Наяад оны төгсгөл үеийн УБДС-ийн оюутнуудын амны уншлага болсон, одоо ч дурсагддаг олон сонирхолтой явдлууд байдаг нь “овжин шар” хочит Оюунтай холбоотой болсон явдлууд бөлгөө. Нэрийг нь өөрчлөх шаардлагатайгаас Оюун гэсэн болно. Одоо нутагтаа амьдарч буй энэ эмэгтэйн туулж өнгөрүүлсэн оюутан ахуйн он жилүүд нь онцгой сонин тохиолдлоор дүүрэн байсан гэхэд хилсдэхгүй. Багш, оюутангүй л ам өрсөн дурсах авай. Шалиг самуун гэхэд ч хаашаа юм, саваагүй гэхэд ч ямар юм, нэг тийм бүсгүй байж билээ. Ааш зан алиа яруу, хэл ам хурц тунгалаг, бие хаа бодлоос үл хагацмаар нэгэн бөлгөө. Хятадуудын хэллэгээр “Тэрбумд ганцхан” гэдэг шиг тэр цагийн үеийнхэн дотроо бараг ганцаараа гэхэд хилсдэхгүй нэгэн юм. Бүсгүй хүнд юу заяах ёстойг бүгдийг нэгэн биед цуглуулж төрсөн гэж түүнийг л хэлэх байх даа. Эцэг, эхээ хөөвөл баруун аймаг болчихдог ч төрсөн газар усаар нь товловол Дархан-Уулынх гэгдэх нь гарцаагүй бөлгөө. Дашрамд өгүүлэхэд, Дарханаас төрсөн үе үеийн сайхан бүсгүйчүүдийн нэг гэвэл зохиотой. Тухайн үедээ л “мисс” байсан гэхэд хэн ч маргахгүй сайхан эмэгтэй л дээ. Тэр үеийн охид, бүсгүйчүүд одоогийнх шиг өмссөн зүүснээрээ нэг их ялгараад байхгүй ч өнгө төрхөөрөө өөрийн эрхгүй ялгарах ажаам. Нэгдүгээр курст нэгэн хөөрхөн охин ирснийг бусад курсын ах нар төдийгүй багш нар сэмхэн ярилцах авай. Намрын ургац хураалтаар “Найрамдал” САА явсан тэр үеийн багш, оюутны харааг чимж, сэтгэлийг гэгэлзүүлж байсан гэхэд болно. Зөвхөн энэ сургуулийн багш, оюутан бус орон нутгийн эр, эм хүмүүсийн анхаарлыг ч татаж байлаа.