Ард нийтийн санал асуулгаар Ерөнхийлөгчийн засаглалын тухай бүү асуу!!!

Ард нийтийн санал асуулгаар Ерөнхийлөгчийн засаглалын тухай бүү асуу!!!

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийг Улсын Их Хурлаар хэлэлцэн, санал тус бүрээр гишүүд үг хэлж, бас санал хураачихлаа. Олон нийтийн дунд маргаан дэгдээж, бас хүлээлт үүсгэсэн хэд хэдэн зүйл заалт нь УИХ-ын гишүүний 57 кнопийн дэмжлэг авч чадалгүй бүдрэв. Харин дэвшилттэй, бас өгөөжтэй болох чамгүй санал дэмжигдсэн гэдгийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн ажлын хэсэгт багтсан хуульчдын төлөөлөл ярьж, бас бичиж байна. Энэ нь сайшаалтай хэрэг.

Ард нийтийн санал асуулга явуулах тухай Улсын Их хурлын тогтоол гаргахаар хэлэлцэж эхлэх үед Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд хачин бас чигтэй мэдэгдлийг хийчихлээ. Энэ хүн санаатай ийм мэдэгдэл хийгээгүй нь ойлгомжтой. Түүний үг бол шууд Ерөнхийлөгчийн байр суурь хэмээн уншигдана. Иймээс Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илүү эрх мэдлийг хүсч байгаа бололтой. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр өөрийнх нь эрхээс хумсалчихсан учраас тэр бууж өгөхийг хүсэхгүй гэж шийдсэн байна хэмээн улс төрчид таамаг дэвшүүлж эхлэв.

Өнөөдрийн нийгмийн нөхцөл байдал, эдийн засгийн чадамж, иргэд сонгогчдын сонгогчийн боловсрол зэрэг олон шалтгааныг харж үзэх юм бол засаглалын хэлбэрээр ямар нэгэн санал асуулга явуулах боломж байхгүй хэмээн судлаачид үздэг юм. Тийм ч учраас ард нийтийн санал асуулга явуулахдаа парламентийн эсвэл ерөнхийлөгчийн гэж асуух нь утгагүй. Харин одоо байгаа парламентийн засаглалаа сайжруулахын тулд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслөө дэмжүүлж, 57 гишүүний санал авч гарч ирсэн зүйл заалтуудаа баталгаажуулаад явах нь зөв. Унасан хэрэгтэй заалтуудаа түр хойшлуулж, 8 жилийн дараа  нэмэлт өөрчлөлт оруулах нь зөв хэмээх судлаачид байна.

Ард нийтийн санал асуулга явуулах цаг хугацааг далимдуулж, засгийн эрх мэдлийг гартаа төвлөрүүлэх гэж зүтгэж байгаа нь маш буруу. Нэг хүний гарт эрх мэдэл төвлөрүүлэх нь Монгол улсын хувьд эрсдэлтэй алхам хэмээн үзэх судлаачид олон байна. Ийм ч учраас энэ зүй бус асуудлыг дэвшүүлж байгаа Ерөнхийлөгчийн байр суурийг эрх баригч МАН хүлээн авах тухай ярих нь бүү хэл харин ч шууд эсэргүүцэл үзүүлж, таягдан хаях ёстой гэж улс төрчдийн зарим нь байр сууриа илэрхийлж эхлээд байна.

Нийгмийн сүлжээнд нь ч энэ асуудлаар хэлэлцүүлэг өрнөж, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдын хэлсэн үгийг эсэргүүцэх, парламентийн засаглалаа төлөвшүүлэх тухай ярих ёстой цагт хутган үймүүлэх гэж байна хэмээн хардах хэсэг ч бас байна.

Монгол улс нэг хүний эрх мэдэл дээр тулгууралсан засаглал байж үзсэн. Тэр бол 1990 оноос өмнөх үе. Энэ үед үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө байхгүй. Монгол улсын удирдагч нь Зөвлөлт холбоот улсаас хараат, тус улсын заавар, зөвлөмжөөр шийдвэр гаргадаг. Мөн насан эцлэхдээ хүртэл тэдний тушаалаар хэлмэгддэг байсан гэдгийг түүх гэрчилдэг билээ. Ийм нөхцөл дахин давтагдахгүй гэх баталгаа байхгүй. Орос, эсвэл БНХАУ-ын шууд удирдлагаар нэг хүнийг томилдог, тэр нь хэмжээгүй эрхтэй Ерөнхийлөгч болчих эрсдэлтэй хэмээн болгоомжлох хэсэг нь үзэж байна. Харин парламентийн ардчилал бол Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлыг хамгаалах гол суурь. Үүнийг тооцож 1992 оны үндсэн хуульд тодотгож өгсөн. Учир нь 76 толгойг хоёр хөршийн хэн ч атгаж чадахгүй. Иймд л Монгол улсын ардчиллын амин сүнс нь Парламентийн засаглалд оршиж байгаа хэмээн судлаачид нэгэн дуугаар хэлж байна.