Гаалийн байцаагч нарын авлигад авсан мөнгө ор, агааржуулагчын ард хөглөрч байжээ

Гаалийн байцаагч нарын авлигад авсан мөнгө ор, агааржуулагчын ард хөглөрч байжээ

АТГ-аас шалгагдаж байгаа болон шалгаж дууссан хэргийнхээ талаарх ээлжит мэдээллийг өгөв. Ингэхдээ тухайн газар шалгаж, шүүхэд шилжүүлэн хэрэг нь шийдэгдсэн  Гаалийн байцаагч нарын 2015-2016 онд үйлдэгдсэн гэмт хэргийн явцад хийгдсэн бичлэгийг үзүүллээ. БНХАУ-аас оруулж ирж буй импортын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулахгүйгээр хахуул авдаг, улсад орж ирэх ёстой татварын мөнгийг дундаас нь зувчуулж, халаасандаа хийдэг гаалийн байцаагч нарын хэргийг шалгах явцад хахуул, авлигын шугамаар авсан мөнгөө хэрхэн нуун далдалж байгаа тухай бичлэгийг үзүүлсэн юм.  Замын-Үүдийн гаалийн байцаагч нар нь хахуульд авсан мөнгөө ор, агааржуулагчийн ард нуух гэж оролдсон үйлдэл гаргасан байх юм.

 

Энэ бол улсад 28,2 сая төгрөгийн татвар төлөх ёстой байсан 90 тонн ачааг хяналт, шалгалтгүйгээр хилээр гаргасныхаа төлөө авсан хахуулийн бичлэг. Тэд 28,2 сая төгрөгийг улсад татвар хэлбэрээр аваагүйнхээ төлөө 4,5 сая төгрөгийн хахууль авсан байжээ. 

Энэ бол зөвхөн нэг удаагийн үйлдэл гэнэ. Хэдийгээр улсад 28,2 сая төгрөгийн хохирол учруулж, 90 тонн ачааг хяналт шалгалтгүй оруулсан гэх боловч цаана нь 90 тонн ачаанд ямар бодис, хор хөнөөлтэй бараа бүтээгдэхүүн, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх бараа бүтээгдэхүүн байсан эсэх нь бичлэгт ороогүй. Хэрэв тийм байсан бол нэг хариуцлагагүй үйлдлээс болж олон хүн хохирч мэдэх эрсдэл үүсэх юм. Үүнийг тооцохгүй одоо ч гаалийн байцаагч нар энэ мэт авлига, хахуулийн хэрэг үйлдэж байгаа. Үүнийг таслан зогсоохын төлөө Авлигатай тэмцэх газар ажиллана хэмээн тус газрын Соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Баярхүү мэдэгдлээ. 

Т.Баярхүүү "Хэдийгээр энэ үйлдэл нь мөнгөн дүнгийн хувьд бага боловч 90 тонн ачаан дунд ямар зүйл ямар хор уршиг үүсгэж болох вэ гэдэг нь тооцоологдоогүй хохирол юм. Мөн гаалийн байцаагч нарын энэ үйлдэл арилахгүй, одоо ч хэвээр байгаа шударга бус үйлдэл байгаа учраас үүнийг таслан зогсоохын тулд бид ажиллаж байна" гэлээ.