Өнөөдөр Нийслэлийн онцгой комисс хуралдаж 5 иргэний амь нас хохирсон хэргийн шинжилгээний эцсийн дүн гарах хүртэл Нийслэл хотод Архи, согтууруулах ундаа худалдахыг хориглох шийдвэрийг гаргалаа. Нийслэлийн хэмжээнд архи согтууруулах ундаагаар үйлчилдэг 800 гаруй аж ахуйн нэгж байдаг. Энэ нь баар, цэнгээний газар гэсэн үг. Мөн уг тогтоолд архи согтууруулах ундааг худалдаалдаг 2 мянган орчим дэлгүүр хамаарч байна. Ингэж хавгайруулан шийдвэр гаргаж байгааг шүүмжлэх хэсэг бий. Үнэхээр ч нэг асуудлыг хэт дэвэргэж, хавгайруулан бизнес эрхлэгчдийг боомилж болохгүй юм.
Тухайлбал олон улсын стандарт шаардлагад нийцсэн тоног төхөөрөмжтэй. Дэлхийд бүтээгдэхүүнээ өрсөлдүүлж байгаа манай үйлдвэрлэгч нар шингэн хүнсний үйлдвэрлэлд бий. Эдгээр аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүнийг худалдаалж байхад асуудал байхгүй нь ойлгомжтой. Эрсдэл гарвал буух эзэн, буцах хаяг нь тодорхой учир асуудлыг бодолцох нь зөв юм.
Хэдэн жилийн өмнө яасан билээ. Азийн чоно гэж архинаас болж Багануур дүүрэгт иргэд хордож нас барахад бас л улс даяар 14 хоног архи, согтууруулах ундаа зарахгүй гээд л шийдсэн. Үүнээс болж хэчнээн аж ахуйн нэгж, хэдэн төгрөгөөрөө хохирч үлдсэн билээ. Хэн хариуцлага хүлээсэн билээ. Өнөөх хэрэг нь ганц л чанаргүй архи үйлдвэрлэгч ганц компаний буруу болоод л дууссан. Энэ удаа ч мөн ялгаагүй тэгэх л байх. Тийм дүрслэл харагдаад эхэллээ. Харин олон аж ахуйн нэгж орлого, боломжоороо хохирч сууна. Улс нь өөртөө орох татвараа хаачихлаа.
За нөгөө талаас нь авч үзвэл томоохон хувийн хэвшлийнхэн гаднаас зочид төлөөлөгчид авчирсан. Мөн монголд ирсэн гадныхан Монгол сархад хүртэхийг хүсч суугааг бид мэдэхгүй. тэд чанаргүй хүнсийг сонгохгүй нь ойлгомжтой. Ийм байтал өнөөх хүмүүсийг эвгүй байдалд оруулж, хэдэн төгрөг олчих боломжтой байсан өнөөх зэрэглэл өндөртэй ресторан, баарныхаа орлогыг хаачихлаа ш дээ.
Томоохон архины үйлдвэр 3 хоног ажлаа зогсооход улсад орох татвар буурна. 1000 орчим иргэний өрхийн орлого шууд багасч байгаа. Цаашлаад архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг 800 аж ахуйн нэгж. Мөн худалдаалдаг 2 мянган дэлгүүрийн орлого буурах нь гарцаагүй. За бас болоогүй хориглож цагдаад байхад хулгайгаар архи согтууруулах ундаа уух гэж шүлэнгэтэж яваад том эрсдэлд унаж мэдэх иргэд ч бий. Энэ бүхнийг тооцон үзэж асуудалд илүү алсын хараатай хандах ёстой байлаа.
Хэргийн талаар танд мэдээлэхэд: Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт архи ууж байсан 5 иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг 2017 оны 01 сарын 16 өдөр гарсан билээ. Уг иргэдийг эхний ээлжинд уусан “Найрсаг” хэмээх архинаас хордсон байж болзошгүй гэж таамаглаж байна. Гэхдээ хэргийн газраас өөр 3 төрлийн архины шил. Мөн гайхамаараа шил арчигч шингэний сав зэрэг олджээ. Эдгээрийн алинаас ч хордсон байж болзошгүй гэж албаныхан үзэж байгаа юм.
Хэрэг болсон байрны хонгил. Энд 5 иргэн амь насаа алджээ.
Гэрэл зургийн эх сурвалж: news.mn
Хэргийн талаарх мэдээлэл цагдаагийн байгууллагад өчигдөр 12 цагт иржээ. Анх 3 хүн нас барсан гэж байсан ч 20 цагийн орчим 5 хүн нас барсан гэдгийг тогтоосон байна. 23 цагт албаныхан мэдээлэл өгч 3363 шил архийг хураан авч битүүмжилсэн байна. Харин өнөөдөр 17 цагийн байдлаар 7000 гаруй архи согтууруулах ундааг битүүмжлэн худалдахыг хориглоод байна.