Д.Амарбаясгалан та мартаагүй бол дугаарын хязгаарлалтыг 2 өдөр болгохыг эсэргүүцэж байсан байхаа. Одоо...!!!
Дугаарын хязгаарлалтыг 2 өдөр болгох шийдлийг Нийслэлийн удирдлагууд олжээ. Маш гайхалтай санаа биш гэж үү? Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах шилдэг санаагаар шалгарч, дарга нарын таалалд нийцэж, шийдвэр болон батлагдах гэж байгаа энэ ажил чухам сэтгэж, бодож, шинийг санаачилж чаддаг хүмүүсийн л хийж буй ажил бололтой. Үнэхээр л ухаантай дарга нар Улаанбаатар хотыг удирдаж байгаа болохоор замын түгжрэл дугаарын хязгаарлалтаар л буурчихана гэдгийг маш сайн мэдээд байгаа юм байна л даа.
Аз жаргалтай Улаанбаатар гэх мөрийн хөтөлбөр боловсруулж, нийслэлийн иргэдийн итгэлийг хүлээсэн МАН үнэн хэрэгтээ аль болох л иргэдээ бухимдуулах, асуудлаа шийдэх нэрээр улам бүр асуудал нэмэгдүүлэх гэж оролдох нь тэдний шийлдэг шийдэл, шинэ санаа бололтой. Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэх ганц гарц нь дугаарын хязгаарлалт хэмээн бодож суугаа дарга та үнэндээ л хоцорчихсон сэтгэлгээтэй, шинийг санаачлах чадалгүй нэгэн бололтой.
Монгол Улсын хэмжээнд 700 гаруй мянган авто машин байна. Үүний 500 орчим мянга нь Улаанбаатар хотод бүртгэлтэй. 350 мянган авто машин өдөр тутам замын хөдөлгөөнд оролцдог гэх судалгаа байдаг. Эдгээр машины тоог цөөлөх гэж дугаарын хязгаарлалт явуулах нь үнэхээр зөв шийдэл биш гэдэг нь өнгөрсөн хугацаанд харагдав. Тухайлбал дугаарын хязгаарлалт эхлүүлсэн онд бага зэрэг түгжрэл буурсан ч жил ирэх тусам нэмэгдэж, өнөөдөр яг л өмнөх шигээ болчихлоо. Үүний шалтгаан нь айл бүр машины тоогоо нэмэгдүүлж, нэг машин нь явахгүй байхад нөгөөгөө унадаг болж байна. Тэгэхээр дугаарын хязгаарлалт бол хэсэгхэн хугацааны арга ядсан л шийдэл байх нь.
Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан болон түүний багийн хийж буй авто замын түгжрэл бууруулах дугаарын хязгаарлалтыг 2 өдөр болгох тухай яриа өмнө нь гарч байв. Э.Бат-Үүлийн баг энэ санаачлагыг гаргаж, тухайн үеийн сөрөг хүчин болох МАН-ынхан эрс эсэргүүцэж байлаа. Тухай үеийн НИТХ-ийн МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалангаар толгойлуулсан сөрөг хүчнийхэн улс төржиж, буруутгаж байсан билээ. Тэдний ч зөв байсан. Дугаарын хязгаарлалтыг 2 өдөр болгох яриа нь авто замын түгжрэлийг бууруулах шийдэл биш юм.
Өнгөрсөн онд тэгш сондгойгоор явуулах яриа гарч байлаа. Энэ үед НИТХ-ын төлөөлөгч, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мөн л эсэргүүцэж байсан билээ.
Наад нэг ямар ч судалгаагүй дугаарын хязгаарлалт тэгш сондгойн хязгаарлалт гэдэг балай юм аа одоо боль. Хотын иргэдээр хангалттай тоглож байна наад замын асуудал хариуцсан нөхөд чинь! Ядаж хийх гэж байгаа ажлаа хэдэн сарын өмнө ард иргэдэд мэдэгдээд амьдралаа зохицуулах боломжийг нь олгоод шийдэж байх хэрэгтэй шүү дээ. Иргэдээсээ бас саналыг нь сонсож амьдралд нь аль болох хүндрэл бэрхшээл бага учруулах шийдвэр гаргах хэрэгтэй! Хот гэдэг хотын удирдлагын шийдвэр гэдэг нь гарсан даруйдаа иргэдийн амьдралд шууд нөлөөлдөг гэдгийг байнга санаж бодож тунгаах хэрэгтэй. Зүүн гар тийш эргүүлэхгүй , баруун эргэхийг нээлээ гэх мэтээр богино хугацаанд судалгаагүй шийдвэр гаргаж түүнийгээ хэрэгжүүлж чадалгүй татварын мөнгөөр тоглоод өнгөрснөө санах хэрэгтэй! Замын түгжрэлийг бууруулахаар дугаарын хязгаарлалтад шилжиж байсныг анхнаас нь бид (манай бүлэг 2012-2016) эсэргүүцэж ирсэн.
Дугаарын хязгаарлалт нь хүний наад захын эрхийг бүдүүлгээр зөрчиж байгаа зүйл. Иргэн өмчлөх эрхээ эдэлж чадахгүй атлаа татвараа бүтэн төлдөг балай шийдвэр. Одоо бүр 2 хоногийн хязгаарлалт гэдэг бол аль ч утгаараа гаргаж болохгүй шийдвэр. Энэ буруу шийдвэрийн уршгаар айлын машины тоо нэмэгдсэн үү гэхээс түгжрэл буурч шалиагүйг амьдрал бас харууллаа. Иймд наад дугаар хязгаарлаж асуудал шийднэ гэсэн хөнгөхөн бодлоо толгойноосоо авч хаяад зохицуулах өөр арга бод. Олон нийтээр хэлэлцүүлж саналыг нь ав! Шийдэх гарцууд зөндөө байна.
Жишээ нь: 1. Ажлын цагийн хувиар, хичээлийн цагийн хувиарт тодорхой хугацаанд өөрчлөлт оруулж зөрүүлэх (ид ачаалал 7:30-9:30, 17:30-20:00)
- Он хуучирсан, техникийн шаардлага хангахгүй тээврийн хэрэгслийг хотын хөдөлгөөнд орохыг хориглох (нийтийн эрх ашгийн төлөө нэг хэсэгт таалагдахгүй хүнд шийдвэр байж болно)
- Нийтийн тээвэрт явж байгаа эдэлгээний шаардлага хангахгүй он хуучин автобуснуудыг шууд хэрэглээнээс гаргаж нийтийн тээврийн цагийн хуваарьт зохицуулалт хийж өөрчлөх. ( явах маршрут болон цагийн хуваарь өөрчлөх)
- Таксины үйлчилгээ үзүүлэх эрхгүй мөртлөө ачаалал ихэсгэж байгаа хувийн тэргийг журамлах, торгох, жолоодох эрхийг хаах маягаар хөдөлгөөний ачаалал бууруулах. (3 машин тутмын нэг нь зорчигч хайсан байдалтай түгжрэлд нөлөөлж байгаа, мөн орон нутгийн дугаартай автомашин хотод ирж такси үйлчилгээ хийн мөнгө олдог) гэх мэт саналууд байна. МАН 2012-2016 онд НИТХ-д цөөнх байхдаа иргэдийн эрх ашгийг зөрчсөн шийдвэр гаргаж байсан хотын удирдлагатай иргэдийн эрх ашгийг хамгаалахын төлөө тэмцэж ирснийг бүү мартаарай!
МАН-ЫН ЕНБД, НИТХ-ын төлөөлөгч Д. Амарбаясгалан. 2018/03/28
Ийнхүү мэдэгдэл гаргаж байсан Д.Амарбаясгалан та өнөөдөр яагаад таг болчихов. Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг шийдэх өөр арга, технологи, замыг шинэчлэлийг ярих ёстой болохоос хөдөлгөөнд оролцож буй авто машиныг цөөлөх тухай ярих нь буруу юм. Хотын төвд оруулдаг машин, хотын захаар явдаг машин гэж ялгах ч ёсгүй. Зогсоолоо шийдээгүй байж, машинтай болчихлоо гэж иргэдийг буруутгах ч ёсгүй.
Харин үүний оронд наандаж л уулзвах бүрийн нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлэх ага ухааныг олох ёстой. Явган зорчигч замын хөдөлгөөнийг саатуулдаг гажуудлыг арилгаж, газар доогуур, эсвэл дээгүүр нь явган зорчигчийн гарцыг олноор нь шийдэх цаг болжээ. Энэ мэтээр шийдэл хайхгүй, зөвхөн дугаарын хязгаарлалттай ноцолдох аваас хотыг удирдах хэрэг алга МАН-ынхан.