ТЭТГЭВЭРТ НЬ СУУЛГАЖ, ТӨРӨӨС ХОЛДУУЛАХ УЛС ТӨРЧДИЙН ТЭРГҮҮН ЭГНЭЭ

ТЭТГЭВЭРТ НЬ СУУЛГАЖ, ТӨРӨӨС ХОЛДУУЛАХ УЛС ТӨРЧДИЙН ТЭРГҮҮН ЭГНЭЭ

Монголын улс төрд гуравдагч хүчин үгүйлэгдэж байна. Тэр дотроо шинэ цагийн өнгийг тодорхойлох, технологийн эрин зуунд улсынхаа хөгжлийг ядаж нэг алхам урагшлуулахын төлөө зүтгэх залуу улс төрчид нэн шаардлагатай байна. Харин тэдний боломжийг өөрийгөө бүхний оргил гэж боддог, шинэ цагийн өнгийг анзаарах чадалгүй, өөрийгөө өөрчлөх хүсэлгүй үеэ өнгөрөөсөн улс төрчид хаагаад буг болоод суучихдаг.  Тэдгээр хүмүүсийн өндөр албанд ажиллах гишгүүр нь НАМ Залуу хүний боломжийг хулгайлж, зайгаа тавьж өгөхийг хүсэхгүй хор хутгаж, албан тушаалын сураг гарахаар араандаа хийгээд жирийчихдэг, төрд шигдэж шимж амьдраад 30 жил болчихсон улс төрчдөөс үнэндээ залхаж байна. Тэдэнд түмэн олноороо үгүй хэлж хэлье. Асуудалтай сэдэв нас биш бодлого нь тэтгэвэрт гарсан улс төрчдийг дахин бүү төрийн жолоо атгуулаарай хэмээн хөндөж байна.

Намынхаа ачаар төрийн том албан тушаал хашиж,  суудал дамжсаар 30-аад жилийн нүүрийг үзэж, Монголын төрд хувалз шиг наалдсан улс төрч ОЛОН. Төрд тасралтгүй сайд хийж, өөрийнхөө эцгийн нэрийг нэг яамны нэрээр сольчихсон улс төрч хүртэл байна. Ардчилал ярьж албан тушаалд очсон цагаасаа эхлэн гаргасан шийдвэр нь өнөөдөр  “өвгөрчихсөн” олон улс төрчдөөс төрийг цэвэрлэх цаг нэгэнт болжээ.  Гадаадад боловсрол эзэмшсэн, өндөр ур чадвар, мэдлэгтэй улс орноо хөгжүүлэх, хийж бүтээх чадвар чансаатай залуус манайд хангалттай бий. Гэтэл тайзнаа тэтгэвэртээ гардаггүй, улс төрийн тавцангаас буудаггүй “нөгөө л өвөө” нар боломжийг хулгайлж, одоо бүр байтлаа үе удмаараа төрд шургалж, түмэн олны тохуурхаж суудаг боллоо. Тэдний хувьд албан тушаалын сургаар ажил хэрэгч, бас сэтгэл зүтгэлтэй болчихдог.

МАН, АН гэх хоёр намын хамаг л өнгөтэй өөдтэй албан тушаалыг хашиж, түүгээрээ дамжуулан төрд шургалж, сайд, их хурлын дарга, ерөнхий сайд, ерөнхийлөгч гэх мэт албан тушаалыг ээлж дараалан хашихдаа улс орныхоо төлөө өөдтэй ажил хийчхээгүй байж, өнөөдөр л яг гишүүн болоод баллаад өгөх гээд байна гэх нь холгүй аашилж яваа улс төрч бас байж л байна. Албан тушаалтай байхдаа ард олноо умартсан, харин өнөөдөр лааз хөшиглөж явахдаа түмэндээ хайр зарлаж, иргэдээ ядуурлаас аврах тухай энхийн цагаан тагтаа болж яваа улс төрчдөөс хийж бүтээхийн гайхамшгийг хүлээх шаардлага байхгүй юм.Мандаж яваад унаж үзсэн учир магадгүй хийх ч юм билүү хэмээн өрөвч зангаар өмөлзөж суугаа сонгогч байж болох л юм. Гэвч улс төрд удаан чанагдаж, улс орныг жолоодох эрхийг атгаж байсан ах улс төрчдийн үг яриа, үйл хөдлөл зэргээс харахад үнэндээ итгэж найдаад байх зүйл маруухан л харагдах юм.

Ийм улс төрчдийн тэргүүн эгнээнд Монгол улсын Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаярыг нэрлэж болох юм. МАХН-ын дарга хэмээх сэтэр зүүж, өнгөрсөн 2 ч сонгуульд оролцож чадаагүйдээ шүд зуун юу ч хамаагүй амлаж байгаад саарал ордонд өрөөтэй болохоор зүтгэж буй нэгэн. Түүнд итгэдэг, дэмждэг хэсэг бий ч үнэндээ хаан мэт явсан Энхбаяр тэр үедээ түмэндээ тустай, улсын хөгжлийг урагшлуулах алхам хийчихгүй яасан юм вэ? Улс төрд үүссэн хувилдаан, албан тушаалын наймаа зэрэг нь түүнээс үүдэлтэй хэмээх явган яриа улс төрийн хүрээнд өнөөдөр ч амь бөхтэй оршиж л байна. Өнөөдөр тэр өш санаж, өшөө авалттай киног төрд өрнүүлэх гээгүй л юм бол тийшэээ зүглэх шаардлага баймааргүй л юм. Түшсэн албан тушаалын намтар, төрд зүтгэсэн он жилүүд, эзэмшлийн аж ахуйн нэгж гэх мэт бүхий л зүйл байна. Юу дутлаа гэж дахин төрд орох гэж зүтгэнэ вэ Энхбаяр та.

Төрд ойртуулж болохгүй хүмүүсийн тэргүүн эгнээнд Ерөнхийлөгч асан Элбэгдоржийг нэрлэх нь зүйтэй. АН-ын нэрээр авч болох бүхий л албан тушаалыг атгаж, сүүлдээ шударга бусын хонгилд эзэн суусан хэмээн түүнтэй мөр зэрэгцэж явсан Ерөнхий сайд асан Алтанхуяг өгүүлэх болсон билээ. Элбэгдорж түмэн олныг "хошгоруулж" л чадсан болохоос хөгжүүлэх ажил хийсэн гэхэд бараг л алга. Өнөөдөр амтай болгон ерөнхийлөгч асан Элбэгдоржийг зүхэж, бас муулж байна. Энэ нь түүний улс төрд үлдээсэн өв нь юм байлгүй. Элбэгдорж гэдэг улс төрч өнгөрсөн 30 жилийн хугацаанд төрийн бүхий л том албан тушаалаас атгаж, хариуцаж үзлээ. Гэвч хөгжүүлсэн Монгол нь л алга.

Гомдол нь хэтэрчхээд байгаа нэг улс төрч дахиад л гишүүн болчих санаатай хэл амаа билүүдэж, хэрүүл тэмцэл өрнүүлж яваа. Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Чингис бонд оруулж ирсэн гэх гуншинтай, нүүрс хөтөлбөрийн балгаар суудлаа өгсөн гэх гомдолтой яваа Алтанхуяг гэдэг хүнээс сайн сайхан бодлого гарна гэдэгт итгэхэд бэрх болжээ. Хонгилд чирүүлсэн хэмээн хэчнээн ч удаа гомдол мэдүүлэв. Шинэ цагийн өөрчлөлтийн тухай ширхэг үг цухуйлгахгүй Алтанхуяг гэдэг улс төрчөөс арай л хуучирсан арга барил үнэртээд байх шиг. Түүнд дахин төрийн жолоо атгуулах хэрэг алга даа.

Гудамжинд лааз хөшиглөсөн нэртэй ч яг үнэндээ хувийн бизнесээсээ тав гурван төгрөгөө аваад зүгээр суухгүй улс төрд дахин орж ирэхээр улайрч байгаа эдгээр улс төрчдөд үнэндээ итгэх итгэл алга. Тэд өмнө нь эрх мэдэлтэй, эдлэх ямбатай, шийдвэл шийдэх боломжтой, улс орноо хөгжүүлэх хүч чадалтай байлаа. Харин тэр үедээ түмэндээ үйлчлэх бус тойрон хүрээлэгсэддээ боломж гаргаж өгсөн гэдгийг нь цаг хугацааны шалгуур бидэнд хэлээд өгч байна. Иймээс амин хувиа хичээж явсан улс төрчдөөс одоо юу хүлээх билээ.

Улс төрд удаан оршин тогтнохын тулд хуулийг засч, өөртөө л ашигтай бол хэний ч хормойд очиж өвдөг сөхөрч суудаг өвөгчүүл энэ улс төрд олширчихлоо. Албан тушаал гэхээр амиа өгөхөөс буцахгүй мэт аашилж байгаад авчихдаг. Ажил хийгээд өгөөч гэхээр ард олноороо тохуурхах мэт аашилдаг өвөө нараас үнэндээ түмэн олон минь залхаж буй бизээ. Тухайлбал сүүлийн жишээ бол Хууль, зүй дотоод хэргийн сайд нямдорж. Монгол улс саарал жагсаалтад багтсан. Уг жагсаалтад багтчихаад төгрөг нь суларч, зарим нь хариуцлага хүлээж суухад орчин цагт ард олныг цагаан цаас мэт үзэж байгаа аятай аашилж, ФАТФ гэдэг байгууллага намайг сайшаасан хэмээх социалист үгээр солиорч яваа хүнээс юу хүсэх вэ?

Ингэж тохуурхдаг, элдэвлэж доромжилдог энэ мэт улс төрчдөөс одоо салая: шударга царайлж, шулуун үгтэй хэмээн итгэдэг байсан нямдорж сайд өнөөдөр эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацааг засахгүй явсаар хэчнээн цагаан захтны гэмт хэргийг хэрэгсэхгүй болгов. Нямдорж гэдэг сайдын гүргэр царайлж явсны горыг татвар төлөгчид үүрч, төрд шулуулж байна. Нямдорж гэдэг улс төрчид монгол төр өргүй. Нямдоржтой ижилхэн насны эрэмбэ ямба нь ойролцоо хэдэн улс төрчид ардын намд байна. Ах нар нэртэй эдгээр улс төрчид аль болох л албан тушаалд насаараа түрий барьж очиж ирлээ.

Ардын намын ах нар нэртэй албан тушаалаас зууралдах дуртай, ажил хийж гийгүүлдэггүй, амин хувиа хичээж л суудаг. Дарга хаана тэнд наалдаж, урваж шарваж, улайж ичдэггүй улс төрчдөөс өнөөдөр төрийн салгаж, түмэн олонд үүрүүлдэг ачааг нь нимгэлэх цаг болжээ. ХХААХҮЯ-ны сайд Ч.Улаан гэдэг улайдаггүй урвадаг улс төрч байна. Насаараа л сайд нэр зүүлээ. Гийгүүлсэн гавьяа гэрэлтүүлсэн бодлого яг үнэндээ алга. 1954 онд төрсөн, өдгөө 65 настай энэ эрхмийг гавьяаных нь амралтад гаргаж, үр ачаа харах үүрэгт ажилд нь тохоон томилох цаг болсон баймаар юм.

 Улаан сайдтай ижил аль нам ялах нь вэ хэмээн арга сүвэгчилж, хоёр намын хооронд тэлээ хурга шиг явдаг тэрбишдагва гэдэг улс төрчийг ч бас л  тэтгэвэрт нь суулгах цаг болсон. Албан тушаал авахаараа ам нь үдэгдэж, сул гишүүн болохоороо шударга дүр эсгэн хүний өөрийн хамаагүй муулж явдаг энэ улс төрчөөс эрүүл бодлого хүлээгээд хэрэггүй мэт.

Хариуцлага гэдэг зүйлийг үлгэрлэх ёстой атал харин ч суудалдаа шигдэж суучхаад асуудал бүрээс зугтах гэж оролдож буй Батлан хамгаалахын сайд Н.Энхболд гэдэг улс төрчийг ч бас тэтгэвэрт нь суулгах цаг болжээ.  1957 он төрсөн түүнээс одоо улсаа хөгжүүлэх өчүүхэн ч сэтгэл үнэртэхгүй биз. Харин ч хаана хэзээ албан тушаал гарна түүнд суухыг л санаархаж буй нь өнгөрсөн өдрүүдийн үйлдэл бүхнээс нь үнэртэж байна.

Мөнхбат гишүүний хэлдэг шиг ах нь гэж долоочих шахаад албан тушаал аваад мартдаг улс төрчийн нэг нь Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин  гэж ардын намынхан ам уралдан ярьж байна. 1958 он төрсөн Энхтүвшин гэдэг улс төрч хийж болох боломжтой хэчнээн ч албан тушаалыг хашив. Тухайн хариуцсан салбартаа гялтайх ажил хийсэн гэхээсээ илүү хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийг нь тойрогтоо зөөхөөс өөрийг сэтгээгүй л болов уу. Бас л тэтгэвэрт нь гаргах цаг болжээ.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан. үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх гэж яваа энэ эрхэмд зоригтой шийдэл, шулуухан арга барил алга. Салхинд хийсэх хамхуул мэт хэт бөөрөнхийлсөн улс төрийг хангалттай хийлээ. Хэнд ч тал алдахгүй гэдэг шиг явдаг энэ мэт улс төрчдөөс одоо салая. Ардын намын дарга хэн болно түүний суганд хавчуулагдаж улс төрд үлдэж сурсан өнөөх л өвөө  нарын нэг мөнөөсөө мөн. 1957 онд төрсөн түүнээс одоо сайн сайхан хөгжлийн бодлого харна гэж горьдоод ч хэрэггүй.

Улс төрөөс холдуулах жагсаалтын тэргүүн эгнээнд бичигдэх ёстой хүмүүсийн нэг бол яах аргагүй УИХ-ын гишүүн Энхболд. 60 тэрбумын гэх хэрэгт нэр холбогдсон ч залуучуудаа золигт гаргаж, өөрөө ард нь сугарч үлдчихээд таг дуугүй суугаа түүнээс  юу ч хүсэх билээ дээ. Улаанбаатар хотын өнөөдрийн өнгө төрхийн буруутанг үе үеийн хотын дарга нараас хайна. Тэр дундаа Энхболд гэдэг улс төрч хамгийн их буруутай гэдгийг хүн бүрийн ярьдаг явган яриа гэрчлэх буй за. Ерөнхийлөгчөөс бусад том алба хашиж үзсэн энхболд яг үнэндээ ямар гавьяа байгуулчихсан вэ гээд асуухаар хариулах хүн ховор. Гавьяа байгуулаагүй атлаа гартаа эрх мэдэл атгачихдаг энэ мэт улс төрчөөс төрийг холдуулах цаг болжээ.

Улсын их хурлын танхимд суугаагүй ч улс төрд амь бөхтэй оршиж байгаа Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Д.Дэмбэрэл 1941 он төрсөн Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн  Н.Багабанди гэх мэт улс төрчдөд албан тушаал өгдөгөө ардын намынхан одоо боль. Тэдэнд монгол төр өргүй. Харин ч тэднээс Монголын төр авлагатай байх шүү.

Ардын намын өвөө нартай зэрэгцээд Ардчилсан нам ын өвөө нарыг ч төрөөс үтэр түргэн холдуулах ёстой. 99 тэнгэр ярьж, элдэв толгой эргүүлэх зүйрлэл хэлдэг Батбаяр гэдэг улс төрчийг ахиж төрд оруулах шаардлага алга. АТГ-т хэрэг нь шалгагдаж байсан Эдийн засаг хөгжлийн сайд асан Батбаяр нарын нөхөд хэргээс мултарч буй сураг дуулдана. Тийм бол бүү өршөө. Тэр ч бүү хэлд төрд дахин бүү оруул. Түүнээс одоо ямар ч бодлого гарахгүй биз.

Нас нь залуу ч арга барил, бодлого нь хөгширч, аль эсвэл түмэн олны итгэлийг хөсөрдүүлсэн хэдэн улс төрч байна. Ерөнхий сайд асан Сайханбилэг. Дубайн гэрээг дураараа хийсний гороор монгол улс хохирч үлдсэн. Оюу толгойн гэрээг цээжээрээ хамгаалдаг сангийн сайд асан Баярцогт. Оюу толгойгоос хангалттай л хувь хүртлээ ш дээ энэ улс төрч гэж олон хүн уулга алддаг нь оргүй зүйл биш биз. Энэ мэт нас нь залуу ч бодлого нь арга барил нь хуучирч тэтгэвэрт суухад буруудахгүй улс төрчийг бүгдийг нь төрөөс холдуулая.

МАН-ын толгойлж буй сэлэм эргүүлэгч Хүрэлсүх ч гэсэн хүлээлтийн үзүүрт албан тушаалд очсон ч ам ажил нь зөрж байгааг харж байна. Хариуцлага гэж цээжээ дэлдэх хэрнээ сэлэмээ эргүүлж албан тушаалтныг суудлаас нь ховхолж арга хэмжээ авч байгаа зүйл алга. Харин ч төрийн албан тушаалтан бүрийг сүржин загнаж, сүрхий үүрэгдэхээс өөрөөр хэтэрсэнгүй. Арга барилаа өөрчилж амаараа хэлснээ ажил хэрэг болгохгүй бол түүнийг ч төрөөс холдуулахад яагаад болохгүй гэж

Сөрөг хүчний намын дарга эрдэнэ гэдэг улс төрчийг ч төрд байлгах шаардлага байхгүй. Нийгмийн даатгалын мөнгөөр хөлжсөн хэмээх явган ярианы эзэн энэ улс төрч 2009 онд шүүхээр орж албан тушаалаа урвуулсан хэмээн анхан шатны шүүхээс буруутгагдаж байсан билээ. Харин өнөөдөр шударга юм ярьж суугаа нь үнэн хэрэгтээ зохихгүй байна.

Албан тушаал авах гэж зүтгэхдээ хэтэрхий шударга зан гаргадаг. Харин суудалд тухлахаараа ярьсан хэлсэнээ мартдаг улс төрчөөс өнөөдөр төрийг цэвэрлэх цаг нэгэнт болжээ. Шинэ цагийн дууг буцаж буй цагийнхан дуулдаггүй гэдэг шиг өөрчлөлт шинэчлэлийн салхийг өвөө нар эхлүүлэхгүй нь тодорхой биз. 2020 оны сонгууль хаяанд ирлээ. Таны өмнөөс төрд гарч түмнээ бодоод төрөө эмхлээд улсаа хөгжүүлээд ураад өгнө гэж амлаж ирсэн өвөө нараас одоо больё. Ажил хийж чадах арга барил нь хуучирч хувалз мэт шимэгч арга барилгүй шинэ цагийн улс төрчдөөр төрөө төвхнүүлэе аээ.