Жолоочид бэлэн мөнгө өгөх нь нийтийн тээвэр “СУЛ ЗОГСОЛТ“ хийхэд хүргэлээ

Жолоочид бэлэн мөнгө өгөх нь нийтийн тээвэр “СУЛ ЗОГСОЛТ“ хийхэд хүргэлээ

НИТХ-ын шийдвэрээр 2015 онд нийтийн тээврийн үйлчилгээнд зардлын санхүүжилт буюу төсвөөс татвар төлөгчдийн төлсөн төлбөрөөс тодорхой хэмжээний мөнгийг автобус компаниудад олгодог болсон. 
Тэр цагаас хойш үйлчилгээнд ажиллаж байгаа автобус компаниудад өдөрт тутмын шугамын орлого хэд байх нь хамаагүй болж орлого төвлөрүүлэх ажил зөвхөн нийслэлийн захиргааны байгууллагын асуудал мэт болсоноор шугамын орлого өдрөөс өдөрт унаж төсвөөс гарах зардал өдрөөс өдөрт нэмэгдэж өнөөдрийг хүрсэнээр нийслэлээс төсөвлөсөн 2019 оны "Санхүүжилт муу, хүрэхгүй” гэсэн нөхцөл байдалтай тулгарч 200 гаруй автобус шугаманд гарахгүй сул зогсч байгаа гэсэн байна.

Иргэдийн картын орлогоос болж төсөвлөсөн зардал дууссан асуудал үүсээд байна. Өөрөөр хэлбэл иргэд, зорчигчид картаа уншуулалгүй, жолоочид бэлэн мөнгө өгч явсаар байгаа нь картнаас автобус компанид орох ёстой орлогыг бууруулж, тэр нь даамжирсаар 200 автобусанд өгөх зардалгүй болж шугаманд гаргалгүй зогсооход хүргэсэн байна. 

Тухайлбал: Автобус баазын орлого /автобус ажиллах зардал/=Картын орлого+Нөхөн олговор (Ахмад, ХБИ, Оюутан...)+ Дутсан орлого (Нислэлээс гарах зардал).
Иргэд олон нийтийн зүгээс 500 төгрөг өгөөд явж байгаа нь бага шдээ юун сүр болгоод байгаа юм гэсэн хандлага нийгмийн сүлжээгээр байгаад байх шиг байна.

Харамсалтай нь жолооч руу шидээд байгаа тэр бага гээд байгаа 500 төгрөг нь жилээр тооцож үзвэл зөвхөн 2019 онд 10 гаруй тэрбум төгрөгийг давахаар үнийн дүнтэй гарчээ.

Одоо тэгээд иргэд жолоочид нь 500 төгрөгөө өгөөд, цөөхөн хэдэн автобусаар нь шпрот шиг чихэлдээд л яваад байх уу? Эсвэл алгын чинээ картыг аятайхан маллаад, хугацаанд нь цэнэглээд хэрэглээд явах уу? Нэг кармаанаасаа жолоочид өгөөд нөгөө кармаанаасаа татварт өгсөн мөнгөө автобус баазуудад өгөөд давхар зардал /1000₮/ гаргасаар байх уу?

Ганц гарц харагдаж байгаа нь цаашид нийтийн тээврээр зорчихдоо зөвхөн цахим төлбөрийн хэрэгсэл (U-Money карт, Хаан болон Голомт банкны хамтарсан карт, Мобиком, Скайтел, Юнител-ийн NFC сим)-ийг ашиглаж үйлчлүүлэх л сонголт харагдаж байх шиг.

Иргэд, зорчигчид Та бүхнийгээ “ЦАХИМ КАРТАА УРЬДЧИЛАН ЦЭНЭГЛҮҮЛЭН НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ЗОРЧИЖ ХЭВШИЦГЭЭЕ” гэж уриалмаар байна.