М.ДАВААТОГТОХ: Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд байсан С.Баярцогт нарыг шалгаж дууссан-

М.ДАВААТОГТОХ: Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд байсан С.Баярцогт нарыг шалгаж дууссан-

Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд байсан С.Баярцогт нарыг шалгаж дууссан-

Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын Мөрдөн шалгах хэлтсийн орлогч бөгөөд нэгдүгээр албаны дарга, ахлах комиссар М.Даваатогтохтой олны анхаарал татсан зарим хэргийн шалгалтын явцын талаар ярилцлаа. 

-Танай Мөрдөн шалгах хэлтэс хуулиар хүлээсэн чиг үүргээ ямархуу хүн, хүчтэйгээр хэрэгжүүлж байна вэ?

-АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс нь Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт хуульчилсан 11 төрлийн гэмт хэрэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрсдийн илрүүлсэн мөнгө угаах гэмт хэрэг болон Улсын ерөнхий прокурорын 2017 оны А/67 дугаар тушаалаар баталсан зааврын дагуу цагдаагийн албан хаагчийн үйлдсэн гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Манай хэлтсийн 36 мөрдөгч дээрх мөрдөн шалгах чиг үүргийг улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа тул маш өндөр ачаалалтай ажилладаг. Авлигын гэмт хэргийг эрх мэдэлтэй, хөрөнгө мөнгөтэй, тусгай мэдлэг бүхий хүмүүс үйлддэг тул илрүүлж, мөрдөн шалгаж нотлоход ур чадвар, цаг хугацаа, зардал асар их шаарддагаараа бусад хэргээс онцлогтой. Авлигын гэмт хэргийн нэг холбогдогчийн ард 2-3 өмгөөлөгч, санхүүгийн тусгай мэдлэг бүхий зөвлөх гээд бүхэл бүтэн баг ажилладаг. Ганц мөрдөгч ийм хэмжээний мэргэшсэн багтай тулж, хэргийг нотлон, прокурор, шүүхээр шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. Авлига, албан тушаалын нэг хэрэгт цугларч байгаа нотлох баримт дунджаар 20-300  хавтас болдог нь бусад төрлийн 20-30 эрүүгийн хэрэг мөрдөн шалгасантай адил хэмжээний хөдөлмөр, цаг хугацаа шаарддаг.

-Төрийн өндөр албан тушаал хашиж байгаа, өмнө нь хашиж байсан хүмүүсийг авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан танайхаас баривчилсан. Ер нь авлигатай тэмцэх ажил улам ширүүсэж, иргэдийн ярьдагчлан “акул”-уудыг шалгаж эхлээд байна. 

-Олон нийт өндөр хүлээлттэй байгаа “шударга ёсны хүсэмжлэл”-д бодит хариулт өгөх үүргийг АТГ-ын шинэ удирдлага бүх ажилтанд өгсөн. Тэр дундаа авлигын гэмт хэргийг бүрэн илрүүлж, шуурхай шийдвэрлэх, энэ төрлийн хэргийн улмаас хулгайлагдсан, нуун дарагдуулсан хөрөнгийг хамгаалах, битүүмжлэх, буцаан төлүүлэхэд онцгой ач холбогдол өгч байгаа.

Хуулийн байгууллагаас сүр дуулиантай баривчилгаа хийдэг ч явцын дунд хэрэг нь замхардаг гэх иргэдийн итгэл алдарсан байдалд цэг тавих цаг нь болсон гэж үзэж байгаа. АТГ-аас нэг сар гаруйн өмнө дайчлан баривчилсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуяг, Зам, тээврийн яамны газрын даргаар ажиллаж байсан Д.Доржханд нарын хэргийг шалгаж дуусгаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар НПГ-т хүргүүллээ. Мөрдөн шалгах хэлтсийн зүгээс хуульч, шуурхай ажиллагааг эрхэмлэн хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх болно.

-“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хууль бусаар худалдан авсан зэрэг олны анхаарал татсан томоохон хэргийн мөрдөн байцаалтын явцын талаар тантай уулзсаных асуухгүй өнгөрч болохгүй байх. Иргэд ч дээрх хэргээс гадна Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүс, Улсын ерөнхий прокурор асан гээд олны анхаарал татсан зарим хэргийг хэрхэн шийдвэрлэснийг анхааралтай ажиглаж байгаа шүү дээ.

-Тус хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэд хэдэн хэргийг прокурорын хяналтад шилжүүлээд байна. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд байсан С.Баярцогт нарын холбогдсон, Монгол Улсын сайд асан М.Энхсайханд холбогдох үйлдэл, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч байсан Э.Бат-Үүл нарын, Салхитын мөнгөний ордтой холбоотой шийдвэр гаргах явцдаа авлигын хэрэгт холбогдсон нэр бүхий зургаан шүүгчийн, Архивын ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан албан тушаалтан зэрэг 32 хүн холбогдсон Ховд аймагт хууль бусаар ашигт малтмал олборлосон хэрэг, ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг нарын, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарын, “ДЦС-2” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.Бямбаахүү нарын, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал байсан Н.Мөнхбат нарт холбогдох зэрэг авлигын 39  хэргийг энэ оны есдүгээр сарын 25-наас арваннэгдүгээр сарын 8-ныг хүртэлх сар гаруйн хугацаанд шүүхэд шилжүүлэх саналтайгаар НПГ-ын хяналтад шилжүүллээ.

Түүнчлэн Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад холбогдох, “Дарханы гурил тэжээл” ХК-ийн чанарын шаардлага хангахгүй, ашиглах боломжгүй элеваторыг 16 тэрбум төгрөгөөр төрд худалдсан үйлдэл, ЭМЯ-ны албан тушаалтнууд хахууль авч тусгай зөвшөөрөл хууль бусаар олгосон, Хөгжлийн банкны нэр бүхий албан тушаалтнуудад холбогдох гээд олны анхаарал татсан хэргүүдийг ойрын хугацаанд шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлнэ.

-Авлига, албан тушаалын хэрэгт сэжиглэн танайхаас баривчилсан хүмүүс удалгүй батлан даалтад гарах, суллагдах нь түгээмэл. Мөрдөн байцаалт, хяналт шалгалтыг хэрхэн явуулж байна вэ. Хууль, эрх зүйн ямар үндэслэлээр хэргийн холбогдогч нар сул чөлөөтэй болоод байдаг юм бол?

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг шинэчлэн баталж, 2017 оны долдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөж байгаа. Энэ хуулиар сэжигтнийг баривчлах болон яллагдагчийг цагдан хорих үндэслэл өөрчлөгдсөн. Өмнө мөрдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд хээл хахууль авах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэнд сэрдэгдсэн сэжигтэн, яллагдагчийг хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаас сэрэмжлэх зорилгоор цагдан хорьж шалгах боломжтой байсан юм. Өөрөөр хэлбэл, авлигын гэмт хэргийн нийгмийн аюулаас хамаарч хэргийн бодит байдлыг тогтоохын тулд сэжигтэн, яллагдагчийг цагдан хорьж мөрдөн байцаалт явуулдаг байв. 

Одоо мөрдөж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар дээрх зохицуулалтыг хүчингүй болгосноос авлигын гэмт хэргийн нийгмийн аюулаас хамаарч яллагдагчийг цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагаа явуулах боломжгүй болсон. Энэ нь хорьж саатуулсан этгээдийг суллах гол шалтгаан болж байна.

-Хэрэг мөрдөх явцад томоохон албан тушаалтнууд нөлөөлдөг гэх яриа, шүүмжлэл бий. Өмнө нь ийм агуулгатай мэдэгдэл та бүхэн хийж, хэрэгт нөлөөлөх гэж оролдвол хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэдгийг анхааруулж байсан. Олон улсын судалгааны байгууллагын дүн мэдээлэлд ч хэрэгт “томчууд” нөлөөлөх гэж оролддог гэсэн утгатай дүгнэлт байсан.

-Улс төрийн өндөр албан тушаалтнууд мөрдөн шалгах ажиллагаанд нөлөөлөхийг хуулиар хориглосон. Эрүүгийн хуулийн 21.6 дугаар зүйлд мөрдөгч, прокурор, шүүгчид хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааг эрхлэн явуулахтай нь холбогдуулан хууль бусаар нөлөөлөх үйлдлийг гэмт хэрэгт тооцож, хуульчилсан.

Мөрдөн шалгах ажиллагаанд нөлөөлөхийг санаархдаг улстөрчид байдгийг үгүйсгэхгүй. Гэхдээ миний мэдэж буйгаар, тухайлсан хэрэгт улс төрийн албан тушаалтнууд хууль бусаар нөлөөлж, уг нөлөөллийнх нь дагуу гэмгүйг гэмтэн болгосон, гэмтэй нэгнийг хаацайлсан тохиолдол байхгүй. Мөрдөн шалгах ажиллагаа нь зөвхөн хуульд заасан үндэслэл, журмын дагуу явах ёстой, хууль бусаар мөрдөн шалгах нь өөрөө гэмт хэрэг.  Иймд хэн нэг албан тушаалтны “нөлөөгөө” ашиглаж өгсөн хууль бус үүргийн дагуу мөрдөгч шалгаж хэрэгтэн болох замыг сонгохгүй. Тэгээд ч АТГ-ын мөрдөн шалгах ажиллагаа нь холбогдох хуульд заасны дагуу прокурорын хяналтад байдаг.

Авлига, албан тушаалын гэмт хэрэгт шалгуулсан, шүүхээр шийтгүүлсэн олонх албан тушаалтан “хэлмэгдэгсдийн дүр”-д хувирдаг. Хулгай хийсэн, төрд болон бусдад учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа албан тушаалтан гэж бараг алга. Шалгуулж байгаа албан тушаалтнууд АТГ-ын үйл ажиллагааг бүх талаар харлуулах гэсэн, өөрсдийгөө энхийн цагаан тагтаа мэт ойлголтыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийгэмд бий болгож, бидний үйл ажиллагаанд нөлөөлөхийг оролддог. Энэ явуургүй арга гэдэг нь цаг хугацааны явцад харагдаж байгаа.

Улс төрийн намууд болон нэр дэвшигчид сонгуулийн үед гэмт хэргийг, тэр дундаа авлигыг бууруулах чиглэлээр тодорхой ажлууд хийхээр мөрийн хөтөлбөртөө тусгаж, сонгогчдод амладаг. Сонгуулийн үр дүнд улс төрийн албан тушаалтан болсон хүмүүс мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх зорилгоор АТГ-аас үр дүн шаардах тохиолдол байдаг.

-Авлигын гэмт хэргийг мөрдөн шалгахад өнөөдөр тулгамдаж буй хамгийн том бэрхшээл юу байгаа бол?

-Авлигын гэмт хэргийг мөрдөн шалгахад учирч байгаа бэрхшээлүүдийн нэг нь хохирогчийн асуудал. Хувь хүн өөрийнхөө хэтэвчнээс мөнгөө хулгайд алдвал уг зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр тууштай явдаг. Харин авлигын гэмт хэргийн улмаас улс оронд олон тэрбум, их наядаар хэмжигдэх хохирол учирч байхад үүний араас тууштай явах хохирогч тэр бүр байдаггүй. Үүний шалтгаан нь нэгдүгээрт, төрийн эрх ашгийг тууштай хамгаалах эзэнгүйтэй холбоотой. Хоёрдугаарт, монголчууд авлигын хор хөнөөлийн талаар хангалттай ойлголтгүйгээс шалтгаалдаг болов уу. Миний хэтэвчнээс мөнгө алдагдаагүй юм чинь гэсэн хандлагаар авилгад хандаж болохгүй. Авлига бол хөгжил цэцэглэлтийн, эрүүл мэндийн, бүтээн байгуулалтын эсрэг гэмт хэрэг.

Утаатай тэмцэх зориулалтаар төсөвлөсөн олон тэрбум төгрөгийг хулгайлсны төлөөсийг иргэд эрүүл мэндээрээ төлж байна. Автозамын ажлын төсвийг хулгайлж чанаргүй, нарийхан зам ашиглалтад оруулсны төлөөсийг амиараа төлдөг, бондын мөнгийг эрх мэдэлтэй албан тушаалтнууд завшсаны төлөөсийг та бид, цаашлаад үр хүүхдүүд маань ч үргэлжүүлэн төлөхөөр байгаа. Авлигын хор уршгийг нийгмийн гишүүн бүр асар их үнээр төлж буйгаа ойлгож, энэ төрлийн гэмт хэрэгтэй тууштай тэмцэх, иргэдийг соён гэгээрүүлэхэд бүх хүнийг, тэр дундаа урлаг, спорт, шинжлэх ухааны алдартнуудыг дэмжлэг үзүүлнэ үү гэж уриалъя.

Авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах эрх зүйн орчин учир дутагдалтай байгаа нь энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд томоохон саад учруулдаг. УИХ-ын дарга Г.Занданшатар авлигын гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг уртасгах, оноож байгаа ял шийтгэлийг чангаруулах асуудлыг судалж, хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулсан нь цаг үеэ олсон, авлигатай хийх тэмцэлд ихээхэн дэмжлэг үзүүлэх ажил болж байна. Уг ажлын хэсэг авлигын гэмт хэргийг мөрдөн шалгахад учирч байгаа саад бэрхшээлийг арилгасан хууль батлуулна гэсэн итгэлтэй байгаа.

“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-ийн 49 хувьд ногдох хөрөнгө, ашигт малтмалын үнэлгээ 9.3 их наяд төгрөг

-Нийтийн албанд эрх бүхий албан тушаал хашиж байсан хүмүүсийн хахууль авсан үйлдэл, эд мөрийн баримтыг танайхан хэвлэлийнхэнд мэдээлсэн. Гэтэл зарим хүн үүнийг хүний эрх зөрчлөө хэмээж байгаа. Тухайн хүний эрх зөрчигдсөн үү, эсвэл тэр авлигачийн үйлдлээс болж ард иргэдийн эдлэх эрх алдагдсан уу. Та үүнд ямар бодолтой явдаг вэ?

-Монголчууд “нэр хугарахаар яс хугар” хэмээн ярьж, нэр төрөө машид эрхэмлэдэг ард түмэн. Авлига бол улс орны хөгжил цэцэглэлтийн, эрүүл мэндийн, бүтээн байгуулалтын эсрэг гэмт хэрэг гэдгийг өмнө хэлсэн. Авлигач албан тушаалтнууд өөрсдийн болон гэр бүл, удмынхаа нэр төрийг ч уландаа гишгэж та бидний, үр хүүхдүүдийн маань ирээдүйгээс хулгайлж байна. Авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх нь АТГ-ын үндсэн чиг үүргийн нэг. Энэ чиг үүргийнхээ хүрээнд шүүхээр шийдвэрлэсэн зарим хэргийн мөрдөн шалгах ажиллагааны баримтаас олон нийтэд үзүүлсэн. Цаашид ч энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүргийнхээ хүрээнд авлигачдын гэмт хэрэг үйлдэж байгаа баримт нотолгоог олон нийтэд үзүүлэх боломжтой. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтэд мэдээлэл түгээх нь олон улсад тогтсон, хууль ёсны жишиг.

Хууль ёсны дагуу, ёс зүйтэй амьдрах нь нэр төр, эрх чөлөөгөө хамгаалах дархлаа юм. Албан тушаалтнууд нэр төр, эрх чөлөөгөө өөрсдөө хүндэтгэж авлигын гэмт хэрэг үйлдээгүй бол ийм бичлэг цацагдахгүй гэдэг нь ойлгомжтой.

-Авлигын гэмт хэргийн улмаас улсад 11.9 их наяд төгрөгийн хохирол учирсан гээд байгаа. Ийм их хэмжээний хохирол учирсан гэхээр олон хүн итгэдэггүй. Энэ дүн ямар үндэслэлээр яаж гарч ирэв. Ямар хэргүүдийн холбогдогч нар ийм их хохирол учруулаад байна вэ? 

-Тус хэлтэс 2019 оны эхний 10 сарын байдлаар 1000 гаруй хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Эдгээрийн дотор төр, нийгэмд ноцтой хохирол учруулсан олон хэрэг бий. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” компанийн 49 хувийн энгийн хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах давуу эрхээсээ холбогдох хууль тогтоомж зөрчин татгалзсаны улмаас төрийн эрх ашигт их хэмжээний хохирол учруулсан үйлдэлтэй эрүүгийн хэргийг АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсгийнхэн мөрдөн шалгаад дуусаж байна. Монгол Улсын Засгийн газраас томилсон хохирогчдын нэхэмжлэл болон мэргэшсэн үнэлгээчдийн дүгнэлтээр “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” компанийн 49 хувьд ногдох нийт хөрөнгө болон ашигт малтмалын үнэлгээ нь 9.3 их наяд төгрөг гэж тогтоогдсон нь тус хэлтсээс мөрдөн шалгасан хэргийн хохирлын дүн огцом өсөх үндэслэл болсон.

Үндсэн хуулийн цэцийн 2018 оны хоёрдугаар сарын 28-ны 03 дугаартай дүгнэлтээр УИХ-ын “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” компанийн талаар авах зарим арга хэмжээний тухай 2017 оны хоёрдугаар сарын 10-ны тогтоол нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнээд, 49 хувийн хувьцааг төрийн мэдэлд авсан тохиолдолд ОХУ-ын “Ростех” корпорацад уг 49 хувийн энгийн хувьцааг авахад зарцуулсан төлбөрийг төлж барагдуулах үүрэгтэй гэж шийдвэрлэснийг холбогдох байгууллагаас өмнө нь олон нийтэд мэдээлж байсан.

-Авлига, албан тушаалын гэмт хэрэг шийдвэрлэх дагнасан шүүх байгуулах талаар та юу гэж үздэг вэ? Хонконгийн их сургуулийн профессор Тони Квокийн ярилцлагад дагнасан шүүх үр дүнтэй гэж дурдсан байсан.

-Авлигын гэмт хэргийг дагнасан прокурор, шүүхээр шийдвэрлүүлэх нь авлигатай амжилттай тэмцэх чухал шийдлийн нэг. Индонез, Филиппин, Тайланд, Пакистан, Малайз, Украин зэрэг хүн ам олонтой орнууд авлигын эсрэг дагнасан шүүх байгуулан энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх оролдлого хийж байна. Хүн ам цөөнтэй, сайн яривал хоорондоо төрөл садан, хамаатан, хамааралтай болчих гээд байдаг манай улсын хувьд авлигын гэмт хэргийг хянан шийдвэрлэх дагнасан прокурор, шүүх байгуулах нь энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд онцгой ач холбогдолтой. Аливаа зүйлээр дагнасан хүн илүү амжилт гаргах, эрсдлээс хол байх боломжтой байдаг. Энгийн жишээгээр тайлбарлая. Мэдрэлийн эмч хэзээ ч зүрхний мэс засал хийдэггүй. Тодорхой чиглэлээр мэргэшсэн эмч болохын тулд олон жил суралцаж байж эмчлэх эрхээ авч, уг мэргэшлээрээ л дагнан ажилладаг. Хүний эрүүл мэнд чухал, гэхдээ нийгмийн өвчин болсон авлигыг эмчлэх нь үүнээс дутахгүй чухал ач холбогдолтой. Эрүүгийн хуульд заасан 209 төрлийн гэмт хэргээр нэг шүүгч бүрэн мэргэших боломж муутай. Монголын шат шатны эрүүгийн хэргийн шүүхийн шүүгч нар бүх төрлийн хэргийг хянан шийдвэрлэдэг. Тэр дундаа орон нутгийн нөлөө бүхий албан тушаалтнуудын үйлдсэн авлигын хэргийг орон нутгийн шүүх хянан шийдвэрлэж буй нь мэдрэлийн эмчээр зүрхний мэс засал хийлгэж байгаатай адил, мэргэжлийн алдаа гарах магадлал өндөр. Олон жил нэг аймаг, суманд ажилласан танил хүмүүс урьдын тогтоосон харилцаагаараа шүүгчид нөлөөлөхөд илүү хялбар, нөгөө талаас шүүгч өөрийн танилуудад, магадгүй найз нартаа ял шийтгэл ногдуулна гэдэг хүн ёсны хувьд хэцүү байх нь мэдээж. Гэвч өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар орон нутгийн шүүгч, орон нутгийн албан тушаалтнуудад холбогдох хэргийг хянан шийдвэрлэх үүрэгтэй.

Авлигын хэргийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх нь өндөр ёс зүй, мэргэжлийн нарийн ур чадвар шаардсан ажил. Тийм ч учраас Монголын төр авлигатай тэмцэх тусгайлсан чиг үүрэгтэй, хараат бус, бие даасан байгууллагыг 2007 онд байгуулсан. Авлигын гэмт хэргийг мөрдөн байцаах, хянах ажлын эцсийн үр дүнг хэмжих, шударга ёс тогтоох алтан дэнс болсон шүүхийн тогтолцоо урьдын хэвээрээ байгаад дүгнэлт хийж, авлигын гэмт хэргийг хянан шийдвэрлэх дагнасан шүүх байгуулах ёстой гэж боддог. Ядаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд авлигын хэргийг давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар шийдвэрлэдэг зохицуулалт оруулж өгөх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.

-Эрүүгийн хуульд заасан авлигын гэмт хэрэгт ногдуулж байгаа ял хөнгөн, шүүх хэрэгтнүүдийн толгойг илж байна гэж иргэд шүүмжилдэг. Үүнд та ямар байр суурьтай байдаг бол? 

-Монгол Улсын Эрүүгийн хуулиар авлигын гэмт хэрэгт ногдуулж байгаа ял шийтгэл тухайн гэмт хэргийн нийгмийн аюултай харьцуулахад хөнгөн байгаа. Автотээврийн үндэсний төвийн албан тушаалтан 57.5 сая төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт шүүх зургаан сая төгрөгөөр торгох ял оноосон нь үүний бодит жишээ.

Малайз улс хахууль авах гэмт хэрэг үйлдвэл авсан хахуулийн мөнгийг нь тав дахин нугалж торгодог. Авлигын гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдвэл 20 жил хүртэл хорих ял оноодог. Австрали улс авлигын гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон этгээдэд 10 хүртэл жилийн хорих ял ногдуулж, 1.1 сая хүртэл австрали доллар буюу хоёр тэрбум орчим төгрөгөөр торгох ял шийтгэдэг. Гадаадын улс орнууд авлигын гэмт хэрэгт өндөр дүнтэй торгуулийн ял оноон, эдийн засгийн аргаар энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж байгаа сайн туршлагыг Монгол Улс нутагшуулбал үр дүнтэй гэж боддог.

Г.ЦОЛМОН

Эх сурвалж өнөөдөр сонин