Монгол ардын намын түүхт 100 жилийн ой 2021 онд тохиох ёстой. Энэхүү ойгоо МАН ялалтаар угтаж, тэмдэглэн өнгөрүүлэхээр өөр хоорондоо ярьж буй сурагтай. Гэвч 100 жилийн ойгоороо тус нам байх уу эс байх уу гэдэг асуулт урган гарч эхлээд байна.
Саяхан Баянгол дүүргийн анхан шатны шүүхээс Ц.Сандуй, А.Ганбаатар нарт 4 жилийн хорих ял өгсөн билээ. Шалтгаан нь 2016 онд сонгууль будилаантуулах гэсэн хэмээх зүйл заалт. Нэг үгээр хэлбэл 60 тэрбумын гэх бичлэг нь сонгууль будилаантуулах гэсэн оролдлого хэмээн шүүх үзсэн хэрэг. Хэрэв шүүх үнэн зөв шийдсэн хэмээн үзэх юм бол сонгуулийг будилантуулсан гэх бурууг МАН үүрэх ёстой.
Ц.Сандуй нь Нийслэлийн МАН-ын даргаар ажиллаж байсан. 2016 оны сонгуульд Нийслэлийн МАН ялалт байгуулсан нь Ц.Сандуйгийн гавьяа хэмээн тухайн үед намынхан нь ам уралдан магтаж байсан билээ. Тэгвэл сонгууль будилантуулсан гэх үндэслэл нь шууд л МАН-тай холбогдох учиртай. Шүүхийн шийдвэр ёсоор бол МАН-ыг татан буулгах хангалттай шалтгаан бий болчихлоо гэсэн үг.
100 жилийн ойгоо тэмдэглэх тухай бодож суугаа МАН-ынхан харин намаа хэрхэн татан буулгах тухайгаа нэн тэргүүнд бодох учиртай юм. Нам нь татан буугдах шалтгааныг нь шүүх гаргаад өгчихлөө. Одоо харин шүүхийн шийдвэрийг биелүүлж МАН татан буугдах ёстой. Тэд өөрсдөө татан буугдахгүй бол өрөөл бусад нь татан буулгах нь зөв бизээ.