Хууль бусаар шонхор шувуу барьж явсан гадаад, дотоодыг иргэдийг саатуулжээ

Хууль бусаар шонхор шувуу барьж явсан гадаад, дотоодыг иргэдийг саатуулжээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2019 оны 01/26 тоот “Ой, ан, байгалийн ургамал түүж бэлтгэж байгаа байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын удирдлагаас өгсөн үүрэг даалгаварын дагуу авто тээвэр шалган бүртгэх товчоод, хяналтын цэгүүдэд тус газрын улсын /ахлах/ байцаагчид, эргүүл хяналтын ажилтнууд байнгын хяналт шалгалт хийж гүйцэтгэж байна.

            Хяналт шалгалтын хүрээнд 2019 оны 09 дүгээр сарын 05-ны орой Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Таван толгойн авто тээвэр шалган бүртгэх хяналтын цэгээр Уаз фургон, Ланд круйзер 100 маркийн тээврийн хэрэгслүүд нийт 16 бодгаль идлэг шонхор шувуу, 36 бодгаль ногтруу шувуу тээвэрлэж явсныг түр саатуулан шалгаж байна.

            Тухайн шувуудыг тээвэрлэж явсан гадаад, дотоодын иргэд нь БОАЖЯ-аас олгосон идлэг шонхор шувуу барих зөвшөөрөлтэй боловч зарим идлэг шонхор шувууг барьсан орон нутгийн Засаг даргатай гэрээ байгуулаагүй /гэрээ дутуу/, эрх бүхий албан тушаалтнаар идлэг шонхор шувуу барьсан тухай акт үйлдүүлээгүй /шувууны тоотой тулгахад акт дутуу/, холбогдох хууль тогтоомж, БОАЖЯ-аас олгосон гэрээ, зөвшөөрөлд заагдсан амьтны нөөц ашигласны төлбөрийг орон нутгийн төсвийн дансанд тушаасан баримт байхгүй, орон нутгаас олгосон шонхор барих өгөөшинд ашиглах ногтруу шувуу барих зөвшөөрлөөс хэтрүүлэн барьсан зэргээр холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо.  

            Иймд тухайн шувуудыг Нийслэлийн Байгаль орчны газрын “Ан амьтан асрах төв”-д түр байршуулан, эзэн холбогдогчдыг дуудан холбогдох баримт бичгийн шалгалт хийгдэж байна. Холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн зөрчил илэрсэн тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ оногдуулах болно. Тиймээс БОАЖЯ-аас идлэг шонхор шувуу барих зөвшөөрөл авсан гадаад, дотоодын иргэд, хуулийн этгээдүүд холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах, зохих гэрээ, зөвшөөрлөөр олгогдсон тоонд багтааж барих, амьтны нөөц ашигласны төлбөр, хураамжийг тухай бүрд нь холбогдох дансанд тушааж ажиллахыг анхааруулж байна.  Хяналт шалгалт үргэлжилж байна.