Д.Сумьяабазар, У.Хүрэлсүх нар Монголын шатахууны салбарыг Роснефтийн гар өгөх гэж байна
Монгол улсын Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн, эрсдэлтэй аливаа шийдвэрийг төр гаргах ёсгүй. Гэтэл Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан нь 2019 оны 05 сарын 29 өдөр А-97 тоот тушаал гаргахдаа Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд шууд заналхийлжээ.
Тодруулах юм бол ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ДАРГА Б.Баярсайхан А-97 ТООТ тушаалыг 2019 оны 05 сарын 29 өдөр гаргаж РОСНЕФТЬ ХХК-тай концессын гэрээ байгуулах хэлэлцээрийг хийх ажлыг хэсгийг томилжээ. Уг ажлын хэсэг нь РОСНЕФТЬ ХХК-тай яриа байгуулж Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын шатахуун хангамжийн байгууламжийн менежмент төсөл хийхээр ажиллаж эхэлсэн байна.
Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайханы гаргасан дээрх тушаал нь Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн хэд хэдэн заалт, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 7 дугаар зүйл, Концессын тухай хуулийн 20 дугаар зүйлийг шууд зөрчсөн байна.
Дээрх хууль, тогтоомжийг зөрчөөд зогсохгүй Засгийн газрын 2013 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 317 дугаар тогтоол, 2018 оны 7 дугаар сарын 09-ны өдрийн 223 дугаар тогтоолыг мөн зөрчөөд байгаа юм.
Засгийн газрын дээрх тогтоолуудад зааснаар бол Улаанбаатар хотын шинэ нисэх буудлын шатахуун хангамжийн байгууламжийн менежментийг хэрэгжүүлэх төслийг концессоор хийх аж ахуйн нэгжийг сонгохдоо ажлын хэсгийг холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулан байгуулах, Хоёрт: тухайн ажлын хэсэг хууль тогтоомж, журмын дагуу аливаа шаардлагад нийцсэн аж ахуйн нэгжийг сонгох, Гуравт: Ийнхүү сонгогдсон аж ахуйн нэгжтэй хэлэлцээр хийх, Дөрөвт: Хэлэлцээр хийж концессын гэрээ байгуулах тохиромжтой аж ахуйн нэгжийг шалгаруулж, дүгнэлтийг гэрээний төслийн хамт журмын дагуу засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх үүрэгтэй.
Гэтэл Засгийн газрын тогтоолоос давсан эрх мэдлийг эдэлж, 2019 оны 05 сарын 29 өдрийн А-97 дугаартай тушаал нь Олон Улсын Шинэ нисэх буудлын шатахууны байгууламжийн төслийн менежментийг байгууламжийг концессын гэрээгээр байгуулах ажлыг шууд Роснефть гэх зааж өгсөн нь албан тушаалаа урвуулан ашигласан, нэг аж ахуйн нэгжид шууд давуу байдал олгосон шийдвэр юм. Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайханы энэхүү үйлдэл нь ар талдаа итгэсэн албан тушаалтны ойворгон зан гэж Улс төрийн хүрээнийхэн ярьж байна. Учир нь Б.Баярсайхан гэгчийн араас түлхүүрдэж буй хүмүүс нь Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэмээн Үндэсний эрх ашгийн төлөө хөдөлгөөнийхөн хэвлэлийн бага хурлынхаа үеэр мэдэгдэж баайлаа.
Дээрх хууль зөрчсөн тушаалыг, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч танилцаад 2019 оны 09 сарын 2 өдрийн 128/Ш32019/7018 тоот захирамжаар уг тушуулыг түдгэлзүүлэх шийдвэрийг гаргасан байна. Захиргааны хэргийн шүүхэд дээрх тушаал нь олон хууль тогтоомжийг зөрчөөд зогсохгүй, Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний эрсдэл дагуулж буйг анхааруулж Хөдөлмөрийн үндэсний сан гэх байгууллага гомдол гаргасан байдаг. Уг гомдлыг дагуу захиргааны хэргийн шүүхээс түдгэлзүүлэх шийдвэр гаргаад байхад У.Хүрэлсүхийн засгийн газар шүүхийн шийдвэрийг үл тоож Роснефтьтэй хэлэлцээрээ үргэлжлүүлсээр байгаа гэнэ.
Шүүхээс Б.Баярсайхан даргын гаргасан тушаалыг түдгэлзүүлсэн байхад Роснефть-тай концессын гэрээ байгуулахаар ажлын хэсгийг ажиллуулж, гэрээг байгуулахаар зүтгэж байгаагийн цаана Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэд хэдэн эрсдэл тулгарч байгаа гэдгийг Үндэсний эрх ашгийн төлөө хөдөлгөөнийхөн хэвлэлийн бага хурлаараа анхаарууллаа.
Олон улсын шинэ нисэх онгоцны буудлын шатахууны менежментийн төслийг хариуцах аж ахуйн нэгжийг шууд Роснефть-д өгсөн нөхцөлд Монгол улсын агаарын тээвэр шууд нэг улсын төрийн өмчит нэг аж ахуйн нэгжийн мэдэлд шилжих эрсдэлтэй.
Роснефть нь хямд шатахуун нийлүүлнэ хэмээн өнөөдөр амлах боловч үнэн хэрэгтээ хэсэг хугацааны дараа хэт өндөр үнэ өгөх эрсдэл бэлэн байгаа. Ийм нөхцөлд агаарын тээврийн үнэ буурах гэдэг асуудал үлгэр болно. Мөн Монгол улсын агаарын тээврийн шатахууны дангаар хангаж байгаа ОХУ нь аливаа дарамт шахалтыг Монголын төр засагт үзүүлэх өндөр эрсдэлтэй юм.
Үндсэндээ Оросуудад Монголын эрх ашгийг худалдахаар У.Хүрэлсүхийн Засгийн газар улайрч байна. Тодруулбал Д.Сумьяабазар Б.Баярсайхан нар Роснефьт-д Монголын бүх агаарын тээвэр болон бусад газрын тосны худалдааг 100 хувь хараат болохоор тохиролцон зүтгүүлж байгаа нь энэ юм.Уг нь бол монгол улс аль нэг бараа бүтээгдэхүүнийг гаднаас авах бол 30 хүртэлх хувийн худалдан авалт хийх тухай эрх зүйн акт бий.Харин одоо яригдаж байгаа нөхцөл байдлаас авч үзвэл Монгол улсын шатахууны худалдаа нэг улсын ч биш гадны нэг компанийн мэдэлд шилжихээр дүр зураг бий болжээ.Иймээс энэ асуудлыг Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл яаралтай авч хэлцэх шаардлага үүсээд байна гэдгийг Үндэсний эрх ашгийн төлөө хөдөлгөөнөөс анхаарууллаа.
ҮНДЭСНИЙ ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ ХӨДӨЛГӨӨНӨӨС дээрх асуудлаар 2019 оны 11 сарын 22 өдөр хэвлэл мэдээллийнхэнд хандан мэдээлэл хийсэн юм. Уг мэдээллээр дээрх асуудлыг хөндөж тавьсан билээ. Хэвлэлийн хурлыг доорх линкээр орж үзнэ үү.