Гавъяат Уурхайчин Г.Галбадрах: Л.Энхболдыг шалгах шаардлагатай юм байвал хуулийн байгууллага шалгаж тогтоох хэрэгтэй
Гавъяат Уурхайчин Г.Галбадрах гуайн ярилцлагаас хүргэж байна.
ХОЖУУ Ч ГЭЛЭЭ ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ ХҮРТСЭН ТАНД БАЯР ХҮРГЭЕ.
Баярлалаа. Бүхий л залуу халуун насаа зориулж байсан салбартаа ажил хөдөлмөрөө үнэлүүлж, төрдөө үнсүүлнэ гэдэг сайхан юм.
УУЛ, УУРХАЙН ОРЧИН ҮЕИЙН ХӨГЖИЛД ХҮЧИН ЗҮТГЭЖ ЯВАА, СОНИРХОЖ БАЙГАА ХҮМҮҮСТ ШИНЭХЭН ГАВЪЯАТЫН ҮГИЙГ ХҮРГЭЕ ГЭЖ ЗОРЬЖ ИРЛЭЭ?
Социализмийн үеийн уул уурхай, өнөөгийн техникийн дэвшлийг ашиглаж байгаа уул уурхай хоёрын хооронд их ялгаа байгаа нь мэдээж. Хөгжлийг нь харах сайхан л байна. Хамгийн гол нь байгаль эхийн үнэт баялгийг ашиглаж байгаа бол эмх цэгцтэй, зөв зохион байгуулалттай, хаягдалгүй ашиглаж капитал болгох нь чухал. Энэ тал дээр л бодлоо хэлье дээ.
ОВООЛГООТОЙ ХӨРС ХЭДЭН ЖИЛИЙН ДАРАА ЭРДЭНЭ БОЛОХЫГ ҮГҮЙСГЭХГҮЙ Л ЮМ ТИЙМ ЭЭ?
Шинжлэх ухаанч бусаар хандвал ашиглаж чадахгүй. Таван толгойд улаан чулуутай нэг толгой байдаг байсан. Хятадууд чулууг нь зөөгөөд эхлэхээр нь нэгийг хадгалж үлдсэн юм гээд нутгийн нэг хөгшин сандалын чинээ нэг чулуу харуулж байсан. Одоо тэр толгой байхгүй болсон байна лээ. Өнөөдөр Оюу Толгойн хөрсөнд хэрэгтэй ямар элемент, эрдэсүүдийг ашиглаж чадалгүй устгаж байгааг мэдэхгүй. Өөрсдөө л анхаарахгүй бол хүний хүн хүний газрыг хайрлахгүй, хугацаа алдалгүй ашгаа арвин авахыг л бодно шд.
Галбадрах гуайн ярьсан улаан толгойгоос нутгийн иргэний хадгалж авч үлдсэн чулуу
НЭЭРЭЭ Л ӨНӨӨГИЙН АШИГЛАЖ БАЙГАА ЭРДЭНЭТИЙН ОВООЛГЫГ 40 ЖИЛИЙН ӨМНӨ ДАХИЖ АШИГЛАХГҮЙ ЮМ ШИГ Л САНАДАГ БАЙСАН БАЙХ ДАА?
Эрдэнэтийн зэсийг гаргахдаа эхэндээ бүр алтыг нь тооцолгүй гаргадаг байсан. Сүүлд харин дагалдах элементийн тооцооллоор алтыг нь тусгайлан үнэлдэг болсон нь сайн. Эрдэнэт чинь зэс молибдиний орд. Гэтэл тэнд алт, оюу гээд байгалийн үнэтэй элементүүд гарч байна. Овоолгыг нь өнөөдөр хэд дахин бага зардалаар дахин ашиглаж зэс гаргаж байна. Оюу толгойн овоолгыг эмх цэгцтэй ангилж нэг зардлаар бусад элементүүдийн нөөцийг нь тайлагнаад хойч үедээ үлдээвэл 50 жилийн дараагаас л хамгийн наад зах нь тэндээс газаа гаргаж аваад ашиглаад эхэлнэ. Будаг, оохор барилгын сайн чанарын элс, хайрга бүгд тэнд байгаа. Шунаад л эмх замбараагүй, шинжлэх ухаанч бишээр хандаж хойч үеэ бодохгүй уралдаад ухаад байвал илэрсэн болон, илрээгүй баялгийн ердөө 30%-ийг л ашиглаад ихэнхийг нь хаягдал болгоно.
Хойт Солонгост алмаазны орд байдаг. Ард түмэн нь өлсөж ядарч туйлдах юм бол задлах үүц нь гээд хадгалдаг. Гэтэл манайх илэрсэн болгоныг лиценз нэрээр уралдаад ухаж байна. Биднээс хойш хойч үегүй юм шиг.
ТАНЫГ УУРХАЙН ДАРГААР АЖИЛЛАЖ БАЙХАД ИЙМ ЖИШЭЭГЭЭР ДАГАЛДАХ ЭЛЕМЕНТҮҮД ИЛЭРЧ БАЙВ УУ? ТУХАЙН ҮЕД ЯАЖ ШИЙДДЭГ БАЙСАН БЭ?
2011 онд Алтайн Хүдэрийн Таян нурууны төмрийн хүдэрийн ордыг олборлохоор хөрс хуулалт явагдаж байв. Хүдэрийн орд нь босоо ташуу байрлалтайгийн нэг талд нь байгалийн боржин маягийн ашиглахдахааргүй чулуутай. Нөгөө хэсэгт нь тэр чигтээ шохойн чулууны орд байсан. Яг тэр орд дээр хуулсан хөрсөө овоолж байсныг болиулаад ажлын зургийг нь 180 градусаар эргүүлж эсрэг талд нь овоолгыг нь хийлгэсэн. Ингэснээр цаахна талд нь Хятадад өнөөдөр ховордоод байгаа барилгын материалын гол түүхий эд болох шохойн чулууны хэдэн сая доллараар үнэлэгдэх ордыг ашиглахаар үлдээсэн юм даа. Уул уурхай бол дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн шинжлэх ухаан. Шинжлэх Ухаан байгаа цагт байгалийн бүх элементүүдийг ашиглана л гэсэн үг.
Уул уурхай өндөр хөгжсөн орнуудад хуулсан хөрсийг овоолохдоо дагалдах элементээр нь үечлэн овоолдог ажээ.
ТАВАН ТОЛГОЙ УУРХАЙГ МОНГОЛЫН ГЕОЛОГИЧИД ӨӨРСДӨӨ ИЛРҮҮЛСЭН ГЭДЭГ БИЛ ҮҮ?
Тэгэлгүй яахав. Зүгээр нэг эрэл хайгуул биш шүү. Монголчууд өөрсдөө бие дааж анх удаа өргөн далайцтай, их ажиллагаатай, нарийвчилсан хайгуул хийж нөөцийг нь тогтоосон анхны орд.
Эрчим хүчний сайд П.Очирбат, Геологийн сайд Ч.Хурц байхад Эдийн Засгийн Харилцан Туслах Нийгэмлэг гэж Социалист орнуудын нэгдэл байлаа. Тэнд таван толгойн ордоо ашиглая гэсэн саналыг гаргахад Монголчуудын хийсэн хайгуул, тооцоололд итгээгүй. Заавал Оросын Геологийн яамны нөөцийн комиссоор оруулж шалгана гэж байсан. Тэгээд Оросын Геологийн яамны нөөцийн комиссоор шалгагдаад батлагдсанаар энэ Таван толгойн түүх эхэлсэн юм даа.
ТА ЭНЭ УУРХАЙН ДАРГААР АЖИЛЛАЖ БАЙСАН ТУРШЛАГАТАЙ, АХМАД УУРХАЙЧНЫ ХУВЬД ӨНӨӨДРИЙН ТАВАН ТОЛГОЙГ ТОЙРСОН МАРГААНЫГ АЖИГЛАДАГ Л БИЗ?
Хамгийн сайн мэддэг зүйлийг чинь мэдэхгүй хүн мэдэмхийрээд яриад байхаар чи лав анхаарахгүй өнгөрч чадахгүй дээ? Ер нь энэ Эрдэнэс таван толгой, Энержи Ресурс, Орон нутгийн гээд байгаа таван толгой чинь шинжлэх ухааны хэллэгээр нэг л бассейн. Нэг л том орд гэсэн үг. Хамгийн гол нь өөр, өөр компаниудад лиценз нэрээр хуваарилж өгсөнөөс ийм маргаан гарч байгаа юм. нэг л ТЭЗҮ-ээр олборлолт хийгээд хувьцааг нь харин компани, хувь хүмүүс эзэмшиж болохоор зохицуулалт хийсэн бол энэ компаниудын хооронд үл ойлголцох асуудал гарахгүй. Бас илүү зардалгүйгээр байгалийн баялгаа зохистой олборлоно.
Одоо тэгэхээр цаашдаа дахиад л 268 мянган тонноор зогсохгүй нүүрс хулгайд алдагдах юм байна л даа.
Тэр их нүүрс хулгайд алдагдсан гэдэгт чи юун дээр тулгуурлаж итгэж байна? Юуг нь хулгай гээд байгаагийн цаана нэг учир, зорилго байгаа байх. Энэ улс төр чинь их олон аргатай гэсэн би мэдэх биш.
Одоо иргэддээ нөгөө 1072 хувьцааны ногдол ашиг өгөх гээд Эрдэнэс Таван толгой 30%-иа зарах гээд байх шиг байна. Тэгсэн мөртлөө дотроо дэлхийд байхгүй юм гаргаж ирээд маргаад байгаа нь ичгүүртэй харагдаж байна.
ТИЙМ ИХ ХЭМЖЭЭНИЙ НҮҮРС ХУЛГАЙД АЛДАГДАЖ ГЭЭД ГЭНЭТ ЗАРЛАХАД ИХ Л ЦОЧИР, СОДОН СОНСОГДОЖ БАЙЛАА. ХУЛГАЙ ГАРСАН ГЭДЭГТ ИТГЭЖ БАЙГАА ХҮН ОЛОН БАЙГАА БАЙХ. БИ Ч ГЭСЭН ХУЛГАЙ Л ГЭЖ ОЙЛГООД ЯВАА НЬ ЭНЭ Л ДЭЭ?
Хулгай хийж байхад уурхайчид, мэргэжлийн хяналт, хил гааль гээд шат, шатандаа хулгайн нүүрсийг мэдээгүй байсан байж таарах гээд байна. Мэдсэн бол бүгд хамт хулгайлсан болж таарна. Тэгээд зуу, зуугаараа шоронд орох болно. Төрийн албадуудаа, бас уул уурхайд хөдөлмөрлөж яваа олон мянган уурхайчдаа төрийн түшээ хүн хэн ч биш юм шиг л хандаж байна гэж ойлгогдохоор. Ямартаа ч уул уурхайг мэдэх хүний хувьд, энэ уурхайд бас залуу насандаа хэдэн жил удирдаж ажилласан хүний хувьд би мэддэг юмаа л ярьж байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХБОЛД ТЭГВЭЛ ХУДЛАА ЯРЬСАН БОЛЖ ТААРАХ НЬ ДЭЭ?
Яагаад тэгж ярьсаныг чи бид яаж мэдэхэв дээ. Яасан учрыг нь мэдэхгүй байж хүн муулах муухай. Гэхдээ энгийн иргэд бол тэр хүүг энгийн иргэнээр биш Өмнөговьчуудыг төрд төлөөлж байгаа төрийн түшээ гэдэг үүднээс харж байгаа. Учир мэдэх хүмүүс шоолж тохуурхаж байна. Улс төрийн муухай бүлэглэлүүд ганц Энхболд гэлтгүй залуу улс төрчдийг гар хөлөө болгоод нүдний булай болгочихдог жишгүүдийг бишгүй л харж байна. Эд баялгийн хэрүүлээс илүү санаа зовох зүйл тэнд их байгаа. Өмнөговьд өнөөдрийн байгалийн баялаг байхгүй болчиход хэн ч тоохгүй. Ингэхийн оронд аймаг, сумдын иргэдийн аж амьдралд хэрэгтэй, байгаль орчинд ээлтэй хууль гаргаж ирээд ажиллая гэвэл хийх ажил их шүү дээ. Шалгах шаардлагатай юм байвал хуулийн байгууллага шалгаж тогтоох хэрэгтэй. Тэрнээс биш улс төр хийгээд байх шаардлагагүй шүү дээ.
ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЗҮГЭЭС: “-ОРОН НУТГИЙН ӨМЧИТ ТАВАН ТОЛГОЙ КОМПАНИАС 268 МЯНГАН ТОНН НҮҮРСНИЙ АВЛАГАТАЙ”. ГЭРЭЭНИЙХЭЭ НӨХЦӨЛӨӨР БУЦААЖ АВНА ГЭЭД БАЙГАА. ЯМАРТАА Ч ТАВАН ТОЛГОЙН УУРХАЙГ Л.ЭНХБОЛД ГИШҮҮН ГАЦААЖ ЧАДСАН. ДАРААГИЙН ҮЙЛДЭЛЭЭ ХҮЛЭЭЖ БАЙХ ШИГ БАЙНА?
Зогсоож чадсандаа гол биш. Энэ хугацаанд нутаг орны эдийн засагт орох байсан орлого, олон зуун уурхайчдын ажил зогсож байна гэдэг л ноцтой асуудал. Популизм орсон салбар сүйрдэгийг гадны олон жишээ харуулж байна. Ер нь ийм нэг шуугианы цаана заавал нэг бүтэлгүй юм болдог. Ард түмэн л хохирдог жишээ олон бий дээ. Нэг бассейнд байгаа зэрэгцээ уурхайнууд ямар гэрээ хийснийг мэдэхгүй. Бэлэн нүүрсийг нь ашигласан юм бол буцаагаад гэрээний нөхцөлийн дагуу төлөх л ёстой шд.
Эцсийн эцэст энэ их хурлын гишүүдийн дараагийн сонгуулиас илүү ард түмний аж амьдрал л чухал. Ийм хариуцлагатай албанд итгэж сонгосон ард түмнийхээ аж амьдралд нэмэр болж байгаа юмаар нь оролдож зогсоож гацааж байхын оронд хувийн амбицаа дараад үүрэгт ажлаа сайн хийвэл дээр харагдах юм?
Жудагаа бодох юм бол 60 жилийн настай эцэг таван толгойгоо буланд шахчихаад л чихийг нь дөжиртөл хэрэлдэж байгаа нь муухай харагдаж байна. Социализмийн үед эх орны өнцөг булан бүрт нүүрсээ түгээгээд улс орны бүтээн байгуулалтанд нэмэр болж байсан уурхай. Өнөөдөр улсад татвараа төлөөд нутаг орныхоо хөгжилд нэмэртэй л харагдахын. Банкинд, складанд байгаа барааг шөнөөр хулгай хийсэн юм шиг л хөрс хуулаад нүүрс хулгайлсан гээд ард түмнийг төөрөгдүүлж болохгүй л дээ. Төр удирдаж байгаа хүн өөрсдөө шинжлэх ухаанч биш хандаж ард түмнийхээ уур омог дээр улам турхираад байх нь маш хортой л доо.
Л.ЭНХБОЛД ГИШҮҮН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ 49%-ИЙГ ӨӨРИЙНХ НЬ ХУВЬЦАА БАЙСАН ГЭЖ МЭДЭГДСЭН. ТА ЭНЭ ТАЛААР МЭДЭХ ҮҮ?
Мэдэхгүй ээ. Ах нь үнэндээ тэр хувьцааг сонирхож байгаагүй юм. Тухайн үед хүмүүс санал болгож байхад нь сонирхож байдаг ч байж уу гээд хааяа боддог л юм. Гэхдээ харамсдаггүй ээ. Хүний гишгэсэн мөр цагаан байхад үйл нь өөдөө байдаг юм. Эргээд харахад хамт ажиллаж байсан ахмад буурлууд маань Галаа дарга тийм чин шударга хүн байсан гээд сайхнаар дурсаж урам өгч байна. Хааяа нэг загнадаг байсныг буруу гэхгүй бол надад шуналын нүгэл байгаагүй. Тийм болохоор айх айдасгүй амар жимэр сайхан л байна.
Дараа албан ёсны ярилцлага авахгүйгээр тантай уулзаж илүү сайн ойлголт авъя. Танд эрүүл энхийг хүсье. Баярлалаа.
Өмнөговийн нутаг ой модтой байсныг илтгэх ийм чулуужсан мод нь газрын хөрсөнд олон сая жилийн турш хадгалагдаж ирсэн бөгөөд уурхайн хөрс хуулах явцад олноор гардаг.