Дуучин Б.Амархүү хар тамхи хэрэглэж байгаад гэрийнхээ гаднаас барьвчилагдсан билээ. Түүнд холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Дуучин Б.Амархүү нь сар гаруйн өмнө хар тамхи тээвэрлэсэн, хэрэглэсэн гэх хэрэгт буруутгагдсан билээ. Б.Амархүү нь НҮБ-ын 1971 онд сэтгэцэд нөлөөлөх бодисын конвенцод багтсан дельта-9 агууламж бүхий өвс нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн 2019 оны есдүгээр сарын 19-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Романа Ресиденс хотхоны 704 тоот гэртээ мансууруулах бодис худалдаалах зорилгогүйгээр хадгалсан, мөн тээврийн хэрэгсэлдээ 0.5 гр жинтэй “шавар” гэх нэршилтэй бодисыг хадгалсан хэмээн буруутгагдсан юм. Шүүх хуралд Н.Намжилцогт, Ц.Туяа гэх хоёр өмгөөлөгч дуучин Б.Амархүүг өмгөөлөн оролцсон байна. Анхан шатны шүүхээс дуучин Б.Амархүүд хоёр жилийн ял оноолоо. Хэдийгээр шүүх хурлын явцад дуучин Б.Амархүү гэмшиж байгаагаа илэрхийлсэн боловч тэр нь шүүх бүрэлдэхүүний зүгээс ялыг нь хөнгөлж үзэх шалтгаан болсонгүй гэж болно. Хэдийгээр худалдаалах зорилго агуулаагүй боловч хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодисыг олж авсан, хадгалсан гэх шалтгаанаар гэмт хэрэгт буруутгасан бөгөөд мөрдөн байцаалтын явцад уг гэмт хэрэг нь батлагдсан хэмээн үзэж шүүх дуучин Б.Амархүүд 2 жилийн хорих ял оноолоо. Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол дуучин Б.Амархүү болон түүний өмгөөлөгч нар давж заалдах эрхтэй юм.