УС СУВГИЙН УДИРДАХ ГАЗАР ДЭРГЭДЭЭ “ДУСАЛХҮҮ” ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛЛАА

УС СУВГИЙН УДИРДАХ ГАЗАР ДЭРГЭДЭЭ “ДУСАЛХҮҮ” ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛЛАА

Улаанбаатар хотын тулгамдсан асуудлын нэг бол цэцэрлэгийн хүрэлцээ. Өнөөдөр цэцэрлэгт хүүхдээ оруулахын тулд эцэг эхчүүд сугалаанд л найддаг болсон. Цэцэрлэгт орох боломжтой болсон хүүхдээ “азтай” харин сугалаанд хожиж чадаагүй хүүхдээ “азгүй” гэж нэрлэх хүртлээ асуудал болоод байна.

Ийм цаг үед 60 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлж байгаа Ус сувгийн удирдах газраас өнөөдөр хажуудаа цэцэрлэг нээж байгаагаа зарлалаа. Ус сувгийн удирдах газар нь 1959 онд Улаанбаатар хотын цэвэр усыг түгээх, бохир усыг татан зайлуулах статустайгаар байгуулагдаж байсан түүхтэй. Өнөөдөр Ус сувгийн удирдах газар нь Улаанбаатар хотын орон сууц, гэр хорооллын айл өрхүүдэд ундны цэвэр усыг хүргэх, мөн орон сууц, албан байгууллага, үйлдвэрээ гарч буй бохир усыг татан цэвэрлэх үйл ажиллагааг эрхлэн ажиллаж байна. Тус байгууллага нь 1800 гаруй ажилтан албан хаагч, инженер техникийн ажилтантай.

1800 ажилтан, албан хаагчийнхаа цэцэрлэгийн насны бүх хүүхдийг өөрийн цэцэрлэгт хамруулж чадахгүй ч боломжийнхоо хүрээнд  2-5 насны хүүхдийг цэцэрлэгтээ хамруулахаар болжээ. Ус сувгийн удирдах газрын дэргэд байгуулагдсан цэцэрлэг учраас нэмэлтээр Ус чандмань эрдэнэ, Дусалхүү, комик номыг сургалтын хөтөлбөрийн хүрээнд сурч эзэмшихээр болсон байна.  

Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүүгийн санаачлагаар Дусалхүү цэцэрлэг байгулагдаж байгаа юм байна. Тус байгууллага шинэ байранд ормогц Ц.Төрхүү санаачлага гарган хуучин албаны байраа цыэцэрлэгийн зориулалтаар засч, тохижилтыг хийж, ийнхүү өнөөдөр Дусалхүү цэцэрлэгийг албан ёсоор нээж байгаа юм.

Ус сувгийн удирдах газрын дэргэд байгуулагдсан Дусалхүү цэцэрлэг нь 3 дахвар байгууламжтай бөгөөд нэг давхартаа бага анги, хоёр давхартаа дунд, ахлах ангитай, харин гурван давхартаа биеийн тамир болон хөгжлийн анги танхимтай. Дусалхүү цэцэрлэг нь анги дүүргэлтээ хүчин чадалд нь тултал нь ажиллуулахаар бэлтгэлээ хангасан байна.

Улс л цэцэрлэг байгуулах ёстой гэх хэвшмэл ойлголтоос салах цаг болсон. Томоохон аж ахуйн нэгж бүр өөрийн бололцоо, боломжоо ашиглаж ажилчдынхаа хүүхдүүдийг хамруулах цэцэрлэгийн дэргэдээ байгуулах нь зөв. Үүний цаана ажилтан албан хаагчид ажил тарах цагаас өмнө хүүхдээ цэцэрлэгээс авна гэж гүйж гарахгүй, мөн өглөө ажилдаа хоцрох гэдэг ойлголт арилах болно хэмээн Ус сувгийн удирдах газрын удирдлагууд тайлбарлаж байлаа.