Хүнс хөдөө аж ахуйн сайд Ч.Улаан өөрийнхөө толгойг хамгаалахын тулд өрөөлийн бизнесийг хааж эхэллээ. Монгол улс 66 сая малтай. Түүнээсээ мах гадагшаа зарж баяжих тухай өмнөх хэдэн засгийн газрын сайд нар ам мэдэн ярьж ирсэн. Энэ ч үүднээсээ ОХУ болон БНХАУ-аас манай махыг аваад өгөөч гэж гуйж байв.
Хоёр хөршийн зүгээс Монгол улсаас мах авч болно. Гол нь чанар, эрүүл ахуйн шаардлага хангасан байх ёстой гэх шаардлага тавьж ирсэн байдаг. Энэ хүрээнд хоёр улсын зээл тусламжаар бас чамгүй мөнгийг малыг эрүүл болгох ажилд зарцуулсан. Удаан яриа өрнөж, удтал хүлээсний эцэст мах экспортлох үүд хаалга нээгдэж, аж ахуйн нэгжүүд ч засгийн газартаа талархаж, хөрөнгө оруулалтаа хийж эхэлсэн билээ. Гэвч мах экспортлох яриа хэлэлцээр арав, хорин жил үргэлжилсэн ч ажил хэрэг болсны дараа “хар толгой”-оо хамгаалах гэсэн сайдын ганцхан тушаалаар бизнесийг хорьж цагдаж боломгүй юм.
БНХАУ-д мах экспортлох эрхтэй 30 гаруй аж ахуйн нэгж байдаг гэнэ. Харин ОХУ-д мах экспортлох эрхтэй мөн л 30 орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Үүний зэрэгцээ Азийн зарим оронд мах махан бүтээгдэхүүнийг хагас боловсруулсан хэлбэрээр экспортлох эрхтэй аж ахуйн нэгжүүд байна.
Сүүлийн хоёр жилд хятадын хөрөнгө оруулалттай Монгол улсаас хятадруу мах экспортлох чиглэлийн үйл ажиллагаа явуулах эрх авсан цөөнгүй аж ахуйн нэгжүүд бий болжээ. Тэдгээр аж ахуйн нэгжүүд махыг их хэмжээгээр гаргах гэж зүтгэж эхэлсэн байна. Нэг талаас нь мах гадагшаа зарагдаж, Монголд ашигтай мэт боловч нөгөө талд нь хэмжээ, хяналтын зохицуулалт зайлшгүй хэрэгтэй.
Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны 08 дугаар сарын дундуур ирэх жил махны үнэ нэмэгдсэн нөхцөлд Ч.Улаан сайд хар толгойгоороо хариуц. Дотоодын иргэд нь мах өндөр үнээр авч байвал гадагшаа мах зарах хэрэг алга хэмээн өгүүлсэн. Үүнд нь тааруулсан шийдвэрийг салбарын сайд нь гаргаад эхэлжээ. Ч.Улаан сайд мах экспортлогч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоож эхэлсэн тухай аж ахуйн нэгжүүд гомдлож эхлэв.
Үүний цаана Ч.Улаан хохирч үлдэхгүй. Харин тав арван төгрөгөө бизнестээ хөрөнгө оруулалт болгоод хийчихсэн. Мөн хэдэн хүнд ажлын байр гаргаж, төрийн ачаанаас үүрэлцэж яваа бизнес эрхлэгч л хохирч байна. Нөгөө талдаа гадаад зах зээлд буюу хоёр хөршдөө Монгол улс дахиад л нэр хүндээ алдах эрсдэлтэй нүүр тулав. Учир нь Монгол улс өөрсдөө махаа танайд зармаар байна гэж сүүлийн 10 гаруй жил гуйсан. Тэгсэн атлаа нөгөө тал нь зөвшөөрөөд хэдхэн сар болохоор хаахаар болчихлоо гэдэг нь ямар харилцаа вэ?
Монгол улс жилдээ 10-12 сая толгой мал гаргаж, хүнсэндээ хэрэглэдэг гэх тойм судалгаа бий. Гадагшаа махаа гаргаж эхэлсэн цагаас эхлээд энэ тоо хэд болж өссөн тухай статистик алга. Махны үнэ өндөр байгаа шалтгааныг их хэмжээгээр Хятадууд мах худалдан авч байгаа гэх явган ярианаас өөр баримт байхгүй. Үүний цаана өнөөх л гадагшаа зарж байгаатай холбох улс төрчдийн байр суурь нөлөөлөв. Үүнд нь ницүүлсэн ганц шийдвэр нь хаах гэж ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан бодсон нь тун харамсалтай.
Зах зээл бол эрэл нийлүүлэлтийн хууль. Үүнд нийцүүлсэн төрийн зохицуулалт чухал. Гэхдээ хааж эрэлтийг бууруулна гэдэг мухайр арга. Үнэхээр л их хэмжээний мах гадагшаа гарч байна уу? Хэрэв гарч байгаа бол үүнд ямар хүчин зүйл нөлөөлж байна. Дотоодын хэрэгцээний мах бий эсэх, байгаа ч гэсэн үнэ өндөр байгаа бол хаана нугалаа орчхов гэдгийг олчих шиг амархан зүйл алга.
Хүчит шонхор зах дээр өглөөний 04 цагаас амьдрал буцалж, махны худалдаа өрнөж эхэлдэг. Энэ цаг үед өдөр нь зах дээр 14,000 төгрөгөөр зарагдаж байгаа үхэрийн цул мах долоо, найман мянгаар л борлогддог юм. Тэгэхээр сайдын гаргаж байгаа шууд хааж боох шийдвэр нь хэр зохистой вэ?
Махны экспортыг хаахгүйгээр зохицуулж, махны үнийг 10,000 төгрөгөөс доош нь дотооддоо барих боломж бий. Гагцхүү зөв шийдэл, зөв алхам л чухал болохоос насаараа сайд хийсэн Ч.Улааны гаргаж байгаа шууд бизнесийн үйл ажиллагааг хориглох нь буруу юм.
Ч.Улаан сайд хаах тухай шийдвэр гаргахаасаа өмнө тоо нь өссөн болохоос нь чанар нь хоцорчихсон бэлчээрийн мал сүргээ хэрхэн махны чиглэлийн болгож, гадаад зах зээлд нийлүүлэх тухай ганц шийдвэр гаргачхаасай билээ. Хуучин цагт илүү нугаламтай, илүү жинтэй мал үржүүлдэг байсан бол өнөө цагт тоо л ярихаас махны гарц, үүлдвэрлэг байдлыг үнэндээ тоож байгаа хүн, малчин, төр алга. Ийм байж юун мах экспортлох вэ?