ШИНЭ ХОНГИЛЫН ШИНЭ ШҮҮГЧ НАР БИЙ БОЛСОН УУ?

ШИНЭ ХОНГИЛЫН ШИНЭ ШҮҮГЧ НАР БИЙ БОЛСОН УУ?

Улс төрд үүссэн МАНАН арилж, тэнгэр цэлмэх тухай итгэж явсан зон олон өнөөдөр эгдүүцэж, эрх ашгаараа хүлэгдсэн улс төрчдөд бухимдаж байна. Шударга 5 гишүүн хэмээн цоллож байсан УИХ-ын гишүүд М.Энхболд гэдэг хүнийг УИХ-ын даргаас огцруулсан болоод л амаа хамхив.

УИХ-ын даргын суудлаас М.Энхболдыг ховхлох юм бол төр цэвэршиж, түмэн олон тайван амьдрах гээд байна хэмээн чанга хашхирч байсан улс төрчдын зарим нь албан тушаалд тухалж, ард олноо мартчихлаа.

Шударга бусын хонгилыг нурааж, шинэ цагийн өнгө төрхийг авчрах тухай ярьж байсан нь худал болж харин шинээр шударга бусын хонгилыг үүсгэх эхлэлийг тавьж өгс өн бололтой.

Монгол улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нэгэн ярилцлагад орохдоо Шударга бусын хонгил бүрэн нураагүй. Шударга бусын хонгилын эзэд солигдсон тухай өгүүлсэн. Н.Алтанхуягын хэлж байгаагаар бол өнөөдөр Шударга бусын хонгилын түлхүүрийг Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нар атгаж буй гэнэ.

Саяхан хачирхалтай нэгэн томилгоо болов. Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргаар Батбаяр гэх өмгөөлөгч залуу томилогдлоо. Иргэний хөдөлгөөний намыг УИХ-ын гишүүн Ж.Батзандантай үүсгэн байгуулж, Ерөнхий нарийн бичгийн даргаар нь ажиллаж явсан энэ эрхэм яагаад гэнэт л ногоон гэрэл, цагаан шугамаар Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга болчхов.

Үүний цаана өнөөх шинэ хонгил ажиллаж эхэлсэн юм биш биз гэх хардлага улс төрийн хүрээнд өрнөж эхэллээ. Үүнийг илтгэх мэт шил шилээ дарсан шүүх хурал болж, шийдвэр гарч эхлэв.

Тухайлбал 60 тэрбумын гэх Ц.Сандуй, А.Ганбаатар нарын хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу, шүүгчээр Ч.Отгонбаяр, Ц.Мөнх-Эрдэнэ нар шүүсэн. 2002 оны Эрүүгийн хуулийн 82,1 гэх зүйл ангиар Ц.Сандуй нарыг улсын яллагч буруутгаж байв. Харин шүүгч нарын зүгээс дээрх зүйл ангиар яллах боломжгүй учир улсын яллагчийн оруулж ирсэн зүйл ангийг өөрчилж 2015 оны эрүүгийн хуулийн 14,9 буюу сонгууль будлиантуулсан гэх зүйл ангиар 4 жилийн ял оноов. Үүний цаана хуульчид гайхаж, хуулийн салбарынхан гүн шоконд оров.

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад 2 жилийн хорих ял онооллоо. Түүнийг хүчингийн хэрэг үйлдэхийг завдсан гэх гэмт хэрэгт буруутгав. Үүний цаана улс төрийн хэлмэгдүүлэлт, олон нийтэд түгээсэн буруу ойлголтоо баталгаажуулах гэсэн явуулга, төрийн хайч явчихлаа хэмээн МАН-ын залуус өгүүлэх боллоо.

Дээрх хоёр хэргээс харахад шүүхийн шинэчлэл нь шударга бус харин нэг хэсэг бүлэг хүний эрх ашгаас нөгөө хэсэг бүлэг хүний эрх ашгийг хамгаалахад чиглэсэн болох нь тод харагдаж байна хэмээн улс төрийн хүрээнийхэн өгүүлэх боллоо.