Хууль бол гууль ш дээ. Хэзээ байтал бид хуулийг ягштал мөрдөж байсан билээ дээ. Ийм хандлага ноёрхож, энэ л хандлагад нийцүүлж улс төрчид дураараа дургиж ирлээ. Үүний тод жишээ бол төрийн ордонд амнаас ам дамжин хөвөрч байгаа 11 сард Улсын Их Хурлын ээлжит бус сонгууль явуулж болзошгүй гэх яриа.
Орондоо хууль засдаг байсан бол одоо шөнө нь зүүдэлснээ өглөө нь хэрэгжүүлэх гэж авирладаг болчхож. БИ гэдэг өвчинд идэгдэж, бид гэдгээс татгалзсан улс төрчид дахиад л 4 жил гишүүн гэдэг сэтэр зүүхийн тулд гэрээ шатаахад бэлэн болжээ.
МАндуулна хэмээн манийгаа гошгоруулж төрийн эрх атгасан намынхан ард түмний хүслээр Бэрдийн дүрд тоглож, айхтар том шийдвэр гаргаж байгаа мэт боловч үнэн хэрэгтээ өчүүхэн хувийн эрх ашгаа өмнөө тавьж, өнөөдрийн ээлжит бус сонгуулийн яриаг гаргаж байна. Гэтэл сөрөг хүчин гэж бүхнийг сөрж зогсоод муулах ёстой биш. Алдаатай шийдвэрийг эрх баригч нам гаргах гэж байгаа бол асуудлыг засах тухай зөвлөх ёстой. Гэтэл ардчилал гэж намынхаа нэрэнд тунхаглан нөхөд төрийн тогтвортой байдлыг үл тоож, ээлжит бус сонгуулийг дэмжиж суугаа нь үнэндээ улс төрийн бодлого алга.
Ардчилсан нэртэй л болохоос бас л нэг попчид. Тэдэнд түмний гэх нэрээр төрийг самарч л байвал ашигтай гэх аминчхан үзэлтэй бололтой. ээлжит бус сонгууль нь өөрсөд нь ашигтай гэж өөрсдөө итгэчихсэн яваа бол эндүүрэл. эрх баригч намын амалсан амлалт энэ өвлийн салхинд нурах эсэхийг харж суугаад ээлжит сонгуулийг товыг хүлээх нь бусад улс төрийн хүчний хувьд байх хувилбар юм.
Уул шугамандаа та л мэддэг шүү хэмээн тавлаж хэлэх мөртлөө ард түмэн бол зүгээр л цагаан цаас. Тэднээс асуусан нэр зүүлгээд шийдвэрээ хэдүүлээ гаргачихна хэмээн ман-ынхан төрийн ордонд түмэн олноо тохуурхан суугаа гэх явган яриа чих дэлсэж. Үнэн байх магадлалтай гэдгийг үнэндээ тэдний авирлаж байгаа зангаас харж болно. Энэ бол ээлжит бус сонгуулийг 11 сард хийчихье гэж хэлэх гишүүдийн хэгжүүн яриа. Уг нь тэдэнд ингэж авирла гэж сонгоогүй л юмсан. Өөрөө л дахиад гишүүн болж байвал өрөөл хамаагүй гэдэг хандлагаа хэзээ ч болихгүй нь л дээ энэ улс төрчид.
Улс төрийн намаас залхаж, улсын их хурлын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаа иргэдийн бухимдлыг өөртөө ашигтай хувилбар гэж харах нь утгагүй юм. Дээр гарч суучхаад дэргэд байгаа асуудлаа харахгүй дэндүү дээгүүр нисч олон түмний бухимдлыг тардагт нь хүртэл тулгачхаад одоо болохоор түмний хүслээр гэж уйлан дуугарах нь заль мэхэндээ гаршсан улс төрчдийн үйлдэл мөнөөсөө мөн.
76 гишүүн л байгаа учраас монгол хөгжихгүй байна. 76 хүн л идээд байгаа учраас улс орон ядуурч дууслаа гэдэг бухимдал танд бас надад бий. улс орны минь самарч, тогтворгүй төрийн байдлыг үүсгэ гэж энэ 75 гишүүнийг 2016 онд төрийн жолоо атгах эрхийг өгөөгүй шүү. Харин ч асуудлыг шийд. Амьдралыг өөд нь тат гэсэн болохоос цаг хугацааны хайчин хавчлагт авчирчхаад нэр хүндээ бодож, маргаашийн уушги бус өнөөдрийг өөх гэсэн өөдгүй занг гаргаж үл болно.
Хэдхэн хүн дэмийрээд өнгөрч байгаа бол сайн хэрэг. гэтэл хэрэгт дурлаад үзэхээр 40 гаруй гишүүн улсын их хурал өөрөө тарах шийдвэр гаргая хэмээн өмөлзөж яваа сурагтай. Үүний цаана өнөөх л улс төрийн өгөө авааны тоглоом түмэн олныг тохуурхаж суугаа. Ардын намын хурандаа даргын амласан амлалт бүхний биелэх эсэхийг уг нь харчихсаар байдаг. Гэтэл аймхай улсын их хурлын гишүүд маань дарга далайх юм бол кнопоо дарчих гээд байдаг гэмтэй. Улсын их хурал өөрөө тарах шийдвэрийг нийт гишүүний гуравны хоёр нь дэмжсэн нөхцөлд хэрэгжих хуультай. 57 гишүүний босго давж чадахгүй унасан үндсэн хуулийн шинэчлэлийн дэвшилттэй заалт шиг хөөсөрсөн яриа болоод өнгөрөөсөй билээ. Жинхэнэ жижиг дунд бизнес эрхлэгчдээ умартаж ждүчин болсон гишүүдээр дүүрсэн улс төрчдөд ахиад нэг боломж олгох ээлжит бус сонгуулийн тухай яриаг энд хүрээд цэглэмээр байна. Жилийн өмнө энэ яриа эрчимжсэн бол дэмжих байлаа. Харин 29 тэрбум төгрөг хэмнэх нэрээр худлаа хуурах гэж байгаа увиагүй занг чинь үнэндээ тэвчих арга алга даа гишүүдээ.