Завхан аймгийн нөлөө бүхий улс төрчид, эрдэмтэд, багш нар, томоохон компанийн захирлууд, залуу үеийн төлөөлөл зэрэг гучаад хүн Тэрэлжийн ойролцоо нууц хурал зохион байгуулжээ. Тэд одоо Завхан аймгийнхаа хөгжлийн төлөө нам харгалзахгүй эвлэлдэн нэгдэж, ирэх сонгуулиар нутгийнхаа чадалтай залуусыг дэмжихээр тохиролцсон байна. Уг нууц хурлаар ерөнхийдөө гурван асуудлыг голлон ярилцжээ. Нэгдүгээрт, Завхан аймаг Дулааны цахилгаан станцтай болох нэн шаардлагатай гэдэг дээр бүгд санал нэгдсэн байна. Энэ станцыг барихын тулд аймагтаа нүүрсний уурхайтай болох ёстой. Тиймээс станцын гэрээ нь бэлэн бас уурхайн хайгуулаа хийчихээд байгаа Ш.Батсамбууг мөн НИТХ-ын төлөөлөгч, АПУ компанийн санхүү хариуцсан захирлаар ажиллаж байсан Б.Түвшин нарыг УИХ-ын сонгуульд дэмжихээр тогтжээ. Хоёрдугаарт, орон нутгийн сонгуулиар нам харгалзахгүй залуусын эвсэл байгуулж, Завханы улс төрийг улиг болсон улс төрчдөөс нь салгахаар тохиролцсон байна. Гуравдугаарт, МАНАН бүлэглэлийн сүлжээг таслахын тулд дахин нэр дэвшихээр санаархаж байгаа гишүүн Я.Санжмятав, З.Нарантуяа нарыг огт дэмжихгүй гэдгээ илэрхийлжээ. З.Нарантуяа нь 2016 онд СЕХ-ны Ажлын албаны дарга, М.Энхболдын гарын хүн гэгддэг нөхөр Д.Баяндүүрэнгийнхээ дэмжлэгтэйгээр Завханчуудыг луйвардаж, тамгалаагүй 2200 орчим хуудсыг санал тоолох машинд уншуулсан. Бас 60 тэрбумын нэгэн адил мөнгөөр санал худалдаж авах тухай 90 минутын бичлэг нь Шүүхийн шинжилгээгээр тогтоогдсон, МАНАН бүлэглэлийн гар хөл гэдэг нь удаа дараа нотлогдсон учраас Завханчууд дэмжихгүй гэж үзжээ. Ялангуяа Завхан аймгийн 2016 оны сонгуулийн саналын машины хар хайрцагийг дахин тоолохоор хуульчид ажиллаж байгаа энэ нөхцөлд луйварчдыг дэмжих боломжгүй гэж тэд ярилцсан байна.
Д.БАТМӨНХ