөн Оюу толгойн далд уурхайн анхны хөрөнгө оруулалтын хэмжээг нэмж өгсөн. Үүний зэрэгцээ татвар хураамжтай холбоотой асуудал дээр буулт хийсэн зэрэг нь Монгол улсад маш том хохирол дагуулсан хэмээн УИХ-аас томилогдсон ажлын хэсэг үзсэн билээ. 2016 онд сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан УИХ ажлын хэсэг байгуулж, шалгалт явуулсан. Уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ахлан ажилсан байдаг. Тус ажлын хэсгээс Дубайн гэрээг яаралтай цуцлах, Оюу толгойн гэрээнд өөрчлөлт оруулах санал гаргасан гэдгээ хэлж 2019 оны 03 сарын 22 өдөр Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хүргүүлсэн гэдэг билээ.
Хэрэв Оюу толгойн далд уурхай ашиглалтанд орсон нөхцөлд Монгол улсын авах ашиг 30 жилээр хойшилж, баялаг бүрийг зөөх болгонд бачуурч л үлдэх арга замаас өөр сонголт Монгол улсад үлдээгүй бололтой.
Зоригтой, зүрхтэй, ард олны итгэл байхад авлига, албан тушаалын хэнээтэй нөхдөөс айхгүй гэж байгаа У.Хүрэлсүх та л Дубайн гэрээг цуцлах чадалтай юм байна. Ийм чадлыг гаргаж, чансаатай, зоригтой улс төрч гэдгээ харуулчихаач.