Төрийн албан тушаал бүрийг мөнгөөр үнэлж, ялсан нам нь мөнгө босгодог гэх яриа байдаг. Харин баталгаажуулаад баримтжуулчихсан зүйл өнөөдөр ч алга. Төрийн ямар нэг албан тушаалд очихын тулд намдаа авлига өгдөг. Намынхаа нэг өндөр албан тушаалтанд хахууль өгдөг гэх явган яриа бол байна. Гагцхүү өгсөн нь ч тэр, авсан нь ч тэр энэ тухай ам нээдэггүй учир батлагдсан нь үгүй.
2016 оны Сонгуулийн өмнө Төрийн албан тушаал бүрийг мөнгөжүүлэх тухай МАН-ын нэр бүхий улс төрчдийн яриа бүхий аудио бичлэг ил болсон. Эвлүүлэг хэмээн гүрийж байгаад хожим нь ийм яриа болсон. Гэхдээ уг схемийг зохиогч нь Нийслэлийн МАН-ын албан тушаалтан бус иргэн Доржзодов хэмээх яриа болж байв. Уг асуудлаар саяхан шүүх хурал болж 60 тэрбум төгрөгөөр Төрийн албыг наймаалцах гэсэн гэх шалтгаанаар бус харин Сонгуулийг будилантуулах гэсэн гэх үндэслэлээр ял өгчихлөө. Нэг үгээр хэлбэл өнөөх 60 тэрбумын хэрэгт бус өөр зүйл ангиар ял өгч гайхшруулав. 60 тэрбумын яриа хэрэг биш байсан гэсэн үг үү?
За энэ ч яахав. Удахгүй бусад шатны шүүх хурлаар 60 тэрбумын асуудал илүү тодорхой болох биз. Харин 2020 оны Сонгуулийг угтаж Ардчилсан намынхан ил цагаан 60 тэрбумын схемийг хэрэгжүүлж эхэллээ. Өмнө нь тус нам хэд хэдэн удаа сонгуульд өрсөлдөх хүмүүсээс “ДЭНЧИН”-ийн мөнгө авч байсан. Энэ удаа ч энэ асуудал үргэлжлэх нь бололтой.
2020 онд АН-аас дэвшихээр горилж буй хэн ч гэсэн намдаа нэн тэргүүнд 100,000,000 төгрөг / нэг зуун сая төгрөг / төлөх учиртай. Үүний дараа намынхаа анхан болон дунд шатнаас мандатаа өвөртлөнө. Ингээд дээд шатанд буюу Үндэсний бодлогын хорооны дэмжлэгийг авах юм. 100-н сая төгрөгөө тушаасан ч нэр дэвших эрх өвөртөлж чадаагүй бол нам нь сонгуульд ялсан нөхцөлд албан тушаал өгөх тухай гэрээ байгуулах гэнэ.
Улс төрийн намын санхүүжилт гэдэг зүйл нь өнгөрсөн хугацаанд байнг л асуудал дагуулж ирсэн. УЛс төрийн намын санхүүжилт ойлгомжгүй учрааас авлига, хээл хахуулийн хэрэг эндээс л үүдэлтэй хэмээн улс төрчид ам уралдан ярьдаг ч энэ тухай хөндөж, шийдэх гарцыг нь ярьдаг улс төрч байхгүй. Улс төрийн намын санхүүжилтийн тухай улс төрчид хоорондоо халаглах боловч, ил гараад ярьдаггүй учир хээл хахууль, авлигын гол үндэс энд явагдаж байна.
Ардчилсан намын хувьд санхүүжилтээ босгохын тулд хөшигний ард байсан асуудлыг ийнхүү ил болгож эхэллээ. Үүний цаана мөнгөтэй л хүн нэр дэвших эрх өвөртлөх болно гэдэг цэнзүүрийг бий болгов. Харин нөгөө талд нь мөнгө төлж нэр дэвшсэн, мөнгө төлж албан тушаалд очсон хүн өнөөх мөнгөө олж авахын тулд юу ч хийж мэднэ. Нэг үгээр хэлбэл төлсөн мөнгөө хэд нугалж авахын тулд авлига авна. Үүний цаана иргэд хохирч үлдэх гэмтэй.