Улсын их хурал хугацаанаасаа өмнө тарна. Ээлжит бус сонгуулийг явуулна гэх яриа зориуд гарах болов. Ийм яриаг гаргах үндэслэл, шалтгаан нь ердөө л хэдхэн улс төрчийн хувийн ашиг сонирхол, дахин зөөлөн суудалд тухлах гэсэн өчүүхэн бодлоос үүдэлтэй.
Нэгдүгээр шалтгаан: МАН-ын дарга У.Хүрэлсүхийн рейтинг маш өндөр байна. Ийм нөхцөлд л ээлжит бус сонгуулийг зарлан явуулах нь МАН-д л ашигтай. Нөгөө талдаа У.Хүрэлсүхийн засгийн газар огцорчихоогүй. Харин ээлжит бус сонгууль болоод л хугацаанаасаа өмнө бүрэн эрх нь дууссан гэх сайхан шалтгаан болно. Өнгөрсөн 3 жил юу ч хийгээгүй МАН-ын засгийн газар яг ажил хийх гэж байсан чинь ээлжит бус сонгууль болоод л бид ажлаа өгчихлөө. Одоо та дэмжих бол яг ажлыг хийх гээд байна гэж худал яриагаар уяруулах гэж сонгогч дээрээ очихын тулд энэ аргыг бодож байж болох юм.
Хоёрдугаар шалтгаан: Эрх баригч МАН-ынхан өрсөлдөөнд өөрсдөө л орохыг илүүд үзэж байгаа. Тэд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлгээс л эхэлж дахиад би яаж сонгогдох вэ? Хуулийн өөрчлөлтийн аль заалтыг би дэмжсэн нөхцөлд дахин сонгогдох бол хэмээн бодож, бас тооцож санал өгч байсан. Энэ л зарчмаасаа тэд ухрахгүй. Харин ч лавшруулж байгаа нэг хэлбэр нь ээлжит бус сонгууль явуулах дээр гараа өргөх шалтгаан юм. Учир нь ээлжит бус сонгуулийг 45 хоногийн өмнө зарлаж шийдвэрлэх ёстой. Ингэхээр 45 хоногт бусад өрсөлдөгчид нь өөрсдийгөө бэлдэж амжихгүй. Жижиг 76 тойрог дээр өнгөрсөн 3 жил улсын мөнгө зарцуулж жаахан юм хийсэн, бас болоогүй хэдэн бэлэг тараасан УИХ-ын гишүүд л өөрсдийгөө ялна хэмээн сэрүүн зүүдэлж яваа байх.
Гуравдугаар шалтгаан: Нэг л их улс орны эдийн засаг, мөнгө санхүүг бодсон дүр эсгэгч нар. 29 тэрбум төгрөгөөр бүх ард түмний санал асуулга явуулах гэж байгаа юм чинь нэмээд сонгуулиа явуулчихъя. Улс оронд л хэрэгтэй хэмээн хэнхэглэж байгаа мэт боловч цаанаа өнөөх л дахиад би сонгогдох байх гэх өчүүхэн бодолдоо хөтлөгдөх болно.
Дөрөвдүгээрт: Ерөнхийлөгч, олон нийт шахаж байгаа гэх шалтгаан биш шалтаг л тэднийг энэ замруу хөтлөх болов уу?
УИХ-ын дарга өчигдөр сэтгүүлчтэй ярилцлага хийхдээ энэ тухай цухас дурдаад өнгөрөв. Түүний хувьд энэ удаагийн УИХ өөрөө тарах шийдвэр гаргаж болзошгүй гэдгийг хэлчихлээ.
Сэтгүүлчийн асуулт болон УИХ-ын дарга Г.Занданшатарын хариулалтыг хүргэе.
Одоо ард нийтийн санал асуулга явуулна. Удалгүй ард нийтийн санал асуулгад зарцуулах зардалтайгаа адилхан хэмжээний санхүүжилт гаргаж сонгуулиа зохион байгуулна. Ингэж ойр ойрхон зардал гаргаж байхаар УИХ тараад дараагийн сонгуулиа ард нийтийн санал асуулгатайгаа хамтад нь хийвэл зардал хэмнэх юм биш үү?
-УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл болон гишүүдийн төвшинд энэ асуудал яригдаж байгаа. Энэ бол боломжит хувилбар. Ард нийтийн санал асуулгынхаа ирцийг хүргэх, ардчиллаа аврах, парламентын засаглалаа хамгаалж үлдэх үүднээс ийм санаачилга гаргая гэж ярьж байна. Гэхдээ улс төрийн үр дагаврын хувьд улс орныхоо тогтвортой байдлыг хангах, цаашдаа ийм асуудал байнга хөндөгддөг болох вий гэх мэт эрсдэлүүдийг тооцож байж шийдэх асуудал.
УИХ өөрөө тарах шийдвэр гаргана ч гэж шууд хэлчихсэнгүй. Бас гаргахгүй гээд хариулчхаагүй. Улс төрчийн үнэн төрхөөр бөөрөнхий хариулалт өгчихлөө. Гэхдээ тарах магадлал 0 биш түүнээс дээш хувьтай байгаа.
Төрийн ордонд хана дамжин цуурч байгаа явган яриагаар бол 40 орчим гишүүн УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах шийдвэрт нэгдэх тухай ам алдсан сурагтай. Гагцхүү өөрийнх нь нэр дэвших тойрог нь баталгаатай эсэх, тойрогт нь хүчтэй өрсөлдөгч гарч ирэхгүй зэрэг амлалтыг өгч чадах юм бол УИХ-ыг хугацаанаас нь өмнө өөрөө тарах гэдэг дээр гараа өргөн санал өгөхөд бэлэн байгаа гэнэ.
Дашрамд сонирхуулахад өмнө нь энэ УИХ-ыг өөрөө тарах шийдвэр гаргах тал дээр УИХ-ын гишүүд гарын үсэг цуглуулж байсан билээ. Тухайлбал УИХ дахь тухайн үеийн АН-ын бүлгийн 11 гишүүн дээр нэмж эрх баригч МАН-ын гишүүн Г.Тэмүүлэн, Н.Номтойбаяр нарын гишүүд гарын үсэг зурж байсан. Гэвч УИХ тухайн үед өөрөө тарах ёсгүй хэмээн гишүүдийн олонх үзэж байлаа.
Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга улсын их хурлыг өөрөө тарах шийдвэр гаргах ёстой хэмээн 2 ч удаа мэдэгдээд байгаа билээ.
6 сарын өмнө энэ УИХ тарлаа гээд түмэн олонд ашигтай тусахгүй. Харин ч өнөөх л хэдэн ялзарсан, улиг болсон улс төрчид дахиад гараад ирэх магадлал маш өндөр. Иймд энэ УИХ-ыг өөрөө тар гэж шахахын оронд ҮХНӨ-ийг ард түмэн дэмжиж санал өгчихөөд, 2020 оны 06 сард болох ээлжит сонгуульд ухаантайхан оролцож, зөв сонголтыг хийх нь иргэн таны үүрэг юмаа.