АН-ЫН ДАРГЫН СУУДЛЫГ АВЧ ЧАДАХГҮЙ БОЛ Н.АЛТАНХУЯГ БУУРЬ СЭЛГЭНЭ

АН-ЫН ДАРГЫН СУУДЛЫГ АВЧ ЧАДАХГҮЙ БОЛ Н.АЛТАНХУЯГ БУУРЬ СЭЛГЭНЭ

Улс төрд он удаан жил гүйж, бас хүрч болох том албан тушаалыг ээлж дараалан хашсан ч одоо л ухаарчихлаа хэмээн гудамжинд гүйхдээ ухаан орсон мэт дүр эсгэдэг олон улс төрч байна. Тэдний тэргүүн эгнэээнд Монгол улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Монгол улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нар зүй ёсоор бичигдэх болно.

Дээрх хоёр улс төрчийн хувьд улс төрөөс холдсон, албан тушаалаа өгсөн, огцорсон шалтгаанаа Ц.Элбэгдоржтой холбон тайлбарлах, түүнд гомдлох, түүнд өш санах мэт үг, үйлдэл бүрийг гаргадаг. Тэгэхээс ч өөр арга байхгүй.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг өвдөг шороодуулж, дараа нь оймсийг нь гозолзуулахад Ц.Элбэгдоржийн оролцоо байсан гэх таамаг бүхий явган яриа улс төрийн хүрээнийхэн дунд хөвөрч байдаг. Үүнийг ч МАХН-ын дарга Н.Энхбаяр өгүүлдэг билээ.

Харин Н.Алтанхуягын хувьд өөрийг нь Ерөнхий сайдаас огцоруулж, албан тушаалыг нь булуусан, бас шударга бусын хонгилоор өөрийг нь болон өөрийнх нь хамаарал бүхий хүмүүсийг чирэх үйл явцын цаана Ц.Элбэгдорж байсан гэх утга бүхий ярилцлага, тайлбар зэргийг хэд хэдэн удаа өгч байсан билээ.

АН-ын даргын сунгаанд өвдөг шороодож, С.Эрдэнэ гэдэг улс төрчтэй нөхөрлөх гэж хэд хэд оролдоод бүтэл олоогүй Н.Алтанхуяг нэг талдаа гарав бололтой. Нэг мөр зүтгээд С.Эрдэнэ гэдэг улс төрчөөс намаа авна гэж улайрч эхэллээ. Өнөөдөр түүний хүмүүс мэдээлэл хийнэ. АН дотор байдаг томоохон Алтан гадас гэх фракцыг тэргүүлдэг Н.Алтанхуяг намын даргын суудлыг авах гэж том мөрөөдөж буй. Гэхдээ энэ боломж тун хомс.

Н.Алтанхуяг шууд намын даргын суудлыг авна гэж чичрэхээсээ өмнө өөр бодлыг тээж буй биз. Нэн тэргүүнд Н.Алтанхуяг АН-аас олон тойргийг өөрийнхөө хүмүүст авах гэж зүтгэнэ. Эс бөгөөс намын даргын суудлыг ганхуулах гэж оролдоно. Түүнд нэг том дэмжлэг байгаа нь Ерөнхийлөгч Х.Баттулга. Х.Баттулгын хувьд АН болон ШИНЭ гэх хоёр намыг удирдан чиглүүлэхийг хүсч буй. Гэвч АН-ын дарга С.Эрдэнэ гэдэг хүн Х.Баттулга гэдэг хүнтэй учир зүйгээ олохгүй, хоёр тийш хараад удаж байна. Иймд энэ асуудлыг шийдэхийн тулд Х.Баттулга ерөнхийлөгч АН-ыг С.Эрдэнэ гэдэг хүнээс салгахын тулд Н.Алтанхуягыг алга ташин дэмжиж суугаа нь гарцаагүй юм.

АН-ын дүрэм ёсоор бол С.Эрдэнэ барагтай л бол суудлаасаа өндийхөөргүй болсон гэх юм билээ. Ийм нөхцөлд Н.Алтанхуяг, Х.Баттулга нарын хүсэл хязгаарлагдах магадлалтай. Тэр нөхцөлд Н.Алтанхуяг алтангадас фракцын нөхдөө дагуулаад “НЭГДМЭЛ МОНГОЛ” хөдөлгөөнөө туг болгож ШИНЭ намтай эвсэл байгуулан сонгуульд орох магадлал тун өндөр юм.