Улаанбаатар хотын удирдлагын өнгөтэй ажлын нэг нь хашаа нэгдсэн арга хэмжээ. Мөн хууль бус олгогдсон газар чөлөөлөлт байлаа. Шил шилээ даран газрын зөвшөөрлийг цуцалж, эрхтэн дархтан бүрийн хууль бусаар, танил талаараа авчихсан газрыг хүчингүй болгож, нийслэлийн мэдэлд авч байсан ажил өнгөрсөн 2019 оны 06 сараас хойш таг зогсов.
2019 оны 06 сараас эхлэн Нийслэлийн газрын албаны даргаар А.Энхманлай гэгч ажиллаж эхэлжээ. Түүний хувьд Нийслэлийн газрын албанд мэргэжилтэн, Баянзүрх дүүргийн газрын албаны дарга зэрэг ажлыг хашиж байсан. Харин 2016 оны сонгуулийн дараа Нийслэлийн газрын албанд орох гээд чадаагүй нэгэн гэнэ. Харин 2019 онд Нийслэлийн газрын албаны даргаар ажиллаж байсан Х.Болорчулууныг ажлаа өгөхөд оронд нь томилогдож ирсэн юм.
А.Энхманлай нь Нийслэлийн засаг дарга С.Амарсайханы гарын хүн биш гэх явган яриа Хангарьд ордонд хөвөрч байна. Харин түүнийг чиглүүлж, удирддаг хүн нь тусгаар тогтнолын ордон дотор тухалсан нэгэн гэнэ шүү. Тэр чухам Нийслэлийн газрын албаны ажлыг сайжруулах гэж ирсэн нэгэн баймаар юм. Харин ажлаа авсан цагаасаа хойш хэрэгжүүлсэн бодлого, хийсэн ажил нь Нийслэлчүүдэд лав харагдаж, мэдрэгдэхгүй л байх шиг байна.
Нийслэлийн газрын албаны өмнөх удирдлагын үед хашаа нэгдсэн арга хэмжээний хүрээнд өдөр бүр л газар чөлөөлөлт болж, хууль бус барьсан хашаа, барилга байгууламжийг нурааж байсан гэхэд болно. Энэ ажил дэлгэр зуны цагт үргэлжилж, олон газрыг чөлөөлөх байх хэмээн иргэд найдсан. Харин шинэ дарга А.Энхманлайгийн ачаар энэ ажилд ахиц гарсангүй.
Уг нь өнгөрсөн хавар МУИС-ийн өмнөх талбай, Сүхбаатарын талбайн өмнөх зогсоол, мөн Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэгт саад гэх мэт олон нийтийн төсөөлж байгаагүй газарт газар эзэмших гэрчилгээ авчихсан байсан хүмүүсээс төр төмөр нүүрээ харуулан гэрчилгээг нь буцаан авсан билээ. Гэтэл энэ ажил үргэлжилсэнгүй.
Энэ зуны усархаг бороонд Нийслэлийн замбараагүй газар олголт, газрын буруу зохион байгуулалтын уршиг гарч хэд хэдэн газар үеэр болов. Нийслэл хотод үеэр болсны дараа хамгийн түрүүнд хариуцлага хүлээх ёстой хүний нэг нь Нийслэлийн газрын албаны дарга байдаг. Энэ удаад Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан зөөлөн хандав уу? Эсвэл шууд А.Энмманлайтай хариуцлага тооцож чадах эрх мэдэл дутав уу?
Уг нь Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан бол А.Энхманлай гэж хүний шууд удирдлага. Тэр утгаараа хариуцлага ярих ёстой нэгэн. Гэтэл үеэр болж яармагийн зам бүхэлдээ усанд автсан байхад хүртэл аж ахуйн нэгжийг загнаж, ажлаа хийгээгүй төрийн албан хаагч нартаа нэг ч үг ган хийсэнгүй.
Угтаа бол зуны цагт газрын зохион байгуулалт нь буруу байхад хамгийн түрүүнд шаардлага тавьж, асуудлыг хөндөх ёстой газар нь Нийслэлийн газрын алба. Тэр дундаа тус албаны дарга А.Энхманлай байв.
Хэрэв нийслэлийн газрын албаныхан газар чөлөөлөлтийг 2019 оны 06 сараас хойш гацааж, удаашруулаагүй бол 7 сард орсон борооны ус яармагийн зам дээр үеэр болохгүй байсан байж мэднэ. Ийм таамгийг олон нийт дэвшүүлж сууна.
Газар чөлөөлөлтийн ажлыг гацаасан Нийслэлийн газрын албаны дарга А.Энхманлайтай хариуцлага яриач ээ С.Амарсайхан даргаа!!!