Улаанбаатар хотын нийтийн тээврийн шинэчлэлийг хийх тухай албаныхан байнга ярьдаг. Гэвч энэ дуулианаар улс төрчид хэдэн төгрөг халааслах гэсэн санаархал газар авдаг байна. Үүний тод жишээ бол 10 жилийн өмнө БНСУ-аас оруулж ирсэн автобус. Тухайн үед 1997 онд Япон улсаас авч байсан цэнхэр автобусыг халж, оронд нь БНСУ-ын автобусыг шахаж байв. Гэтэл уг автобус нь чанарын хувьд маш муу, халаалт байхгүй зэрэг дутагдалтай байсан тухай тэр үед шуугиад л өнгөрч байлаа.
2020 он гэхэд Улаанбаатар хотын нийтийн тээвэрт явж байгаа 300 автобус хугацаа нь дуусч ашиглалтаас гарах юм байна. Эдгээр автобусыг нөхөх хүрээнд Нийтийн тээврийн парк шинэчлэл хийгдэхээр яригдаж эхэлжээ. Үндэсний хөгжлийн газар гэх байгууллагаас тендер зарлаж нийтийн тээвэрт мянга гаруй автобус оруулж ирэхээр ярьж эхэлсэн байна.
Өнгөрсөн 7 хоногт монгол инженерүүд мэдээлэл хийсэн. Тэдний зүгээс БНХАУ-ын 1200 гаруй автобусыг 800 тэрбум төгрөгөөр оруулж ирэх гэж байна. Нэг автобус нь 710 сая төгрөгөөр үнэлэгдэж байгаа. Энэ тендэр нь улс төрчийн нөлөөтэй явагдаж байна хэмээн мэдээлэл хийж байсан. Заавал БНХАУ-ын автобусыг нийтийн тээвэр шахах гэж байгаа цаад шалтгаан нь улс төрчид халаасаа түнтийлгэх гэсэн башир арга. Нөгөө талдаа нэр бүхий улс төрчид 2020 оны сонгуулийн зардлаа босгохоор улайрч эхэлсэн үйл явдал хэмээн тус инженерүүд хардаж буй юм билээ.
710 сая төгрөгөөр нийлүүлэгдэх гэж байгаа БНХАУ-ын автобус нь үнэн хэрэгтээ 300 хүрэхгүй сая төгрөг гэдгийг Нийслэлийн нийтийн тээврийн газрын зүгээс судалж гаргасан юм билээ. Гэтэл БНХАУ-д үйлдвэрлэсэн тус автобусыг ямар шалтгаанаар, хэнийг захиалгаар 2 дахин өндөр үнээр худалдан авах гэж тендерийг шуурхайлан явуулж эхэлсэн нь хачирхал татаж буй юм. Хэрэв үнэхээр нл Монгол инженерүүдийн хэлж байгаа шиг 710 сая төгрөгөөр автобус худалдан авах гэж байгаа бол чанартай, аюулгүй байдлыг бүрэн хангасан, тохь тухтай, дулаахан автобусыг авч эрэлхийлэн авахгүй байгаа нь хачирхалтай юм. Зарим эх сурвалжийн хэлж байгаагаар бол хятад автобус нь кондейшн байхгүй. Өвөл их хүйтэн, харин зун нь хэт халуун байдаг гэнэ. Үүнээс гадна хятадын үндсэн автобусны үйлдвэрийнх биш учраас чанаргүй, амархан эвдэрдэг гэх гомдол ч нийтийн тээврийнхэн дунд хөвөрч эхэлжээ.
Ийм байхад БНХАУ-аас 1200 автобусыг шахах ажлыг Нийслэлийн МАН-ын нөлөө бүхий улс төрчид хийж буй гэх бор шувуу улс төрийн хүрээнд нисч эхэлжээ. Үүний цаана 2020 оны сонгуульд зарцуулах мөнгө нуугдаж байж болзошгүй гэх хардлага хүртэл байгаа юм. Учир нт Үндэсний хөгжлийн газраас зарлаж буй уг тендер нь богино хугацаанд шуурхай явагдаж буй бөгөөд шалгарах компани нь тодорхой гэх яриа хүртэл гарчээ.
Хэрэв үнэхээр л 800 тэрбум төгрөгөөр Улаанбаатар хотыг өрөнд оруулж, нийтийн тээвэрт чанаргүй, сэлбэг хэрэгсэл байхгүй, засвар үйлчилгээ нь тодорхой бус автобус шахахаар Нийслэлийн МАН-ын нөлөө бүхий улс төрчид зүтгэсэн бол хууль хяналтын байгууллагынхан анхааралдаа авч асуудлыг бага дээр нь зогсоох нь зөв болов уу? Энэхүү асуудлыг цаана хэн гэдэг улс төрчид байгаа, хэрхэн үйл явдал өрнөж байгаа тухай цувралаар хүргэх болно.