Засгийн газарт хамгийн тулгамдсан асуудал нь өрөө төлөх. 580 сая ам долларын өрийг засгийн газар төлнө. 2011 онд С.Батболдын засгийн газар Хөгжлийн банкинд баталгаа гаргаж зээлсэн уг мөнгийг 2017 оны 03 сарын 21 өдөр төлж барагдуулах ёстой. Хөгжлийн банк энэ мөнгийг шууд гаргаад төлнө гэж байхгүй. Тэдэнд ийм хэмжээний валют битгий хэл төгрөг ч алга. Оны өмнөхөн өөрийн хөрөнгөө 1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж, өнөөх 580 сая ам доллараасаа зээлсэн зээлийн төлбөрөө хэрхэх учраа олохгүй УИХ-аар аргалуулаад сууж байна. Тэгэхээр энэ мөнгийг төлөх үүрэг шууд засгийн газарт оногдож байгаа гэсэн үг.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хувьд Хөгжлийн банкны зээлийг хугацаанд нь төлж барагдуулна гэдгээ амалчихсан. Тэгэхээр төлж л таараа. Гэтэл Засгийн газар УИХ-аар оруулж байгаа хууль тогтоомж нь цаг хугацаа үрсэн шалдар булдар хэдхэн тогтоол байна. Үүнийхээ оронд 580 сая ам долларын өрөө төлөх арга сүвэгчилсэн зүйл оруулж ирэхийг УИХ-ын төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хатуухан анхаарууллаа.
УИХ-ын чуулган 2 сарын 10 өдөр завсарлана. Үүнээс өмнө 20 хүрэхгүй хоногийн боломж л бий. Гэтэл энэ хоногийг ашиглаж хөгжлийн банкны өр төлбөрөө барагдуулах шийдлийг УИХ-д оруулж ирэхгүй бололтой. Тэгэхээр Засгийн газар Монголбанкнаас валют зээлж төлбөрөө барагдуулах уу? Гэтэл Монгол банкинд 1,3 тэрбум ам долларын л нөөц бий. 580 сая ам долларыг нь төлбөрт тушаачихвал өнөөх долларын ханш тэнгэрт тулталаа өсч мэдэх гэмтэй. Өнөөдөр 2400 төгрөгийн үнэтэй байгаа ам доллар 3000 төгрөг даваад туучихаж мэднэ. Эсвэл засгийн газар 2 сарын дундаас хэрэгжиж эхлэх Стандбай хөтөлбөрт найдаад суугаа юм болов уу?