Төр шашинг хослон баригч

Төр шашинг хослон баригч

Шашин төрийг хослон барихаа байгаад бараг нэгэн зууныг үдэх гэж байна. Гэтэл одоог хүртэл шашин төрийг хослон барьж сайн цагийг дэлгэрүүлэхийг хүсэгчид байсаар л байна.

ТӨР ШАШИНГ ХОСЛОН БАРИГЧ

Хотын дарга Ц. Мөнхбаяр байсан цаг. Хотын фракц намдаа хүчтэй байсан мөч.  60 байтугай зургаан тэрбумын ч гуншингүй М. Энхболд зантгар явсан үед нь энэ хэрэг явдал гарсым гэдэг.

Ард түмнээс айхгүй юмаа гэхэд аягүй гэдэг шиг тэр л үед төрийн албыг төрлийн болгоогүй байсан ч хуулийг гууль болгож эхэлсэн үнэнтэй. Төөрөгдүүлсэн дипломтой нөхдүүд оодорч төрийн албанд тодорч эхэлсэн цөвүүн цаг гэвэл зохилтой. Төрсөн биеээ хүртэл төөрөгдүүлж байгаад төрийн албанд орсон нэгэн түүхийг сануулсуу. Увс аймгийн малчин Дамжин тэртээ 1964 онд мэндэлсэн үрдээ  Батмөнх гэж алдар хайрлажээ Тусгай хэрэгцээ энэ тэрээсээ болж нам төрийн их удирдагч Батмөнхийн суудал нь ганхаж унана. Тэгэхээр Батмөнх гэдэг нэртэй хол явахгүй. Харин улсынхаа баяр наадамд 12 түрүүлсэн Бат-Эрдэнэ нэртэй аврага тодорно. Тэгэхээр 12 түрүүлсэн аврага олонд хүндлэгдэх үү ард түмнийг 70-н жил дарлуулсан намын суудал нь ганхсан Батмөнх даргын нэр алсдаа хэрэгтэй юу гэдгийг 17-н настай нөхөр эргэцүүлсэн гэж бодохгүй байгаа ч ирээдүйд нэрний учир тайлагдана. Б. Бат-Эрдэнэ 12 түрүүлж байхад 1981 онд хотод шилжсэн Д. Бат-Эрдэнэ бас л аз шовойж байсан гэдэг. “Эрдэнэ Суврага” гээд компанитай ч болов бас хөлжив. Нэрний учиг тайлагдалгүй явсаар нэг л мэдэхэд  дарга болов. Төрийн албаны шалгалтгүй ногоон гэрлээр шуудрав. Төрсөн биенийхээ нэрийг будлиулсан аргаа төөрөгдүүлсэн диплом олоход ашиглав.  Хөдөө аж ахуйн дээд сургуулийг дүүргэсэн байдгийм. Санхүү эдийн засгийн дээд сургуулийн дипломыг гартаа оруулсан байдгиймаа. Найман жил сураад төгсөөгүй зүгээр л авчихсан гэдгийг нь нотолгоо баримттайгаар нь гаргаад тавьсан түүхийг мөд үргэлжлүүлнэ. “Улаанбаатар зам засвар арчлалт” НӨҮГ –ын газрын даргаар томилогдов. Хоёр жил хийсэн ажлаасаа дэвшин дээшилж Нийслэлийн авто замын газрын даргаар тодров. М. Энхболдыг хотын дарга байхад ерөнхий менежер байсан Ц. Мөнхбаяр хуурамч нэртэй нөхөр Дамжингийн Бат-Эрдэнийг нийслэлийн авто замын газрын даргаар томилсон нь хотын фракцад түүнийг эргэлт буцалтгүй орсныг илэрхийлнэ.  

Гай газар дороос гахай модон дотроос гэж Элбэг нигүүлсэгч хаан лугаа нэртэй эрхэм эрх ямбаны суудалд залрав. Авлигатай тэмцэх газрыг атгандаа тэр авах нь тэр ээ. Сөөм сөөмөөр хүчирхэгжиж байсан хотын фракцыг сөхрүүлэх үүрэг албатууддаа өгөв. За тэгээд тул загас барилгүй жараахайнуудаас нь эхлээд агнаж эхлэв.

https://www.iaac.mn/news/944?menu=216

Хуурамч нэртэй хулхи дипломтай даргыг маань бариад авах нь тэр байцааж шалгаад илчлэх нь тэр ээ. Хургүй тэнгэрт аянга цахилах мэт үйл явдал хөврөх нь тэр. Ацан шалаанд орсон хотын дарга Ц. Мөнхбаяр нь  өөрийг нь өшиглөхөөс нь өмнө, өө но ихтэй өнөөх Бат-Эрдэнэ бил үү Батмөнх бил үү нөхрийг хуучин албанд нь томилов хулхи дипломтай юм уу гэж зандрав. Хотын агентлагийн даргаас буусан ч арчлалтыг нь хариуцдаг газарт нь дарга хэвээрээ л байх нь тэр ээ. 2012 оны сонгуульд ялах нь тодорхой гэж судалгааны эерэг дүнгээр бялуурсан нам нэгтнүүд нь  нэрээрээ оролдож гэрээ бусниулах шахав. Дээдсүүд нь хагаралдаж эхэлсэн  болохоор доодсын хэрэг тэгэс гээд замхрав. “Х” үсгийн тэмцэлтэй хамт хуучин нэрнээсээ салсан шинэ нэртэй хуучин нам  ялагдав. Төрсөн биендээ өгсөн нэрийг будлиулсан төрийн албанд хулхи дипломтай шургалсан нөхөрт маань аз од нь шовойж дүүргийн сонгуульд нам нь ялав. Иргэдийн хурлын даргаар ажиллаж долоон намартайгаа золгож байна. Хуучин намтраасаа салав хулхи нэртэйгээ зүтгэв.  

Хоёр сургууль дүүргэсэн гээд байгаа намтраа өөрчилж 2007 оноос 2011 он хүртэл Батлан хамгаалахын их сургуулийг дүүргэсэн гэж нэг сургууль дүүргэснээ нийтэд бичих болжээ. Нам жим байсан намтар нь будлиантай дарга маань сүүлийн үед хэвлэлээр сүрхий  томоожсоноо дэлгэх болов. Дүүргийнхээ иргэдийн төлөө долоон бурхан одыг сар болгон тахиж байхаа амлаад сайн гэх сэтгүүлчдээр бичүүлээд эхэллээ.

Долоон жил дүүргийн хурлын дарга хийхдээ санаагүй зүйлээ гэнэт санаж сонгууль ойртсоныг түмэнд сануулав. Мөр цохин мэндэлдэг байсан засаг дарга нөхөр нь нохойны хөшөө бариулаад эхийн эндэгдэл бууруулснаа хэвлэлээр зарлаад дүүргийн даргаас их хурлын гишүүн сайд болж чадаад байхад долоон бурхан одонд хүслээ шивнээд түмэн олноо даатгаад дүүргийнхээ нутаг дэвсгэрт амьдарч байгаа иргэдийнхээ заяа буянг даатгаад гэмт хэргийн гаралтыг бууруулж дэвшин дээшлэхийг хэн байг гэхэв тэнгэр минь.

Тэнгэр минь гэснээс Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д. Бат-Эрдэнийн хийсэн үйлдэл болоод үйлийн үрийг  дэргэд нь зогсоо засаг дарга  мэдэхгүй, дээд тэнгэр бурхад л мэдэх биз ээ. Төр шашинг хослон баригчид төрөөд эхэлсэн шинэ цаг айсуй. Түмэн олноо төрсөн биетэйгээ цуг даатгаж байгаа даргын санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтэх болтугай гэдэг ерөөлийг тавихаас өөр замгүй буй за.  Уг нь бол энэ мэт дарга нарыгаа л сэлэмдэж сүхдэж доороосоо дээшээ төрийн албаа цэгцэлж цэвэрлэмээр байгаамалдаа.

эх сурвалж: public.mn