Мэргэжлийн засгийн газар мэдлэг өндөртэй, жинхэнэ мэргэшсэн бүрэлдэхүүнтэй гэж олон хүн итгэж, бас найдаж, хүлээсээр байгаа. Гэтэл тэдний хийсэн үйлдэл, хэрэгжүүлэх гэсэн бодлого, хэлсэн үг бүр нь мэргэжлийн бус гэдгийг нь баталгаажуулж өгөөд л байна.
Тухайлбал мэргэжлийн засгийн газар нэг хуульд 6 хоногийн зайтай өөрчлөлт оруулахаар тогтоолын төсөл боловсруулан УИХ-д оруулж иржээ. Засгийн газрын тусгай сангийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн өмнө нь оруулж ирсэн. Гэтэл 6 хоногийн дараа мөн л уг хуульд нэг нэр өөрчлөх саналыг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил оруулж ирж байх жишээтэй. Үүнийг нь харж суусан УИХ-ын гишүүд бухимдаж эхлээд байна. Энэ засгийн газарт танхимын зарчмаар ажиллана гэдэг ойлголт алга. Яам бүр тусдаа бодлого гаргаж, сайд бүр тусдаа төсөл боловсруулаад УИХ-руу гүйгээд байвал ажил болохгүй гэдгийг Ч.хүрэлбаатар гишүүн хатуухан анхааруулаад авлаа.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар болон ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат нар маргалдав
Тэгэхээр Ж.Эрдэнэбатаар толгойлуулсан. Ж.Мөнхбатаар гал тогоогоо хариуцуулсан Мэргэжлийн засгийн газрын хувьд 14 хоногийн дараа хийх ажлаа мэдэхгүй. Хэрэгжүүлэх бодлогоо олоогүй яваа бололтой. Дээр нь засгийн газарт орсон сайд нарын хувьд УИХ-ын гишүүдээ зандарч, өөрсдийнхөө ажлын бурууг хүлээн зөвшөөрөхгүй өрвөлзөж сууна. УИХ-ын шинэ гишүүд ч яахав ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатаас эмээж мэдэх юм. Харин хашир гишүүдийн хувьд хатуухан үгээрээ өлгийдөж аваад, хариуцлага гэгчийг үүрүүлээд давхар дээлийг нь тайлж дан дээлтэй хаваржаанд буулгачихаж мэдэх л юм. Засгийн газрын сайд нараас хамгийн эхэнд огцруулах жагсаалтанд Ж.Мөнхбат давхиж яваа. Учир нь түүнийг их оодорсон. Хэл амаа бэлдүүдэхээс өөр хийж хэрэгжүүлж байгаа ажил алга гэж олон гишүүн ундуйцаж байгаа сурагтай.