О.Эрдэнэбулган 1,2 сая еврогийн авилгаараа 26 орон сууц худалдаж авсан байжээ

О.Эрдэнэбулган 1,2 сая еврогийн авилгаараа 26 орон сууц худалдаж авсан байжээ

Н.Алтанхуягийн Шинэчлэлийн газарт ажиллаж байсан хэд хэдэн томоохон албан тушаалтнууд өнгөрсөн хугацаанд авилга хээл хахуулийн хэргээр шалгагдаж, зарим нь шүүхээр орсон.

Тухайлбал, Барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Р.Эрдэнэбүрэн өөрийн хууль ёсны хөрөнгө орлогоос хэт давсан эх үүсвэрээр буюу 1 тэрбум төгрөгөөр Ривер гарден хотхонд тансаг орон сууц худалдаж авсан гэх хэрэгт холбогдож шүүхээр орсон ч тус хэрэг цагаатсан байдаг.

Түүнчлэн Р.Эрдэнэбүрэнгийн араас Н.Алтанхуягийн Засгийн газарт Уул уурхайн дэд сайдаар ажиллаж байсан О.Эрдэнэбулган авилга хээл хахуулийн томоохон хэрэгт холбогдсон гэх мэдээлэл цацагдаж байв.

Энэ талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, "Авилга авсан сайд нь өмнөх Засгийн газрын Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулган" гэх мэдээллийг хэвлэлд өгч байв.

Тэгвэл О.Эрдэнэбулган чухам ямар хэрэгт холбогдсон тухай мэдээлэл ил боллоо.

Тэрээр дэд сайдаар ажиллаж байх хугацаандаа Францын Арева компанид хайгуулын зөвшөөрөл олгосныхоо төлөө 1,2 сая евро буюу 10 сая долларын хахууль авсан талаар АТГ-ын эх сурвалж мэдээлж байна.

О.Эрдэнэбулган нь Францын Засгийн газраас хахуульд авсан мөнгөөрөө 26 орон сууц худалдаж авсан байсан бөгөөд АТГ-аас явуулсан санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны дүнд бүгдийг битүүмжилсэн байна.

Тэрээр өмнө нь, "Намайг шалгаад юу ч олж долоохгүй, би ямар ч асуудалгүй" хэмээн цахим хуудастаа нийтэлж байжээ.

Х.Онон

эх сурвалж: zuv.mn